шатны шүүх хурлаас ял сонсоод байсан МАХН-ын дарга Н.Энхбаяр нь Улсын
дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд хандсан. Хяналтын шатны шүүх ч
хүсэлтийг хүлээн авч энэ сарын 7-нд хянан хэлэлцсэн юм. Шүүх бүрэлдэхүүн
түүнд холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ ТВ-9 телевиз болон Эрдэнэт
үйлдвэртэй холбоотой үйлдэл нь хангалттай нотлогдохгүй байна гэж үзээд
хэрэгсэхгүй болгон анхан шатны шүүхээс оноосон дөрвөн жилийн ялыг
2.6 жил болгон бууруулсан. Гэвч түүний гэр бүлийнхэн болон өмгөөлөгч
нь шүүхийн шийдвэрийг хууль бус хэмээн үзэж Ерөнхий шүүгч болон
Шүүгчдийн ерөнхий зөвлөлд хандахаар болсон. Хяналтын шатны шүүх хурлын
дараахан МАХН-ын дарга Н.Энхбаярыг хорих анги руу авч явах болов уу
гэсэн таамаг байсан ч түүний биеийн байдлыг харгалзан үзэж Клиникийн II
эмнэлэгт хэвтүүлсэн хэд хоногийн дараа буюу энэ сарын 21-нд Шүүхийн
шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын ажилтнууд Зайсан дахь хорих анги руу
албадан шилжүүлсэн юм. Энэхүү үйл ажиллагааг Н.Энхбаярын намын нөхөд
болон гэр бүлийнхэн нь “Хууль бус үйлдэл, учир нь Улсын дээд шүүхийн
тогтоолыг ялтанд гардуулсны дараагаар хорих анги руу ачдаг. Гэвч
тэгээгүй” хэмээн үзсэн байгаа юм. Эмнэлгийн өрөөнөөс хорих анги руу
шилжсэн Н.Энхбаярын биеийн байдал ямар байгаа талаар түүний эхнэр
Ц.Цолмонгоос тодруулахад “Та бүхэн онош нь ямар байгааг мэдэж байгаа
байх. Ийм байхад эмчилгээг нь таслаад хорих анги руу аваад явчихсан
болохоор ямар олиг байх вэ дээ. Нөхөр маань янз бүрийн хоол идэж
чадахгүй байгаа. Эмнэлэгт хэвтэж байхад нь усан шөл бэлдэж өгдөг байсан.
Хэрвээ хорих ангийн хоолыг идэж чадахгүй, тэр нь тохирохгүй бол хүссэн
хүсээгүй хоолны дутагдалд орох нь тодорхой. Одоогоор ямар ч эмчилгээ
хийхгүй байгаа” гэв.
МАХН-ын дарга Н.Энхбаярын хоригдож байгаа өрөө
нь маш хүйтэн, дээрээс нь эмнэлэгт хийлгэж байсан эмчилгээг
үргэлжлүүлэн хийх боломжгүй гэнэ. Хэрвээ эмчилгээ хийлээ гэж бодоход
түүний өмгөөлөгч болон гэр бүлийнхэн нь хорих ангийн эмчилгээг үнэн зөв
гэх ямар ч баталгаа байхгүй хэмээн үзэж байгаа аж. Тэд хорих ангийн
удирдлагуудад хандаж нарийн мэргэжлийн эмч нарын хяналтад байлгах,
шинжилгээ авч, үзлэг хийлгэх талаар хүсэлт гаргахад хорих ангийн
удирдлагууд нааштай хариу хэлсэн байна. Н.Энхбаярын гэр бүлийнхэн түүний
амь насанд нь санаа зовж ийнхүү хүсэлт гаргаад байхад өөрөө эмчилгээ
хийлгэхийг хүсэхгүй байгаа гэнэ. Ямартай ч нарийн мэргэжлийн эмч нарын
үзлэг шинжилгээний хариу амь насанд нь аюултай байдлаар гарах юм бол
“Өвчний учир ялаас чөлөөлж өгнө үү” гэх хүсэлт тавья гэж ар гэрийнхэн нь
бодож байгаа аж.
Энэ сарын 21-нд Н.Энхбаярыг Зайсангийн хорих анги
руу авч явахдаа өнгөрсөн 2002 онд баталсан журмын дагуу авч явсан хэмээн
прокурор нь хорихын удирдлагуудад хэлсэн байгаа юм. Тус журамд онц
хүнд гэмт хэрэг үйлдсэн хэрэгтэн нарийн мэргэжлийн төрөлжсөн эмнэлэгт
хэвтэн эмчлүүлэхийг хориглоно гэж заасан байдаг гэнэ. Гэтэл уг журам нь
Үндсэн хуульд заасан амьд явах, эмнэлгийн тусламж авах эрхийг ноцтой
зөрчиж байгаа учир Н.Энхбаярын өмгөөлөгч дагахгүй гэдгээ холбогдох
хүмүүст нь хэлсэн аж.
Н.Энхбаярыг албадан Зайсангийн хорих анги руу
авч явсан үйлдлийг хууль бус хэмээн ар гэрийнхэн нь үзэж байгаа. Харин
Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд тухайн хэрэгтэн хорих ялаар
шийтгүүлсэн бөгөөд гадуур байгаа ялтны шийтгэх тогтоолыг хэрэг мөрдсөн
буюу мөрдсөн албаны даргад тав хоногийн дотор хүргүүлж, прокурорт
мэдэгдэнэ. Мэдэгдсэний дараа тогтоолыг хүлээн авсан байгууллага
шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 72 цагийн дотор
ялтныг ял эдлүүлэх байгууллагад хүлээлгэн өгнө гэж заасан байдаг байна.
Үүнийхээ дагуу ч түүнийг авч явсан хэмээн Шүүхийн шйидвэр гүйцэтгэх
ерөнхий газрынхан үзэж байгаа юм. Ямартай ч Н.Энхбаяр хоригдох
хугацаандаа өлсгөлөн зарлах, эмчилгээ хийлгэхгүй эсэргүүцэх эрх
нээлттэй байгаа юм.
МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох хэргийг
эргэн сануулахад түүний хэргийг анхан шатны шүүх өнгөрсөн наймдугаар
сарын 2-ны өдөр хянан шийдвэрлэхдээ ганцаараа болон бусадтай бүлэглэн
төрийн өндөр албан тушаалаа урвуулан ашиглаж, аж ахуйн нэгж
байгууллагд онц их хэмжээний хохирол учруулж, онц их хэмжээний хөрөнгө
завшсан гэм буруутайд тус тус тооцож, түүнээс 25 сая төгрөгийн эд
хөрөнгө хурааж, дөрвөн жилийн хорихоор шийтгэсэн. Мөн Иргэний хуульд
заасны дагуу Н.Энхбаяраас 54 сая 534 мянга 302 төгрөгийг гаргуулан
Гандантэгчилэн хийдэд, Н.Энхбаяр болон Ж.Мягмаржаргал нараас тус бүр 982
сая 577 мянга 24 төгрөгийг гаргуулан Эрдэнэт үйлдвэрт олгож, ТВ9
телевизийн хууль бусаар олсон эд хөрөнгийг хурааж, улсын орлогод
оруулахаар шийдвэрлэж байсан юм. Уг шийтгэх тогтоолд ялтан болон
тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор нийслэлийн
шүүх хэлэлцэж үзээд Н.Энхбаяр, Д.Чулуунбаатар, Д.Дуламсүрэн,
Ж.Мягмаржаргал нарын гэм буруу нь хэрэгт цугларсан нотлох
баримтуудаар тогтоогдсон бөгөөд хэргийн талаар шүүх тогтоол гаргахад
чухал ач холбогдолтой байх бүхий л байдлыг шалгаж тогтоосон. Үүнд
Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, гэм буруугийн талаар хийсэн дүгнэлт
хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байна. Анхан шатны шүүхийн шийдвэр
хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байна гэж дүгнэжээ. Харин
шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт ТВ9 телевизийн хууль бусаар олсон
орлогыг хураана гэж ерөнхийлөн заасныг өөрчилж ТВ9 телевизийн хууль
бусаар олсон 119 сая 534 мянга 302 төгрөгийн эд хөрөнгийг хураана
хэмээн өөрчилжээ. Мөн Өргөө зочид буудалтай холбоотой үйлдэлд нь анхан
шатны шүүхээс гэм буруутайд тооцож, ял оноосон боловч уг үйлдэлтэй
холбоотой НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоол болон нийслэлийн Засаг даргын
захирамжийг хүчингүй болгоогүй нь буруу болсон хэмээн үзсэн. НИТХ-ын
тэргүүлэгчдийн 2007 оны аравдугаар сарын 17 –ны өдрийн 188 дугаар
тогтоол, нийслэлийн Засаг даргын 2007 оны арваннэгдүгээр сарын 7-ны
өдрийн 555 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгох тухай заалтыг
нэмж оруулан шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, ялтан
болон тэдгээрийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож байсан юм.
Зохиогчийн эрх: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин