Оюутолгойн санхүүжилт нэмэгдсэн шалтгааныг тодруулна

Хуучирсан мэдээ: 2012.12.26-нд нийтлэгдсэн

Оюутолгойн санхүүжилт нэмэгдсэн шалтгааныг тодруулна

Оюутолгой дахь Баяжуулах үйлдвэр ашиглалтад орох хүртэл нийт хөрөнгө оруулалтын зардал техник эдийн засгийн үндэслэлд /ТЭЗҮ/ зааснаас 47 хувиар буюу хоёр тэрбум ам.доллараар нэмэгдэж, 6,5 тэрбум ам.доллар болсон тухай Уул уурхайн сайд Д.Ганхуяг мэдээллээ.

“Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Монголын талын гишүүд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд зардал нэмэгдэх бүрт гэрээнд заасан заалт зөрчигдөж байгааг хөндөж ирсэн. Гэхдээ хөрөнгө оруулагч талаас өнөөдрийг хүртэл тодорхой хариулт өгөөгүй байна.

“Үүнийг тодруулахгүй бол гэрээ зөрчсөн, хууль зөрчсөн болно. Чухам ямар учир шалтгаанаар зардал өссөнийг тодруулсны дараа асуудлыг ТУЗ-ын төвшинд биш хөрөнгө оруулагчдын төвшинд ярих болно” гэж Уул уурхайн сайд News.mn-д хэллээ.  Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээрх асуудлыг хэлэлцэж эхэлсэн байна. 

Гэрээнд заасны дагуу төлөвлөсөн зардал нэмэгдсэн тохиолдолд ТЭЗҮ-д өөрчлөлт оруулах ёстой. Зардал өссөний хэмжээгээр Монгол Улсад орох татварын орлого буурна гэж Уул уурхайн яам үзэж байна.

Б.ХАЛИУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж