
Сэтгүүлчид энэ үдэш “мөрөөдлийн хөлөг онгоц”-оор аялж Парист дуучин Нарангийн ая эгшгийг сонсч, Маяами арал дээр дуучин Т.Ариунаатай бүжиглэж, Антарктидад “Sweetymotion”-ийн гурван цасан охинтой бүжиж, “Чингис хаан”-ы Жаргалсайхантай дуулж, “Хурд” хамтлагийнхантай хуучин оноо үдэж, эрх чөлөөний Ибизад DZ man-тэй цэнгэн хөгжилдөж, халуун цэг Иракт “Бөртэ чоно үрс”-тэй бүжиглэв. Ийн сонин, сэтгүүл, радио, телевиз, мэдээллийн сайтынхан нэгэн үдэш цугларч шилдгүүдээ шалгаруулан “Мөрөөдлийн хөлөг онгоц” дээр “Болор үзэг”-эн хур буулаа. Энэ үдшийн хамгийн дээд шагнал “Киа” маркийн автомашиныг МҮОНРТ-ийнхэн “Эгэл амьдралын мөр” нэвтрүүлгээрээ хүртсэн юм. Басхүү энэ үдшийн хамгийн сонирхолтой өвлийн өвгөн нь зохиолч, сэтгүүлч Б.Галаарид байлаа. Монголын сэтгүүлчдийн эвлэлийн тэргүүн тэрээр эгээ л Монголын албан ёсны өвлийн Гомбосүрэн агсан, халааг авсан Хасар Жагаа нар шиг буурал сахал, цагаан нөмрөг намируулж, баярын мэндчилгээг шүлэглэж байлаа. Бас болоогүй ээ “Sweetymotion”-ийн гурван бүсгүйг цасан охиноо болгочихсон. Өвлийн өвгөн-Монголын сэтгүүлчдийн эвлэлийн тэргүүн ирж буй 2013 онд сэтгүүлчиддээ олон олон бэлэг барих болтугай.













