Ноосны урамшуулалд 29.4 тэрбумыг олгожээ

Хуучирсан мэдээ: 2012.12.26-нд нийтлэгдсэн

Ноосны урамшуулалд 29.4 тэрбумыг олгожээ

Ноосны урамшууллаар энэ жил 14700 тонн ноосонд  29.4 тэрбум төгрөгийг 103 мянган малчин, мал бүхий этгээдийн дансанд шилжүүлсэн тухай Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ. Өөрөөр хэлбэл, энэ жилийн ноосны урамшууллыг авах ёстой байсан малчид урамшууллаа авсан юм байна. Монгол Улсын Засгийн газраас 2011 оноос ноосоо бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан малчдад кг тутамд 2000 төгрөгийн урамшуулал өгдөг болсон юм. Үүнтэй холбоотойгоор ноосны үйлдвэрлэл 2-3 дахин өсчээ. Энэ жил бэлтгэсэн ноосны 90 орчим хувийг үндэсний үйлдвэрүүд авсан байна. Ингэхээр үйлдвэрүүдэд дөрвөн улирлын туршид үйлдвэрлэлээ таслалтгүй явуулах, жижиг цехүүд үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой болж буй. Тухайлбал, тодорхой урамшуулал авснаар өрхийн үйлдвэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байсан бол дунд үйлдвэр рүү шилжилт явагдаж, дэвшил гарч байгаа ажээ.

2013 онд ноосны урамшуулалд зориулж 25 тэрбум төгрөгийг төсөвлөсөн нь багадах хандлагатай байгаа бөгөөд он гараад тодорхой шинэчилсэн судалгаа гарвал төсвийг тодотгох боломжтой тухай салбарынхан нь дүгнэж байна. Ийнхүү малчид ноосны урамшууллаа Хүний хөгжил сангаар Сумын мал эмнэлэг, үржлийн тасаг, аймгийн захиргаа, Мал хамгаалах сангаар дамжуулан хүлээн авдаг байсан бол дараа жилээс малчид хоршоололд нэгдэж урамшууллаа авах юм байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж