Харин хүүхдүүд дуу дуулж, шүлэг уншиж, нэг өдрийг баяр, баясгалантай өнгөрүүллээ. Асрагч, сувилагч, эмч нар ч бас хүүхдүүдтэй хамт хөгжилдөв. Энд ажилладаг хүмүүс өөрсдөө бараг л хүүхэд шиг ажээ. Хүүхдүүдтэйгээ хамт дуулж, бүжиж, тоглож байсан юм. Дөрөв, таван настай хүүхэд дуулж, бүжиглэхэд хэн ч гайхахгүй. Харин дээд тал нь хоёр настай хүүхдүүд хэрэндээ л дуу дуулаад, бүжиглэж байгааг харахад үнэхээр өхөөрдөм юм билээ. Зарим нь инээлдэн, баярлаж байхад зарим бяцхан хүүхдүүд уйлж байлаа. Тэд чанга дуу, хөгжим, олон хүнээс айсан бололтой юм. Түүнчлэн тус төвийн ажилтнууд үлгэрийн баатрын дүрд хувилж, хүүхдүүдээ баярлуулж байлаа. Тус төвийн удирдлагууд жил бүр ийнхүү хоёр удаа шинэ жил хийдэг аж. Эхнийхээр нь өөрсдөө баярлаж, хоёр дахид нь хүүхдүүдээ баярлуулдаг гэнэ. Энэ жил хүүхдүүдийн биеийн байдал сайн, өсгөлүүн, торниун, сайхан байгааг эмч нар хэлж байв. Хүүхдүүдийг гурван нас хүртэл асран халамжилдаг байсныг энэ жилээс эхлэн хоёр нас хүргээд, улсын харьяа асрамжийн газар, цэцэрлэгүүдэд шилжүүлдэг болжээ. Хэдийгээр хоёр нас хүртэл нь байлгаж, асран халамжилж, эмчилдэг хэдий ч одоогоор энд 5-13 хүртэлх насны есөн хүүхэд байгаа аж. Тэд хөгжлийн бэрхшээлтэй, мөн сэтгэцийн эмгэгтэй байдаг учраас улсын харьяа байгууллагууд хүлээж авдаггүй гэнэ. Сэтгэцийн эмгэг судлалын үндэсний төв рүү шилжүүлэх боломжтой. Гэхдээ хүүхдүүдийг аль болох тийш нь явуулахгүй байхыг хичээн сувиллын төвдөө асрамжилдаг ажээ. Багадаа эцэг эхдээ хаягдсанаасаа болж эрэмдэг зэрэмдэг, эсвэл сэтгэцийн гажигтай болон өсдөг бололтой. Улсын харьяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургууль, цэцэрлэг бий. Харин хөгжлийн бэрхшээлтэй дээрээ сэтгэцийн эмгэгтэй гэвэл сургуулийн багш нар эмчилгээ хийхгүй учраас хүлээж авахаас татгалздаг аж. Тус төвийн захирал, Н.Ууганцэцэг “Эдгээр хүүхэд чинь үнэндээ энэ сувиллыг бараадуулаад л хаягдчихсан шүү дээ. Хөгжлийн бэрхшээлтэй, давхар сэтгэцийн гажигтай. Дээхэн үед ийм хүүхдүүдийг Мааньтийн асрамжийн газарт аваачдаг байсан. Одоо бол тийм газар байхгүй. Сэтгэцийн эмгэг судлалын төв маань эргэлттэй ортой болчихсон, авах боломжгүй. Гэхдээ манай нэг хүүхэд яах ч аргагүй хүнд хэлбэрийн өвчний улмаас тийшээ шилжсэн л дээ” гэв.
Энэ байгууллага төсвөөс санхүүждэг, жилийн төсөв нь дунджаар нэг тэрбум төгрөг гэнэ. Гэхдээ энэ хэмжээний мөнгөөр хангалттай сайн үйл ажиллагаа явуулж байгаа юм шиг санагдсан. Хүүхдэд ээлтэй, аюулгүй, хүүхэд тоглож наадах бүхий л орчныг бүрдүүлжээ. Өрөө бүр хүүхдийн тоглоомын өрөөтэй. Түүнчлэн хүүхдэд ойр зуурын эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх эмч, сувилагч нар өрөө болгонд байрлан, ажилладаг юм байна. Үүднээсээ эхлээд л хүүхдэд зориулсан орчин гэдэг нь хэнд ч ойлгомжтой харагдаж байсан юм.
Ж.Амарсанаа: ЭНД ИРЭХ ХҮҮХДҮҮДИЙН ТОО БАГАССАН НЬ САЙН ХЭРЭГ
Бид энэ үеэр Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаатай цөөн хором ярилцлаа. Тэрбээр эндхийн ажил, байдалтай танилцаж, хүүхдүүдийг баярлуулсан билээ.
-Та Хүүхдийн төв сувиллын үйл ажиллагаатай танилцаж, шинэ жилд нь оролцлоо. Эндэхийн ажил байдал хэр санагдав, юунд анхаарах шаардлагатай байна вэ?
-Эдний үйл ажиллагаа тун сайн явагдаж байгаа юм байна гэж ойлголоо. Тоног төхөөрөмжөөр гайгүй сайн хангагдсан байна. Голдуу дутуу төрөлттэй, нярай нар ирдэг учраас инкубатор, фото эмчилгээний тоног төхөөрөмж, сувилгааны асрамжийн тоног төхөөрөмжүүд бүгд бэлэн байж байна. Хүүхдийг чийрэгжүүлэх хэрэгслүүд ч бас байна. Хоолны тал дээр тун сайн, хоолны нарийн мэргэжлийн эмч ажилладаг юм байна. Тийм учраас хоол нь хүүхдэд их таарсан, хахаж, цацах зүйл байхгүй, амт чанар сайтай юм шиг санагдлаа. Өнөөдөр шинэ жилийн баярт оролцлоо. Нэг их олон байгууллагын шинэ жилд орж чадахгүй л дээ. Гэхдээ Монгол орны ирээдүй болсон хүүхдүүд, дутуу төрсөн нярай нарыг асардаг энэ газарт заавал очих ёстой юм байна гэж бодсон. Ирсэн нь зөв болж гэж бодож байна. 0-2 насны хүүхдүүд ч бас хөөрхөн бүжиглээд, цэнгээд байж байгаа нь сайхан санагдлаа. Гэхдээ энэ хүүхдүүд үргэлж шинэ жил шиг сэтгэгдэлтэй байхгүй. Халуурч, бүлээрэх, өвдөх үе зөндөө гарна. Тэр үед нь яг эхийн сэтгэлээр хандаж, асарч сувилж байгаа эмч, багш нарыг харахад би үнэхээр бахархаж байна.
-Эрүүл мэндийн яам, Засгийн газрын зүгээс төдийлөн анхаарал хандуулдаггүй юм шиг санагдлаа. ЭМЯ, ЭМГ-ын газрын дарга нарыг шинэ жилд урьсан ч ирээгүй гэж байна шүү дээ?
-Төсвөөр санхүүждэг. Жилийн тэрбум арай хүрэхгүй төгрөгний төсөвтэй. Энэ зэргийн хамт олонд хангалттай хүрэлцээтэй гэж бодож байна. Цаашдаа тоног төхөөрөмжийн хувьд анхаарах шаардлага байгаа. Ер нь өөрөө өөрсдийгөө аваад явчих, бие даах даах чадвартай хүмүүс байна гэсэн сэтгэгдэл төрлөө.
-60 гаруй хүүхэд асран, сувилуулдаг юм байна. Ачаалалтай байгаа юм шиг санагдах юм?
-Энд орхигдсон, гээгдсэн хүүхдүүд голцуу ирдэг. Жилээс жилд энд ирэх хүүхдүүдийн тоо буурч байгаа гэх сайхан мэдээ байна. Энэ бол эцэг эхчүүд маань хүүхдээ халамжилж чадаж байна, хүүхдэд хандсан халамжийн бодлого зөв явагдаж байгаагийн илрэл юм болов уу. Жил болгон хүүхдүүдийн тоо ихсээд, ачааллаа дийлэхээ болиод эхэлбэл, энэ чинь бас нэг аюулын дохио шүү дээ. Аз болоход тийм зүйл байхгүй юм байна.
Тэрбээр ийн ярьсан юм. Ийнхүү бяцхан хүүхдүүд шинэ жилийн баяраа хайртайгаа хүмүүстэйгээ тэмдэглэж, тоглож, наадлаа. Нэг бодлын хүүхдүүдийг өөрийн хүүхэд шигээ өсгөн хүмүүжүүлж байгаа эдгээр хүмүүст баярлахаас өөр аргагүй. Гэхдээ бас хорвоод төрүүлсэн хүүхдээ “үнсэнд хаясан шалз” шиг хаяж буй эцэг эхчүүдийг яагаад ч ойлгохгүй юм даа. Ямартай ч эцэг эхдээ хаягдсан, өнчирсөн бяцхан хүүхдүүд шинэ жилээ тор дүүрэн бэлэгтэй угтаж, нэг өдрийг ч болов гэгээн дурсамжтай, аз жаргалтай өнгөрөөлөө.
Зохиогчийн эрх: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин