“Оны хүн” өргөмжлөлөө гардаж авлаа

Хуучирсан мэдээ: 2012.12.26-нд нийтлэгдсэн

“Оны хүн” өргөмжлөлөө гардаж авлаа

Мэдээллийн News агентлаг Монгол Улсын баатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Эрдэнийн Бат-Үүлийг “Оны хүн”-ээр нэрлэсэн билээ.
News агентлаг тухайн жилийн олны анхаарлыг хамгийн их татсан хүнийг “Оны хүн”-ээр онцолдог уламжлалтай. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд Ардчилсан намыг удирдан оролцож, ялалт байгуулсан Э.Бат-Үүлийн хотын түгжрэлийг зохицуулах, барилгын салбарыг цэгцлэх гэх мэт гаргасан шийдвэрүүд олны анхаарлыг татаж, цаашид хийхээр амласан ажлууд нь ч хүлээлт үүсгээд байгаагийн хэрээр энэ жил тэр олны анхаарал татсан хүн байлаа.

News агентлагийн “Оны хүн”, Монгол Улсын баатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнөөдөр манай агентлагт зочлон, “Оны хүн”-ий өргөмжлөлөө гардан авлаа. Тэрээр ийнхүү Оны хүнээр тодруулсанд талархаж буйгаа илэрхийлээд Улаанбаатар хотыг иргэдийн амар амгалан, байдлыг хангасан хот болгохоор хичээн ажиллахаа илэрхийлж байлаа.

“NEWS” агентлаг өмнөх жилүүдийн “Оны хүн”-ээр тухайн жилдээ 69 дэх их аварга болж, дэлхийн анхаарлыг татсан сумогийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж, өндөг шиг эмзэг анхны Эвслийн Засгийн газрыг тэргүүлж байсан өдгөөгийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, сумогийн ертөнцөд монголчуудын алдрыг дахин цууриатуулсан их аварга Хакухо М.Даваажаргал, тухайн үеийн МАХН-ын дарга  М.Энхболд, намынхаа нэрийг солих түүхэн шийдвэр гаргасан МАХН-ын дарга Сү.Батболд, Монгол поп урсгалыг санаачлан, рок попынхны дундаас, магадгүй урлагийн ертөнцөд хамгийн залуудаа Төрийн соёрхол хүртсэн дуучин Д.Болд  нарыг тодруулж байсан билээ.

Э.Бат-Үүл 2008 онд мөн манай агентлагийн “Оны хүн”-ээр нэрлэгдэж байсан юм. Тухайн үедээ 2008 оны 7 дугаар сарын 1-ны дараах хүнд нөхцөл байдалд ард иргэдээ хүлээцтэй байхад уриалан дуудаж, улс төрийн нам хүчнүүдийг эвлэрүүлэхийн төлөө байсан түүний шийдвэрийг үнэлэн оны хүнээр тодруулсан билээ.

 Мөн сонирхуулахад  “Ардын эрх” сонин  редакцийн сэтгүүлчдээсээ гадна тус сонинд байнга нийтлэл бичин байр сууриа илэрхийлдэг гадны бичигчдээс “Оны шилдэг нийтлэлч”-ийг шалгаруулахад тухайн үеийн УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл “Монголын ардчилалд одоо л бодит аюул тулгарч байна” хэмээх цуврал дөрвөн нийтлэлээрээ “Ардын эрх” сонины шилдэг нийтлэлийн шагналыг гардаж байсан билээ.

Гэр хорооллыг барилгажуулах, нийслэлийн нийтийн тээврийг цэгцэлж метро байгуулах, замын түгжрэлийг бууруулахын тулд зөвхөн автомашины дугаараар хязгаарлан зохицуулах бус цаашид түгжрэлийг халахын тулд хотын дэд бүтцийг сайжруулах, гүүрэн зам, гүүрэн гарц, давхар зам байгуулах гээд олон ажил түүнийг хүлээж буй. Тиймээс энэ олон ажлын эхлэл олны анхаарлыг татаж байсанчлан биелэл нь олон нийтдээ үр өгөөж дагуулах болтугай.

News агентлаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж