Ерөнхийлөгч СЕХ-нд мэндчилгээ дэвшүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.12.26-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч СЕХ-нд мэндчилгээ дэвшүүлэв

Сонгуулийн ерөнхий хорооны хамт олонд

Сонгуулийн ерөнхий хороо байгуулагдсанаас хойш 20 жил өнгөрчээ. Тус байгууллага Монгол Улсын төр, засгийг ардчилсан зарчмын үндсэн дээр шинээр бүрдүүлэх, сонгуулийн шударга тогтолцоо үүсч хөгжихөд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.  
 
Өнгөрсөн хугацаанд Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Их Хурлын сонгуулийг 6 удаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг 5 удаа тус тус зохион байгуулж, орон нутгийн 6 удаагийн сонгуульд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж ажиллалаа. Түүнээс гадна Монгол Улсын сонгуулийн тогтолцоо, сонгуулийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, түүнийгээ сонгогч олон түмэнд сурталчлан таниулах, сонгогчдын эрх зүйн боловсролыг дээшлүүлэх олон талт үйл ажиллагаа явуулж, сонгуулийг шударга, нээлттэй болгох зорилгоор төрийн төдийгүй олон нийтийн болон хэвлэл, мэдээллийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ирснийг дурдах нь зүйтэй болов уу.
 
Монгол Улс ардчиллын замыг сонгосон өнгөрсөн 20 гаруй жилд нийгэм, эдийн засгийн шилжилт хийж, төрийн удирдлагын болон хууль тогтоох байгууллагын зохион байгуулалт, үйл ажиллагааг шинэчлэх, иргэний нийгмийг төлөвшүүлэх, төр иргэний харилцааг бэхжүүлэх талаар ихээхэн ахиц дэвшил гарч байна. Үүнд Сонгуулийн ерөнхий хорооны гүйцэтгэсэн үүрэг багагүй билээ.
 
 Сонгуулийн байгууллагын үйл ажиллагаа улам бүр төлөвшиж, түүний хараат бус, бие даасан байдал нь эрх зүйн хувьд баталгаажиж байна. Энэ хэрээр та бүхэн хуулиа дээдэлж чин шударгаар ажиллан, сонгуулийн аливаа луйвар, маргаан гарахаас тууштай сэргийлж чадна гэдэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд итгэж байна.
 
Сонгуулийн ерөнхий хороо өнөө жил Монгол Улсын сонгуулийн түүхэнд анх удаа сонгогчийн санал авах, тоолохдоо орчин үеийн автоматжуулсан техник, технологи ашигласнаас гадна гадаад дахь Монгол иргэдийнхээ саналыг авч, сонгогчийг хурууны хээгээр нь бүртгэсэн зэрэг шинэлэг ажлуудыг амжилттай хэрэгжүүлснийг онцлон тэмдэглэхийг хүсч байна.
 
Тус байгууллагын 20 жилийн ойг тохиолдуулан танай ажилтан, албан хаагчдад болон сонгуулийн ажлыг зохион байгуулахад идэвх санаачилгатай ажилласан нийт төрийн албан хаагчдад чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, ажлын амжилт хүсье!
 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ
2012 оны 12 дугаар сарын 25 ны өдөр
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж