Европын холбооны хувьд өнгөрч буй 2012 он евро мөнгөний хямралын жил болов. Евро бүс задарна, евро мөнгө сүйрнэ гэсэн яриагаар дүүрэн жил байлаа. Харин ч хямрал Европыг нягтруулан бэхжүүлж өглөө гэж жилийн онцлох үйл явдлаа гаргасан Германы DW агентлагийн шинжээчид дүгнэж байна.
Европын холбооны (ЕХ) орнуудын хямралын эсрэг саммитууд 2012 оны турш шил дараалан явагдлаа. Арванхоёрдугаар сарын эхээр дотоодын зөрчилдөөн нь дээд цэгтээ хүрсэн мэт байв. Шийдэгдээгүй олон асуудлууд үлдлээ. Харин евро мөнгө жилийн эхэнд байсан шигээ суларсан биш харагдаж байна.
Дэлхийн бодлогод зориулах цаг, хүч үлдсэнгүй
Ангела Меркель
Өрийн хямрал, нэн түрүүнд Грекийн байдал нь Сирийн иргэний дайн, Ойрхи Дорнодын сөргөлдөөний хурцадмал байдал, Египетийн үймээн мэтийн гадаад бодлогын бүхий л сэдэв хойш тавигдлаа. Европын бүтцэд Серби зэрэг хуучин Югославын орнуудыг интеграцлах чухал асуудал ч зохих ёсны анхааралд байсангүй.
Хорват ойрын үед ЕХ-нд орж ирнэ. Харин Сербийг элсүүлэх цаг нь болоогүй, эдийн засгийн талаарх мэдээ, мөн улс орных нь өрсөлдөх чадварыг нарийвчлан авч үзэх ёстой гэж ЕХ-ны сүүлчийн саммит дээр Германы канцлер Ангела Меркель (Angela Merkel) хэлсэн юм. Харин одоо бол бүх анхаарал евро мөнгийг тогтворжуулахад чиглэгдэж байгаа билээ.
Хамгийн муу нь ард үлдэв
Хямралын оргил үе нь өнгөрсөн бололтой байна. Тэр нь өнгөрч буй оны хавар байлаа. Еврокомиссийн тэргүүн Жозе Мануэл Баррозу тэр үед “европ төсөл болон түүнийг хэрэгжүүлэх нь эргэлт буцалтгүй” гэдэгт найдвар тавихгүйг уриалж байлаа. Залуу хүмүүсийн дунд ажилгүйдэл өндөр төвшинд байгааг Европарламентын дарга Мартин Шульц (Martin Schulz) “ичгүүрийн” гэж нэрлээд “Европын ардчиллыг үндсээр нь тас цавчиж байгаа сүх” хэмээн тодорхойлсон байлаа.
Хамгаас илүүтэй сануулга, болгоомжлол, зэмлэл Грекийг чиглэж байна. Афин тусламжийн хоёр дахь хэсгийг авч, зээлдүүлэгч нар нь зарим шаардлагаас ухрав. Зөвхөн намар л Грек хэмнэлтийн болон шинэчлэлийн баталгаатай төлөвлөгөөг Брюссельд гаргаж өглөө.
Грек евро бүсээс гаргах ёстой гэсэн шаардлага Германд энэ хавраас гарч эхэлсэн юм. Австрийн Сангийн сайд Мариа Фектер тавдугаар сард Грект хандан ЕХ-ноос гараад дахин элсэх өрөгдлөө өгөх санал тавьж байв. Тэгвэл л бусад орнууд нь Грек ЕХ-нд элсэх шаардлагыг хангаж байна уу гэдгийг харах ёстой гэж сайд үзсэн байлаа. Тэр нь Грек евро бүсэд элсэхдээ өөрийн санхүү, эдийн засгийн талаар хуурамч мэдээлэл өгсөн гэх санааг цухалзуулсан байж болох юм.
Европын Төв банк аврах цагираг хаяв
Еврог аврах чиг хандлага зуны үед эрс өөрчлөгдлөө. Европын Төв банкны (ЕТБ) тэргүүн Марио Драги өртэй орнуудын үнэт цаасыг хязгааргүйгээр худалдан авч, тэдний хүүг буулгана гэж гэнэтхэн зарлав.
Германы Холбооны банкны ерөнхийлөгч Йенс Вайдман (Jens Weidmann) өнөөг хүртэл ЕТБ нүгэл хийлээ гэж үзэж байгаа бол бусад нь өртэй улс оронд улстөрчийн өгч чадаагүй аврах цагирагийг Грект хаяж өглөө гэсэн юм. Зургадугаар сарын саммит дээр хагарал гарах шахлаа. Францын шинэ сонгогдсон ерөнхийлөгч Франсуа Олланд Италийн тэр үеийн ерөнхий сайд Марио Монти хоёр хатуу хэмнэлтийн батлагдсан төлөвлөгөөгөө зөөлрүүлж чадав. Тоймчид хатуу хэмнэлтийг дэмжигч Ангела Меркельд ялагдал өгч байлаа.
Европын улс төрд “мөсжилтийн эрин” ирлээ гэсэн яриа ч гарав. “Ангела Меркель, эсвэл Олланд Монти хоёр уу, Европын өмнөд нь үү, хойд хэсэг нь үү гэх хэн нь ялсан талаар бид маргасаар байвал Европын хямралаас гарах замыг бид олж чадахгүй” гэсэн өөдрөг биш дүгнэлтийг Европарламентын “ногоонтнуудын” жигүүрийн дарга нарын нэг Ребекка Хармс (Rebecca Harms) тэр цагаар хэлж байв.
Бүгд нэг завинд хөвөхөд хажуугийн дэмийг мэдэрдэг
ЕХ-д Нобелийн энх тайвны шагналыг энэ намар олгов. Тэр нь сэтгэл санаанд дэмжлэг болно гэхээр байлаа. Гэтэл европчууд арваннэгдүгээр сард ирэх жилийнхээ төсвөөр тохиролцоонд хүрсэнгүй. Грект зээлийн ээлжит хэсгийг олгох талдаа ч зөвшилцөө гаргасангүй. Евро мөнгийг аврах цаашдын хандлага ч яригдаагүй. Зөвхөн Зул сарын өмнөх өдрүүдэд л европчууд нэг завиар хөвж байгаагаа ойлгоцгоов.
Өдгөө хэн ч евро бүсэд бүх орнуудыг хадгалан үлдэх ёстой, евро бүсийг зардруулахгүй байх ёстой, хүчирхэг орнууд нь сул орнууддаа туслах ёстой гэсэн сэдэвтэй хэн ч маргахгүй болжээ. Хариуд нь өр ихтэй орнууд заавал шинэчлэл явуулах ёстой болж байна.
Брюссель хөтөлбөрийн үгээ хэлэхдээ Германы канцлер Ангела Меркель “аюултай нөхцөлд хамтын хүчин чармайлт гаргахгүй бол ЕХ нь дэлхийн бусад төвүүдтэй өрсөлдөх чадвараа алдана. Хэрэв асуудлыг шийдэхгүй бол европчууд ирээдүйд хангалуун амьдралаа алдаж болохыг” заасан байв. Гэхдээ хамтын мөр нийлэн зэрэгцсэн мэдрэмж тэр болгонд байхгүй. Үндсэрхэг чиг хандлага зарим орнуудад хүчээ авч байна. Гэлээ ч гэсэн 2012 он нь европчуудад тэд нэг завинд явж байгаа гэсэн ойлголтыг өглөө.