МАХН-ын Хяналтын хорооноос мэдээлэл хийв

Хуучирсан мэдээ: 2012.12.26-нд нийтлэгдсэн

МАХН-ын Хяналтын хорооноос мэдээлэл хийв

МАХН-ын Хяналт, ёс зүйн хорооны дарга Г.Давааням өнөөдөр сэтгүүлчдэд МАХН-ын дарга Н.Энхбаярын талаар мэдээлэл хийлээ.

Уг мэдээллийн эхэнд МАХН-ын даргын эрүүл мэндийн байдлын талаар ярилаа.  МАХН-ын дарга Н.Энхбаяр дарга хуурай өлсгөлөнгийн дараах бодисын солилцооны архаг түгмэл хямралын хам шинж, тархины хүчилтөрөгч дутлын уналт  таталт, захын олон мэдрэлүүдийн эмгэгшил баруун тахилзуурын мэдрүүлийн саажилт зэрэг олон хам шинжийн өвчний оноштой эмчлүүлж байгаа гэдгийг тэрбээр дурдаж байв.

Мөн “Өлгийтэй нялхсаас, өтөл буурал хүртэлх хүмүүсийн нуруун дээр данхайтал дарж байсан 70 жилийн түүхтэй ЗХУ-ын их өрийг 250 сая ам.доллараар тэглэж Монгол Улсыг дэлхий дахинд өргүй улс гэдгийг тунхаглан зарлаж, зээл тусламж, хөрөнгө оруулагчдын урсгалыг татаж, хөгжил далласан нэрт удирдагч бол Н.Энхбаяр.  Мянганы замыг санаачилж, Мянгуужингийн биш хөгжлийн зам болгосныг чихтэй нь сонсч,  нүдтэй нь харсан. Монгол цэргийг  НҮБ-ын энхийн үйл ажиллагаанд  оролцуулах болсоноор нэгэн цагт дэлхийг донсолгож явсан монголчууд, дэлхий дахинд энхийг сахиулах үйлсэд оролцон, түүхэн үүрэг гүйцэтгэж монгол цэргийн нэрийг дуурсгаж, гавьяаг мөнхөлж явна. Н.Энхбаяр дарга Мянганы сорилын сангийн 287 сая ам.долларыг оруулж ирснээр хэд хэдэн төсөл хөтөлбөр хэрэгжиж, ард түмэн үр шимийг нь хүртэж, хөгжил дэвшилд хүч нэмж байна. Газар хувьчлал, сурагчдын үдийн цай  гээд энэ хүний санаачилсан хэрэгжүүлсэн бүхнийг тоочвол цаг цаас хүрэхгүй.

Гэтэл энэ хүнд ял тулгаж, 1000 шахам  цагдаагаар бүслүүлж байгаад “Тусгайгийнхан ” гэх нэртэй баг зүүсэн хүмүүсээр хүмүүн бусаар баривчилсан. Энэ хүний хийсэн бүтээсэнд атаархагчид, албан тушаал горлигчдын олигархи бүлэглэл хуйвалдан , хилс хэрэг тохсон юм” гэлээ. Мөн МАХН-ын даргыг хордуулсан байж магадгүй, дөрөвдүгээр сард  баривчлахдаа амь насанд нь халдах сэдэлтэй ч байсан байж мэднэ хэмээн сэжиглэдгээ дахин дурдав.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж