Гадаадын хөрөнгө оруулалтын хуульд өөрчлөлт оруулна

Хуучирсан мэдээ: 2012.12.26-нд нийтлэгдсэн

Гадаадын хөрөнгө оруулалтын хуульд өөрчлөлт оруулна

УИХ-аас өнгөрсөн тавдугаар сард баталсан Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулахаар болсон тухай Уул уурхайн яамнаас өнөөдөр мэдээллээ. Тус хуульд тусгаснаар Монгол дахь стратегийн ач холбогдох бүхий салбарт 100 тэрбум төгрөгөөс дээш үнийн дүн бүхий хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрөл авахаар тусгасан. Харин Уул уурхайн яамнаас дээрх 100 тэрбум төгрөгийн босгыг 3-4 дахин нэмэгдүүлэх санал гаргах гэж буй тухай Уул уурхайн сайд Д.Ганхуяг News.mn-д мэдээлэв. Түүний хувьд 100 тэрбум төгрөг гэдэг нь дэндүү бага гэж үзэж буй юм байна.

Мөн Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд тусгасан Засгийн газрын зөвшөөрөл олгох 45 хоногийн хугацааг ч өөрчилж магадгүй гэнэ. Ямартай ч уг хуульд өөрчлөлт, нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, хууль хэрэгжүүлэх журмыг Уул уурхайн яам боловсруулж байгаа гэлээ.

Б.ХАЛИУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж