Чөдөр биш ташуур байхыг хүсье

Хуучирсан мэдээ: 2012.12.26-нд нийтлэгдсэн

Чөдөр биш ташуур байхыг хүсье

УИХ-д сөрөг хүчин мэндэлж байна. Их Хурлын шинэ гишүүд тангаргаа өргөөд бараг хагас жил өнгөрсөн хойно МАН-ын төлөөллийн гишүүд УИХ-д албан ёсны бүлэгтэй боллоо. Цуурхалд автсан зарим нь “Дэлхий сүйрнэ” хэмээн хоол хошоо базааж хотоос гадагшилж байсан тэр өдөр парламентаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын тухай, УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж баталсан нь МАН-д бүлэг байгуулж УИХ-д сөрөг хүчин албан ёсоор бүрдэх үндэс суурь болсон юм. Өөрсдийнхөө санаачилсан “УИХ-ын даргыг сонгосноос хойш 24 цагийн дотор намын бүлэг байгуулах саналаа илэрхийлнэ” гэсэн хуулийн заалтыг хэрэгсээгүйн балгаар албан ёсны бүлэггүй хоцорсон МАН-ын төлөөллийн гишүүд одоо л байнгын хороодод хуваарилагдан ажиллах эрхээ нээлгэж байна. Ямар ч гэсэн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар МАН-ын бүлгийн эрхэм гишүүн М.Энхболдыг УИХ-ын дэд даргаар сонгохыг дэмжиж чуулганаар хэлэлцэхээр боллоо. Н.Энхболд гишүүн албан бус бүлгийн дарга байснаа одоо жинэхэлж байна.

МАН парламентад бүлэгтэй болох эрхээ авангуут бүлгээрээ хуралдах байх гэтэл тэгсэнгүй. МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж бүлэгтээ өгөх заавар зөвлөлгөөг хэлэлцжээ.

Удирдах зөвлөлөөс өгсөн зааврын дагуу МАН-ын бүлэг сүүдрийн Засгийн газар байгуулж, сөрөг хүчний үүргээ албан ёсоор гүйцэтгэхээр болжээ. Сүүлийн жилүүдэд парламентын сөрөг хүчин гэсэн ойлголт бараг мартагдсан тул МАН жинхэнэ утгаараа сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж, сүүдрийн Засгийн газар байгуулан  Гүйцэтгэх засаглалд хяналт тавьбал ирэх гурван жил хагаст гүйцэтгэх хамгийн том ажил нь тэр болно.

Сүүдрийн Ерөнхий сайд, Засгийн газрын сүүдрийн гишүүдээ дундаасаа сонгоод шинэтгэлийн Засгийн газрын нэг нэг гишүүнийг хариуцан үйл ажиллагаанд нь эрүүл хяналт тавьж, эрүүл саруул дүгнэлт хийвэл МАН цөөнхийн суудалд суусны гавьяа тэр болно. Харин шүүмжлэхийн дон тусч хийсэн болгоныг нь өөнтөглөвөл садаа тээг учруулна.

Олон улсын жишгээр бол сөрөг хүчний намын дарга сүүдрийн Ерөнхий сайд болж парламентын гишүүд дундаасаа сүүдрийн сайд нараа томилдог байна. Сөрөг хүчний нам дараагийн сонгуульд ялалт байгуулахын төлөө ажиллаж улстөр, эдийн засгийн тодорхой асуудлаар бодлого боловсруулан олонхи болсон хүчнээ хянах үүрэгтэй. Их Британид гэхэд үүнд ач холбогдол өгч сүүдрийн Засгийн газарт зориулан төсөв баталж, тусгай өрөө тасалгаагаар хангадаг ажээ. Хэрэв дараагийн сонгуульд сөрөг хүчин ялбал сүүдрийн Засгийн газрын гишүүдээс албан ёсны Засгийн газрын харгалзах албан тушаалд томилогддог жишиг ч бий. Сөрөг хүчний нэг гишүүн сүүдрийн Сангийн сайд байлаа гэхэд нам нь олонхи болсон тохиолдолд албан ёсны Сангийн сайдаар ажиллах жишээтэй.
 
Дээрх жишгийг дагавал МАН-ын дарга Ө.Энхтүвшин сүүдийн Засгийн газрын Ерөнхий сайд болж бүлгийн гишүүдээсээ сүүдрийн сайд нараа томилох ёстой. МАН-ын Удирдах зөвлөлөөс үүрэг болгосны дагуу сүүдрийн Засгийн газар ойрын үед байгуулагдах нь байгуулагдах бололтой. Тэгвэл Монгол Улсын түүхэнд анхны сөрөг хүчний хяналттай, сүүдрийн Засгийн газартай Засгийн газар ажиллана гэсэн үг.

Сүүдрийн Засгийн газар үүргээ шударгаар биелүүлж, чөдөр тушаа бус ташуур болж ажиллахыг хүсье.

Д.ОЮУНЦЭЦЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж