Филиппинд галын улмаас 5000 хүн орох оронгүй болжээ

Хуучирсан мэдээ: 2012.12.26-нд нийтлэгдсэн

Филиппинд галын улмаас 5000 хүн орох оронгүй болжээ

Филиппиний Сан Юан хотын захын дүүрэгт өчигдөр гал түймэр гарснаас 5000 хүн орох оронгүй болжээ. Үүний зэрэгцээ  түймэрт орон гэрээ алдсан хүмүүс гудамжид цуглан үймж байх үед гал гарсан дүүргийн нэг эрэгтэй оршин суугчийг хөршүүд нь гал тавьсан хэмээн гүтгэн хашгирснаас сэтгэл санааны гүн цочролд орсон оршин суугчид өнөөх эрэгтэй рүү дайрч, түүний амийг хөнөөсөн байна. Түүнчлэн уурлаж бухимдсан оршин суугчид галыг унтраахаар ажиллаж байсан гал сөнөөгчид рүү дайрч, мод, чулуу зэрэг гарт тааралдсан зүйлсийг шидсэнээс хоёр гал сөнөөгч хүнд гэмтэж бэртжээ. Мөн энэ үеэр 13 оршин суугч гэмтсэн байна.

Оршин суугчдын дунд гарсан үймээн самууныг хотын цагдаа нар ирснээр намжааж чаджээ. Одоогоор хотын албаныхан галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа ба урьдчилсан байдлаар хүүхдүүд лаагаар тоглосноос, эсвэл цахилгааны гэмтлээс болж гал гарсан хэмээн дүгнэсэн байна. Харин уурссан олны гарт хилсээр үрэгдсэн эрийн тухайд гал ч тавьж чадахааргүй согтуу байсан нь хожим тогтоогдсон байна. Мөн түүнийг зодож, амийг нь хөнөөсөн хэрэгт цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлжээ. Урьдчилсан байдлаар захын дүүрэгт  гарсан гал түймэрт найман хүн шатаж нас барсан гэх мэдээлэл байна.   Хотын гал унтраах албаныхны мэдээлснээр оршин суугчдын ихэнхи нь Зул сарын баяр тэмдэглээд согтуу байсан тул үймээн гаргаж, гал унтраах ажиллагаанд саад учруулсан байна. Одоогоор галын улмаас орон гэрээ алдсан хүмүүсийн заримыг нь хотын дунд сургуульд байрлуулж, үлдсэн хэсгийг нь сагсан бөмбөгийн задгай талбайд майхан барьж оруулжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж