Өнгөрч буй 2012 оны хамгийн гол өөрчлөлт нь улс төрд хүчний харьцаа өөрчлөгдсөн явдал. 1996 оны сонгуулиас хойш 16 жилийн дараа Ардчилсан хүчинд засгийн эрх мэдэл шилжиж, Ардчилсан нам дангаараа УИХ-д суудалтай намуудаас хамгийн олон буюу 33 суудал авлаа. Өнгөрөгч зургадугаар сард болсон УИХ-ын сонгуулийн дараа 31 суудалтай байсан Ардчилсан намд шинэ он шувтрахын өмнөхөн хоёр суудал нэмэгдлээ. Тэр нь Өвөрхангайн тойрогт нэр дэвшээд өвдөг шороодсон Г.Батхүү Сонгуулийн хууль зөрчсөн асуудлаар нэр нь татагдсан Н.Төмөрхүүгийн оронд тангараг өргөж, МАН-аас дахин санал хураалтаар нэр дэвшиж орж ирсэн Д.Арвин тангараг өргөснийхөө дараа Ардчилсан намд элссэн явдал. Өнгөрөгч арваннэгдүгээр сард болж өнгөрсөн орон нутгийн сонгуульд ч бас Ардчилсан нам олонхи болж, нийслэлийн есөн дүүргээс зургаад нь, 21 аймгийн 12-т нь ялалт байгуулав. Ингэснээр Засгийн эрх хагас дутуу ч гэсэн Ардчилсан намд шилжлээ.
Мэдээж Ардчилсан нам УИХ-д дангаараа олонхи болж чадаагүйн улмаас 11 суудал авсан МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй эвсч, Засгийн газраа байгуулсан. Харин үүний үр дүнд Засгийн газарт дөрвөн сайдтай болсон “Шударга ёс” эвслийн нэг хамтрагч МАХН-ын зүгээс намын дарга нь шүүхээр ял сонссоны улмаас байн байн засгаас гарахаар айлгаж, ичээх болсныг эс тооцвол одоохондоо эвслийн Засгийн газар тогтвортой ажиллаж байна.
Сонгуулийн дүн ингэж гарахад зайлшгүй нөлөөлсөн нэг хүчин зүйл бол сонгуулийг цахимжуулсан явдал. УИХ-д 44 суудалтай МАН, 27 суудалтай Ардчилсан нам хоёрын өнгөрөгч УИХ-ын төгсгөлд хэл ам, хэрүүл тэмцэлтэй ч баталсан Сонгуулийн хуулиар сонгуулийг автоматжуулсан системээр явуулсан нь өмнөх сонгууль болгоноор гарч байсан “саналын луйвар”-ыг үгүй болгож, нэг хүн-нэг санал гэдэг зарчим руу шахсан билээ. Гэсэн хэдий ч хууль батлагдах үед олонхи байсан МАН орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтад нь явуулахаас татгалзсан тул 2007 оны арванхоёрдугаар сард батлагдсан “Орон нутгийн сонгуулийн УИХ-ын сонгуультай нэг өдөр явуулах” тухай хууль хэрэгжилгүй хойш тавигдсан юм. Эцэст нь хоёр намын тохиролцоогоор нийслэлийн ИТХ-ын сонгууль УИХ-ын сонгуультай зэрэг явж, харин аймаг, сум, дүүргийн сонгуулийг арваннэгдүгээр сард явуулсан билээ. Үр дүнд нь өнгөрөгч арваннэгдүгээр сард явуулсан Орон нутгийн сонгууль нийслэлийн зарим дүүргүүд дээр ирц хүрэлгүй унаж, нэлээд олон хэсгийн хороодод дахин сонгууль явлаа. Гэсэн хэдий ч сонгуулийн дүн өөрчлөгдсөнгүй.
Ерөнхийдөө УИХ-ын сонгуулийн дараа нийслэлд гарсан эерэг өөрчлөлтүүд, замын түгжрэлтэй хийсэн тэмцэл үр дүнгээ өгч, барилгын салбарт нүүрлэсэн хууль бус үйлдлүүдийг ил болгосон зэрэг нь хөдөө орон нутагт халдварлаж, шинээр гарсан эрх баригчид орон нутгийн сонгогчдын зүгээс итгэл хүлээхэд хүрчээ гэж харж болохоор.
Гэхдээ энэ бүхнээс илүү энэ өөрчлөлт рүү түлхсэн нэг зүйл бол сонгуулийн тогтолцоонд өөрчлөлт оруулсан явдал. УИХ-ын 26 тойрогт нэр дэвшигчдийг 28:48 харьцаагаар намын жагсаалт болон тойргийн системээр нэр дэвшүүлэх тухай сонгуулийн холимог тогтолцоог анх хуульчлан баталж байх үед “Хоёрын хооронд ийм өөрчлөлтийн оронд жижиг 76-гаараа явсан нь дээр, шууд пропорциональ систем рүү шилждэггүй юм гэхэд ядахдаа намын жагсаалтыг нэмэх шаардлагатай” гэх шүүмжлэл тухайн үеийн сөрөг хүчний зүгээс тасраагүй. Гэвч “эхийг нь эцээж, тугалыг нь тураалгүй” улс төрийн хоёр том намын зөвшилцлөөр хийгдсэн сонгуулийн системийн өөрчлөлт ямар ч байсан үр дүнгээ өгч, улс төрд хувь хүн биш, баг хамт олон урагшаа алхдаг гэдгийг харуулсан юм. Харин тэр багт хэн гэдэг хүн ямар үүрэгтэй оролцож байгаагаар нь сонгогчид улс төрийн намуудад дүн тавьсан билээ.
Олимпийн таван медаль. Энэ бол нэг олимпийн наадмаас хүртсэн медалийн тоогоор монголчуудын үзүүлсэн хамгийн том амжилт. 2012 оны Лондонгийн олимп үүгээрээ онцлог. “Лондон-2012” зуны олимпийн наадмаас Н.Түвшинбаяр мөнгө /жүдо/, Н.Төгсцогт мөнгө /бокс/, У.Мөнх-Эрдэнэ хүрэл /бокс/, С.Ням-Очир хүрэл /жүдо/, С.Батцэцэг хүрэл /чөлөөт бөх/ медаль хүртсэн нь энэ оны спортын онцлох үйл явдлын тэргүүнд бичигдэх нь дамжиггүй. Аваргуудтай болсон өмнөх олимпийн амжилтаа давтаж чадаагүй ч медальд хүрэх шат бүхэн нь эр зоригийн тэмүүлэлтэй байснаараа энэ олимп сэтгэл дүүргэж чадсан юм.
Н.Түвшинбаярын чадвар, тэвчээрээр бахархсан монголчууд тэр өдрүүдэд сэтгэлийн хүч, хөөрлөө халгиж цалгитал гаргажээ. Мөнгөн медалийн төлөө /Хагас шигшээд/ БНСУ-ын бөхтэй хийсэн барилдаанд бэртчихээд хөлөө чирээд босоод ирэхэд нь зүрх зогсчих шиг л болсон. Барилдааны хугацаа дуусахад гурван минут үлдсэн байлаа. Харваас гишгэхэд зовиуртай байгаа тийм хөлтэй хүнийг 180 секунд цоо ширтэнэ гэдэг хэцүү. Шүүгч дөрөв дэх минутад өрсөлдөгчийг нь торголоо… Тэгж нэг жаахан санаа амрав. Гэхдээ хоёр бөхийн хэн хэн нь үнэлгээ аваагүй байсан болохоор дахин хоёр минутаар цаг сунгалаа. Түүний хөл бэртэж, зовиурлаж байгааг аварга ч, үзэж байгаа бид ч тэрхэн зуур мартсан байж магад. Ямар ч байсан манай бөх нэмэлт цагт үнэлгээ авч, түүнийгээ хамгаалсаар цаг дуусав. Олимпийн аварга яллаа… Дэвжээн дээр, хамгийн хүнд тулаан дундуур бэртэж гэмтсэн ийм барилдаан Н.Түвшинбаяр аваргад олон таараагүй байх аа. Аваргынхаа дайд хүрч өрсөлдөн, ард түмнийхээ хүчийг нэг тойрогт зангидсан энэ хүнээр спорт өөрөө бахархдаг биз ээ.
Нямбаярын Төгсцогт. Олимпийн медальтнуудаас түүнийг онцгойлох шалтгаан байгаа гэж бодож байна. Монголын спортын түүхэнд хамгийн залуу олимпийн медальтан Лондонгоос тодорсон нь 20 настай энэ хүү. Олимпийн өдрүүдэд ард түмэн бүгд цэл залуухан энэ шинэ “од”-оор гоёж байлаа. Түүний тулаан бүр биднийг бардамнуулж байв. Төгсцогтын өөртөө итгэх итгэл үзэгчдийн хайрыг үнэн сэтгэлээс нь урсгаж чадсан юм. Тийм зөөлөн харцны цааны тэр их хүч, омог багтаж байдаг нь нэг бодлын гайхмаар ч юм шиг. Ямар ч байсан тэр аваргын төлөө нүүр бардам тулалдаж, алтын дайтай мөнгөн медалийг эх орондоо авчирсан юм.
Энэ олимпиор боксын У.Мөнх-Эрдэнэ маань спортод үнэнч, тууштай, зүтгэлтэй явсныхаа үр дүнг харлаа. Хэзээд даруу байж ирсэн, хэзээ ч шантарч байгаагүй түүнд Монголын ард түмэн ч ямар их хайртайгаа харуулж чадсан гэж бодож байна. Энэ хүн тэр хайрыг мэдэрч, нуруун дахь ачаагаа нимгэлэх цаг болсон. Олон жилийн хөлс, хүчээ олимпийн медальд л хүргэж амжаагүй харамсалтай ялагдлууд манай олон шилдэг тамирчдыг дайрсан. Халиуны Болдбаатар, Хишигбатын Эрдэнэт-Од, Оюунбилэгийн Пүрэвбаатар, Доржготовын Цэрэнханд, Дамдинсүрэнгийн Нямхүү нарын ясны хэдэн тамирчдаа олимпийн медалиас атгаад алдсанд нь одоо ч харамсал тайлагддаггүй юм. Түүн шиг харамсалтай зүйл болох вий гэсэн бодол олон хүнд төрсөн байх аа. У.Мөнх-Эрдэнийн медаль тийм их хүлээлттэй байснаараа үнэ цэнэтэй.
Олимпийн медалийн буухиаг эхлүүлж, ОУХМ С.Ням-Очир жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн тэр мөч хүн бүхэнд хайрлагдаж үлдэх биз ээ. Жүдо бөхийн тэмцээний гурав дахь өдөр олимпийн татамид барилдсан тэрбээр хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх тулаанд дэлхийн аваргын хошой мөнгөн медальт, Голландын Декс Элмонтыг юүко үнэлгээгээр ялж, медалийн тавцанд гарсан юм. Бөхийн том удамтай, их спортын олон алдартан нэг дээвэр дороос төрөн гарсан онцгой тохиолын эзэд болсон сайхан гэр бүлээс гаралтай энэ залуу дөрвөн жилийн өмнө ахынхаа зориод эс чадсан медалийг эх орондоо авчирсандаа туйлын баяртай байлаа. Түүний нагац ах нь жүдоч Д.Нямхүү гэдгийг монголчууд сайн мэднэ. Д.Нямхүү Бээжингийн олимпод хүрэл медалийн төлөө барилдаад ялагдаж байсан голланд жүдоч С.Ням-Очирын Лондонгийн дэвжээнд ялсан Декс Элмонтын төрсөн ах нь байсан юм. С.Ням-Очир Монголын спортын түүхэнд олимпийн наадмын 20 дахь медаль, харин жүдо бөхийн төрөлд зургаа дахь медалийг эх орондоо авчирсан шилдэг тамирчин билээ.
Энэ жилийн олимпиос эмэгтэй тамирчдаас ганцаараа медалийн тавцанд хүрсэн нь Гавьяат тамирчин С.Батцэцэг байлаа. Олон улс, тив, дэлхий, олимпийн тавцанд гаргасан амжилт, дуудуулсан суу алдраараа Монголын топ дөрвөн спортын нэг гэгдэх чөлөөт бөхийн төрөлд дэлхийн аварга анхны эмэгтэй тамирчин болж, Монголын спортын түүхэнд нэрээ мөнхөлсөн тэрээр чөлөөт бөхийнхний хувьд 32 жилийн турш хүртэж чадаагүй медалийг эх орондоо авчирч, олимпийн хүрэл медаль хүртэн ирсэн юм.
Ийм агуу тамирчдын ээлж дараалсан тэмцэл, их спортын билгэдлийг дүүргэсэн ихэр таван медалиар эх орон, ард түмэн нь энэ өдрүүдэд ч гоёсоор байна.
Монголбанкнаас гаргасан 2012 оны арваннэгдүгээр сарын гадаад худалдааны нийт бараа эргэлтийн тайланд дурдаснаар ашигт малтмалын нийт экспорт өнгөрсөн оны мөн үеийнхээс 197 сая ам.доллараар буурсан байна. Үүнд хамгийн гол нөлөөлсөн хүчин зүйл нь нүүрсний экспорт буурсан явдал юм. Нүүрсний экспорт буурсан нь гол худалдан авагч Хятадын эдийн засгийн удаашралаас үүдэн гангийн үйлдвэрлэл буурсан болон дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унасантай холбоотой.
Энэ оны эхэнд Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтод нүүрс, тээврийн гарцын өргөтгөл хийж, 30 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байсан ч сүүлийн мэдээгээр 18.5 сая тонн нүүрс экспортлоод байна. Нүүрсний экспортоос улсын төсөвт орлого тасарсанаас шинээр бүрэлдсэн УИХ төсвийн тодотгол хийж, зарим татварын хэмжээг нэмэгдүүлэх замаар хэдэн монголчуудаа шинэ онтой золгуулж байгаа.
Монголчууд 2012 онд уул уурхайгаас юу хүлээж байв?
Юун түрүүн уул уурхайн хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаад буй хоёр том төсөл буюу Оюутолгой, Тавантолгой ордууд өгөөжөө өгч эхлэх байлаа. Стратегийн түншээ тодруулна гэж байсан Тавантолгойн тендер шалгаруулалт гацаатай, стратегийн түншээ сонгож чадах эсэх нь ч ээдрээтэй хэвээр, эцэс сүүлдээ сүүлдээ хамтран ажиллах оператор шалгаруулах замаар өөрсдөө олборлолтоо хийх шинэ гарц ч цухалзаж эхлэв. Хэдийгээр Тавантолгойн бүхэл ордын зүрх нь хэмээгддэг Зүүн Цанхийн ордод монголчууд, тодруулж хэлбэл “Эрдэнэс Тавантолгой” компани олборлолтоо хийж, ирээдүйд олборлох нүүрсээрээ дэнчин тавьж, Хятадын төрийн өмчит “Чалко”-той 250 сая ам.долларын урьдчилгаа хийж чадсан ч дэлхийн зах зээлд нүүрсний үнэ унаснаар олборлолтоо зогсоож, хамтрагчтайгаа дахин хэлэлцээр өрнүүлэх арга замыг хайж байна. Харин урьдчилгаа болгон авсан 250 сая ам.доллар хийгээд хойшдын олборлолтын нөхцөлөө бүрдүүлэх ёстой байсан 340 гаруй тэрбум төгрөг монголчуудын хоолойгооро даваад алга болсон билээ. Ийн улстөрчдийн амлалтыг биелүүлэх “шахаа”-наас болж олборлолтоо явуулж байх ёстой Зүүн Цанхи ч хөрөнгө санхүүгийн хувьд хүнд байдалд ороод байгаа.
Оюутолгойн хувьд монголчуудыг “урам”-ын үгээр таслахгүй байгаа ч мөн л эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх баярт мөчийг гурван сараар хойшлуулсан. Үүнд БНХАУ-тай хийх эрчим хүчний хангалтын асуудлаарх гэрээнээс болж хугацаа алдсан гэж байгаа ч Оюутолгойн гэрээг өөрчлөх ёстой гэсэн эх оронч улстөрчдийн дайралтад өнөөдөр ч гэсэн ноцуулсан байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Гэхдээ Оюутолгой ирэх 2013 онд жинхэнэ ёсоор орлого нь жигдэрнэ гэсэн өөдрөг найдвар арай илүү идэвхжиж байна.
Уул уурхайн тусгай зөвшөөрлийн шинээр олгохыг хориглоод даруй хоёр жил болж байна. Энэ салбарт болохгүй байгааг нь засч засварлах зорилготойгоор хийгдэж буй төрөөс авч буй арга хэмжээний нэг нв энэ юм. Үүнээс гадна Монголын төрийн бодлогыг тодорхойлогч УИХ-ын ээлжит сонгууль энэ жил тохиосон нь энэ салбарын зогсонги байдлын бас нэгэн шалтгаан юм. Шинэ УИХ, шинэ Засгийн газар хэрхэн бүрэлдэх, уул уурхайн салбарт ямар бодлого баримтлах нь уул уурхайн олон компанийг нүдэнд харагдахгүй хүлээсээр хүлж орхисон. Мөн өмнөх парламентын үед гаргасан Стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжүүдэд гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хэмээх хуулиас үүдсэн болгоомжлол байсаар байна. Цөөхөн хүн ам, асар их газар нутаг, арвин их баялагтай монголчуудын хувьд стратегийн салбаруудад зохицуулалт хийсэн нь оновчтой алхам болсон гэгдэж байгаа ч гадаадын хөрөнгө оруулагчдыг болгоомжлолын байдалд оруулсан гэдгийг зарим эдийн засагч хийгээд гадаадын шинжээчид өгүүлж буй. Ямар ч гэсэн энэ хуулиас үүдэн Монголын говиос нүүрс олборлож буй “Саутс гоби сэндс” компанитай хувьцаа худалдан авахаар ярилцаж байсан “Чалко”-гийн наймааг буцааж дөнгөсөн бөгөөд нэгэнт Зүүн Цанхийн нүүрсийг дангаараа худалдаж авахаар гэрээ хийгээд байгаа Хятадын төрийн өмчид компани монополь байдал үүсгэж болзошгүй байсныг таслан зогсоож чадсан гэгдэж буй. Харин энэ хуулийн зарим зүйлд, тухайлбал, хяналт тавих хөрөнгө оруулалтын хязгаарыг 100 тэрбум төгрөг хэмээснийг 800 сая ам.доллар болгох гэх мэт өөрчлөлт хийхээр ярьж байна. Мөн уул уурхай болон бизнесийн орчинг илүү сайжруулах, дэд бүтцийг хөгжүүлэх, Тавантолгойн олборлолт, ашиглалтын асуудлыг эцэслэн шийдэх гэх мэт олон өөрчлөлт яригдаж байна. Дашрамд Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх сэдэл ч бас мартагдаагүй. Өөрөөр хэлбэл, 2012 оны зогсонги байдлыг 2013 он халахыг хүлээж байна.
Өнгөрөн одож буй 2012 оны дуулиант үйл явдлын нэгэн эзнээр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр тодроод байна.
Түүнд ТВ-9 телевизийн 119.534 мянган төгрөгийн тоног төхөөрөмжийг албан тушаалаа урвуулан ашиглаж, хувьдаа завшин Гандантэгчинлэн хийдэд онц хэмжээний хохирол учруулсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн албыг урвуулан ашиглаж, тухай цагийн нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаяр нартай бүлэглэн “Өргөө” зочид буудлыг хувьчлан нийслэлд онц их хэмжээний хохирол учруулсан. Нийслэлийн Засаг дарга бөгөөд нийслэлийн өмч хувьчлах комиссын дарга Т.Билэгт, иргэн До.Чулуунбаатар нартай бүлэглэн “Улаанбаатар таймс” сонины байрыг өөрийн дүү Н.Энхтуяагийн “Медиа Холдинг” ХХК, До.Чулуунбаатар нарын нэрээр худалдан авч улмаар өөрийн үүсгэсэн байгуулсан компанид охин компани болгон завшиж, нийслэлд онц их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдсон. Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалыг урвуулан ашиглаж, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Х.Наранхүү нартай бүлэглэн гурван тэрбум 930 сая төгрөгийг завшиж, “Эрдэнэт” үйлдвэрт онц их хэмжээний хохирол учруулсан гэсэн ялыг шүүхээс эхлээд тогтоосон юм.
АТГ-аас удаа дараа зарлан дуудах бичиг өгсөн ч очилгүй “гүрийсэн” хэргээр энэ оны дөрөвдүгээр сарын 5-ны үүрээр МАХН-ын дарга Н.Энхбаярыг хүчний байгууллагын 600 албан хаагчийн хүчээр баривчлав. Хүчнийхний мөрөн дээгүүр хүрэн оймстой хөл гозгонуулан одсон Н.Энхбаяр даргын “имиж” тэр аяараа МАХН-ын сонгуулийн РR болж УИХ-ын 2012 оны сонгуульд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл тойргоос болон жагсаалтаар 11 суудал авч анх удаа УИХ бүтэцдээ гурван бүлэгтэй боллоо. Түүгээр зогсохгүй “Шударга ёс” эвсэл шинэтгэлийн Засгийн газрын нэг субъект болж МАХН-ын гурван сайд Н.Алтанхуягийн танхимд багтав. Нэгэн нийтлэлчийн бичсэнээр УИХ-ын сонгуульд Н.Энхбаяр яллаа.
Энэ үйл явдал МАН-ын задралд хүч нэмж Д.Тэрбишдагва, О.Чулуунбат, Ч.Улаан гээд эрхмүүд олон жил зүрхэн тушаагаа нандигнасан гал улаан батлахаа төрхөмд нь тушаагаад Н.Энхбаярыг дагасан.
Төв аймгийн урьдчилан хориход 11 хоног хуурай өлсгөлөн зарлаж, шүүхийн тогтоол танилцуулахаар очсон ажилтны өөдөөс чихээ хуруугаараа таглаж “Сонсохгүй байна. Сонсохгүй байна” хэмээн шулганасан нь тэрхэн үедээ сонгодог хэлц үг болон тархаж, дэггүй жаалууд эцэг эхийнхээ амыг тагладаг хэллэг болтлоо “түгэн дэлгэрэв”. Төв аймгийн хорихоос Урьдчилан хорих буюу Ганц худагийн 461 дүгээр ангийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж ирээд эмч, сувилагч нарт салаавч гаргаж, хөлөөрөө өшигчиж, элдэв үгээр доромжилсон нь “Монголчууд бид ийм хүнийг Төрийн тэргүүнээр залж байсан хэрэг үү” гэсэн гайхашралд нийгмийг автуулав.
Өнгөрсөн наймдугаар сард МАХН-ын дарга Н.Энхбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал болж наймдугаар сарын 2-ны өдөр түүнд дөрвөн жилийн хорих ял ногдуулав. Түүний өмгөөлөгч, академич С.Нарангэрэл нар давж заалдан хэргийг Нийслэлийн шүүхээр шүүлгэсэн ч анхан шатны шүүхийн шийдвэрийг есдүгээр сарын 25-ны өдөр хэвээр баталсан юм. УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн МАХН-ын харьяалалтай гишүүд үүнийг эсэргүүцэж Нийслэлийн шүүхийн байр тийш шар цэцэг шидлэн аягласан нь Монголын шүүхийн практикт үзэгдээгүй явдал болов.
Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнжамъян МАХН-ын даргын төрсөн дүү Н.Энхтуяа, “Өргөө” буудлын хэрэгт хамааралтай Б.Хуяг нарыг Интерполоор эрэн сурвалжлахгүй байхыг шаардсан захидал илгээсэн нь бас л ээлжит шуугиан дэгдээсэн.
МАХН-ын даргын өмгөөлөгч нар дахин хяналтын шатны шүүхэд хандлаа. Энэ зуур МАХН-ынхан “Засгийн газраас гарлаа” гэх шантааж маягийн үйлдэл гаргаж хэсэг зуур бужигнуулаад амжив. Гэвч арванхоёрдугаар сарын 7-нд Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хурал болж “Эрдэнэт” үйлдвэр, TV-9 телевизтэй холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгосон ч үлдсэн хоёр хэрэгт нь хоёр жил, зургаан сарын ялыг ногдуулсан юм. Ийнхүү Монгол Улсын бүх шатны шүүх Н.Энхбаяр нарын хэргийг хэлэлцэн экс Ерөнхийлөгчид хоёр жил хагасын хорих ял эдлүүлэхэр боллоо. Гэхдээ тэрээр энэ хугацаанаас найман сарыг өнгөрсөн хугацаанд эдэлчихээд буй. Дарга нь хяналтын шатны шүүхээс ял сонссоны дараа МАХН Засгийн газраас гарна гэсэн шантаажаа зогсоов.
Хяналтын шатны шүүх хурал болсноос 14 хоногийн дараа буюу “Дэлхий сүйрнэ” гэсэн цуурхал “биелэх” байсан арванхоёрдугаар сарын 21-ний их үдэд МАХН-ын дарга Н.Энхбаярыг эмчлүүлж байсан хоёрдугаар эмнэлгээс нь Зайсан дахь ШШГЕГ-ын харьяа хорих 411 дүгээр анги руу ачлаа.
Түүнийг хүчнийхэн хорих руу шилжүүлэхдээ дөрөвдүгээр сарын 13-ны өдөр хэрэглэсэн аргаа ашиглаж дахин дуулиан дэгдээв. Өмнөхийг бодвол МАХН-ынхан бужигнаагүй, эмнэлгийн тайван орчинд тусгай албаны нүүрээ битүүлж боосон ажилтнууд эмнэлгийн люкс өрөөнд давхин орж МАХН-ын даргыг дарж байж хувцаслаад өргөн авч машинд оруулсан нь арай л сүржин явдал болов гэмээр.
Ямар ч гэсэн энэ жилийн турш содон үйл явдлын гол баатар байсан Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр Зайсан дахь хориход ял эдэлж байна. Дахиад өлсгөлөн зарлана гэсэн мессэжийг тэндээс чулуудаад амжсан. Өмгөөлөгч нар нь дахин Шүүхийн ерөнхий зөвлөл, олон улсын шүүхэд хандана гэдгээ зарлаад буй. МАХН-ын дарга Н.Энхбаярын дуулиан шинэ оны эхэнд ч үргэлжлэх биз ээ.
Монголын сонгодог урлагийн ертөнцөд гэрэл гялсхийлгэсэн үйл явдлуудад юуны өмнө ДБЭТ-ын дуучид олон улсын тэмцээнүүдээс тэргүүн байруудыг түүснийг онцлон нэрлэх ёстой. ДБЭТ-ын гоцлол дуучин Э.Амартүвшин дэлхийн дуурийн урлагийн амьд домог, алдарт тенор Пласидо Домингогийн нэрэмжит “The Placido Domingo’s Operalia” олон улсын дуурийн дуучдын уралдаанаас тэргүүн байрын шагнал, мөн гоцлол дуучин Г.Ариунбаатар М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын тэмцээний тэргүүн Г.Ариунбаатар, гоцлол дуучин Ч.Энхтайван СССР-ийн Ардын жүжигчин Надежда Андреевна Обуховын нэрэмжит дуурийн дуулаачдын уралдаанаас хоёрдугаар байрыг тус тус хүртсэн юм. Тэд уралдаанд түрүүлсэн гэхээс илүүтэй Монголын дуурийн урлагийн хөгжлийн төвшин хаана явааг харуулсан хэрэг билээ.
Зөвхөн Монголынхоо үзэгчдэд биш дэлхийн хэмжээний үзэгчдэд үнэлэгдэх хэмжээнд сонгодог урлагийг туурвиж байгааг нотолсон бас нэг илэрхийлэл нь АНУ болон Оросын балетын сонгодгууд манай ДБЭТ-ын тайзнаа ирж тоглосон явдал байлаа. АНУ-ын од Саша Радецки Монголын А.Аданы “Жизель” балетад хамтран бүжиглэснийхээ дараа монголчуудын ур чадварыг гайхан биширч байгаагаа нуугаагүй юм. Хэний ч санаанд оромгүй газраас сувд олсон мэт баярласан түүний үнэлгээ ердийн нэг тал зассан үг биш гэдгийг Оросын “Большой театр”-ынхан давхар нотолсон гэхэд болно.
Оросын сонгодог урлаг, тэр дундаа балетын урлаг нь дэлхийд гайхагддаг. Энэг үгээр бол Оросын балетчдын хүрсэн төвшнөөр дэлхийн балетын урлагийг хэмжихэд хол зөрүү гарахгүй гэсэн үг. Тэгвэл ОХУ-ын “Большой театр”-ын нэрийн хуудас болсон балетын гоцлооч, ОХУ-ын Ардын жүжигчин Мария Аллаш, балетын гоцлооч, ОХУ-ын Ардын жүжигчин Дмитрий Гуданов нар Монголын балетчидтай хамтран гала тоглолт хийсэн нь онцлох зүйл байлаа.
Сонгодог урлагийн ертөнцөд дуулиан нэмсэн бас нэг үзэгдэл нь “Гамлет” жүжгийг дахин найруулж тавьсан явдал байв. Монголын драмын театрын тайзнаа 33 жилийн дараа дахин тавигдсан “Гамлет” нь УДЭТ-ын энэ цагийн уран бүтээлчдийн шандсыг шалгах ээлжит нэгэн сорилт байж, өмнөх амжилттай давж гарсан гэхэд болно.
ДЭЛХИЙ ДАХИНД
Улирч буй 2012 он дэлхийн олон орны хувьд улс төрийн өөрчлөлт шинэчлэлийн жил байлаа. 2012 онд дэлхийн 103 оронд ерөнхийлөгч болон парламентын сонгууль болжээ. Үүнээс хамгийн онцлох нь АНУ, ОХУ болон БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгууль, Япон болон Грек улсын парламентын сонгууль гэж нэрлэж болно. Мөн БНХАУ-ын коммунист намын 18 дугаар их хурлаар Хятадын засаглал Ху-гаас Ши рүү шилжиж, коммунист ардчиллын замыг сонгож байгаагаа албан ёсоор зарласан нь онцлох үйл явдал боллоо.
Б.Обамагийн эргэлт. АНУ-ын энэ жилийн ерөнхийлөгчийн сонгуулийг түүхэнд тэмдэглэгдэм өрсөлдөөнтэй сонгууль гэж нэрлээд байгаа. Митт Ромни-г бүгд найрамдахчуудын нэр төрийг ч гайхалтай сайн хамгаалсан гэж үнэлж байгаа. Харин Обамагийн хувьд боломж тун бага гэгдэж байсан ч дахин ялалт байгуулж чадлаа. Учир нь, эхний мэтгэлцээнд Ромнигийн баримталсан тактик амжилт олж, олон нийтийн итгэлийг төрүүлсэн. Обамагийн засаглалын үед өрийн хямрал эрчимжиж, ажилгүйдэл нэмэгдэж, эрүүл мэндийн шинэчлэлийн систем нь олон нийтийн шүүмжлэл дагуулаад байсан нь Обамад нэрмээс болов. Гэхдээ ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр Нью Жерси мужид болсон Сенди хар салхины гамшгийн дараа Обама ард иргэдтэйгээ хамт байж, тулхтай улстөрчийн имижийг бүрдүүлж чадсан нь сонгогчдын саналыг эргүүлэхэд нөлөөлж чадлаа. Ийнхүү тэрбээр АНУ-ын түүхэнд хоёр удаа сонгогдсон хар арьст ерөнхийлөгч хэмээн тэмдэглэгдэх болсон билээ.
Путин эргэж ирэв. Улс төрийн олон ажиглагч үүнийг улс төрийн тоглолт гэж харж байсан. Медведевийн засаглалын үед ерөнхий сайдаар ажиллаж байсан Путин дахин ерөнхийлөгч болж, Медведев ерөнхий сайд болов. Оросын залуучууд болоод баруун Европын улсууд үүнийг ардчиллаас ухарсан алхам хэмээн үзэж буй. Владимир Путин ард иргэдийн 63,6 хувь буюу 46 сая 602 мянган хүний саналаар ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ. Тэрээр ийнхүү ерөнхийлөгчийн албыг 12 жил хашихаар болж байгаа юм. ОХУ-ын өнцөг булан бүрт түүний ялалтыг эсэргүүцсэн залуус жагсч ихэнхэд нь сахилгын шийтгэл оноосон. Мөн эсэргүүцэл илэрхийлсэн хэмээн “Pussy Riot” хамтлагын дуучдыг шоронд хорих хүртэл арга хэмжээг авсан юм.
Шинзон Абе Японд ялалт байгууллаа. Түүний тэргүүлдэг Либерал ардчилсан нам парламентын сонгуульд 43,1 хувиар ялалт байгуулж парламетын 294 суудлыг авч чадсан юм. Хэдийгээр ардчилсан намыг энэ жил гарцаагүй ялна хэмээн таамаглаж байсан ч тэд ялалт байгуулж чадсангүй. Үүнд Японы эдийн засгийн хямрал нөлөөлсөн гэж ажиглагчид үзэж байна. Абе 2006-2007 оны хооронд нэг жилийн хугацаанд Японы ерөнхий сайдаар ажиллаж байсан бөгөөд тэргүүлдэг байсан Засгийн газрынх хоёр ч гишүүн авлигын хэрэгт орооцолдож Хөдөө аж ахуйн сайд нь амиа хорлосон хэрэг гарснаар түүний байр суурь ганхсан юм. Улмаар Либерал намын даргын сонгуульд ч тэрээр олонхийн санал авч чадаагүй билээ. Олон нийт болоод ажиглагчид түүний улс төрийн замнал ерөнхийдөө өндөрлөсөн гэж үзэж байсан ч энэ оны сүүлд гайхалтай эргэлт хийж чадсан юм.
БНСУ түүхэндээ анх удаа эмэгтэй хүнээр улсаа удирдуулахаар боллоо. Пак Гён Хэ олон нийтийн 51,6 хувь буюу 15 сая 773 мянган хүний саналаар ерөнхийлөгчөөр сонгогдов. Хэдийгээр түүний өрсөлдөгч Ардчилсан намаас нэр дэвшигч Мүүн Жае Ин ялалт байгуулах өндөр магадлалтай байсан ч санал хураах өдөр байдал эсрэгээрээ эргэсэн. Пак Гён Хэ Өмнөд Солонгосын гурав дахь ерөнхийлөгч, цэргийн дарангуйлагч гэгддэг Пак Чун Э-гийн том охин. Түүнийг нэр дэвшинэ гэдгийг зарлахад өрсөлдөгч намынхан нь сөрөг сурталчилгаагаа аль хэдийнэ бэлтгээд байсан гэхэд хилсдэхгүй. Сонгуулийн сурталчилгаа ч яг үүний дагуу өрнөсөн. Гэсэн хэдий ч Пак Гён Хэ аавынхаа улс төрийн үзлийг эсэргүүцээд зогсохгүй, “Би ийм зүйлийг дахиж гаргахгүй байхын төлөө ажиллана” гэж олон нийтэд зарласан билээ. Магагүй энэ үг нь болоод сүүлийн үед дэлхий нийтэд танигдаад байгаа PSY түүний сонгуулийн кампанид ажилласан нь нөлөөлсөн байж болох талтай.
БНХАУ удирдагчаа солив. Харвардад боловсрол эзэмшсэн Ши Жинпинг ирэх жилүүдэд Хятад улсыг удирдахаар болсон юм. Тэрбээр коммунист ардчилсан засаглалыг эргэлт буцалтгүй сонгож байгаагаа зарласан бөгөөд эдийн засгийн нээлттэй бодлогыг дэмжиж, гадны хөрөнгө оруулалтыг татах бодлого баримтлана гэдгээ зарлав. Мөн авлигатай тууштай тэмцэж улс төрийн томоохон тушаалтнуудыг шалгахаа ч амлаад байгаа. Өмнөх удирдагч Ху Жинтао ч шалгагдах хүмүүсийн тоонд багтсан гэдгийг санах хэрэгтэй. АНУ энэ үйл явдлыг чих тавин хүлээж суусан. Учир нь, сүүлийн 10 жилийн хугацаанд БНХАУ-ын эдийн засаг дэлхийн хоёр дахь томоохон эдийн засаг болж хувираад байгаа билээ.
2007-2008 оны дэлхийн эдийн засгийн хямралаас хойш Европын ихэнх улсад эдийн засгийн сэргэлт ажиглагдахгүй байна. Зөвхөн Герман, Франц, Их Британи гэсэн томоохон гүрнүүдийн эдийн засаг харьцангуй тогтвортой байгаа гэж хэлж болно. Франц, Их Британи Европын холбоонд нэгдсэн ч мөнгөн тэмдэгтээ еврогоор бүрэн солиогүй. Харин Герман еврогийн мөнгөний анхны ханшийг германы дойч маркийн бусад улстай харьцах ханшинд тулгуурлан тогтоосон нь энэ улсад эдийн засгийн хямралд өртүүлэхгүй байх нэг үндэслэл болсон гэхэд хилсдэхгүй.
2012 оны дунд гэхэд бүх Европ даяар хямрал ажиглагдаж эхлэв. Өрийн болон зээлжих зэрэглэлээрээ дэлхийн банкны тогтоосон төвшнөөс доогуур үзүүлэлттэй улсуудын тоо ч нэмэгдсээр байсан юм. Эхлээд Грек, Кипр, Португаль улсын эдийн засаг эмзэг байдалтай байгаа гэсэн судалгаа гараад байсан бол 2012 оны аравдугаар сар гэхэд Европын 17 улсын эдийн засаг эмзэг болжээ.
2012 оны гуравдугаар сарын 9-ний өдөр Грек улс дэлхийн хамгийн том бондыг авч чадав. 206 тэрбум еврогийн бондыг Грекийн Засгийн газар гаргасан. Хэрвээ энэ бүх зээлийг 2022 оны Грекийн дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулж үзвэл 117 хувиар өсөх дүр зураг ажиглагдаж байгаа юм. Грек анх 2010 оны нэгдүгээр сард 47,8 тэрбум еврогийн зээл авсан бол 2011 оны есдүгээр сард 180 тэрбум еврогийн зээлийг аваад байсан билээ. Үүнтэй холбоотойгоор тавдугаар сард болж өнгөрсөн сонгуулийн дараа Грек улс Европын холбооноос гарна гэсэн мэдээлэл цацагдсан ч үүнийг хэрэгжүүлэх эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа. Ямар ч байсан Грекийн эдийн засгийг ирэх 30 жилийн хугацаанд аврахын тулд дэлхийн томоохон 10 гаруй эдийн засагчийг ажиллуулна гэсэн мэдээлэл дэлхий нийтээр цацагдаад байна.
2012 онд Ирланд улсын эдийн засаг томоохон хямралтай учрав. Гэхдээ хямрал зөвхөн 2012 онд гараад ирсэн юм биш. 2008 онд дэлхийн эдийн засгийн хямралаас хойш Ирландын эдийн засаг сэргээгүй гэж болно. Эдийн засгийн байдлыг нь харвал тус улс Грекээс хамаагүй дээр байгаа ч сүүлийн 20 жилийн хугацаанд тулгарч байгаагүй хямралтай учрав. 2010-2011 оны хугацаанд Европын холбооноос эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 85 тэрбум ам.долларын зээл авсан билээ. Үүнийг 2012 оноос төлж эхэлж, бага зэргийн сэргэлт ажиглагдаж байсан Ирландын эдийн засаг дахин ганхаж эхлэв. 2012 оны долдугаар сарын 26-ны өдөр Ирландын Засгийн газар таван жилийн 6,1 хувийн хүүтэй таван тэрбум ам.долларын бондыг аваад байгаа юм.
Португал улсын эдийн засгийн хямрал 2010 оноос эхэлсэн гэж үздэг. Үүнийг цэвэр улстөрийн тохиромжгүй бодлогоос үүдэлтэй гэж үздэг бөгөөд нийгмийн халамж болоод олон нийтийн үйлчилгээний салбарт зарцуулсан мөнгөнөөс хямралын үндэс тавигдсан байна. Харин үүн дээр евро бүсийн болоод АНУ-ын өрийн хямрал ташуур өгсөн гэхэд болно. 2012 оны есдүгээр сард гаргасан судалгаагаар 2014 он гэхэд Португалын өрийн хэмжээ ДНБ-нээс даруй 30 хувиар давна гэж тооцоолж байна. Энэ оны хоёрдугаар хагасын байдлаар тус улсын ажилгүйдлийн хэмжээ 15 хувь болтлоо өсчээ. Мөн өнгөрч буй 2012 онд тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт дөнгөж нэг хувь хүрчээ.
Испанийн хувьд байдал бас л тийм сайн биш. Хэдийгээр олон улсын хамтын нийгэмлэг болоод Европын холбооны туслалцаа нэг их хэрэгтэй биш үзэж байсан ч өнгөрч буй 2012 онд аргагүйн эрхэнд Засгийн газрын бонд гаргахаар болов. Европын холбооны гурав дахь томоохон эдийн засаг гэгддэг энэ улсын тухайд 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын дараачаас эдийн засаг нь тодорхой бус байгаа юм. 2012 оны зургадугаар сараас Европын холбооноос 10 жилийн 7 хувийн хүүтэй 100 тэрбум еврогийн бонд авахаар ярилцаж эхэлсэн бөгөөд 2012 оны аравдугаар сард л энэ шийдвэрийг Испанийн тал бүрэн хүлээн зөвшөөрч байгаагаа зарлан бонд арилжихаар болов. Зарим ажиглагчид энэ шийдвэрийг дэндүү хожимдсон гэж харж байгаа ч испаничууд өөдрөгөөр харж байгаа юм.
Дэлхийн халуун цэг болоод байгаа Сирид мөргөлдөөн биш иргэний дайн явагдаж байна гэж өнгөрсөн тавдугаар сард эрх баригчид нь ч, босогчид ч, НҮБ болон Арабын лигийн орнуудын Сирийн асуудлыг зохицуулан эвлэрүүлэх тусгай элч төлөөлөгч Кофи Аннан ч хүлээн зөвшөөрөв. Персийн булангийн баян орнууд босогчдыг дэмжиж суннитийн сүсэгтнүүд эрх барьдаг орон бөгөөд Ираны хамсаатан Сирийн шийтийн дэглэмийг унагаснаар Ираныг ганцаардуулан бүслэх стратегийн зорилтоо тодотгож буй гэж үзэв. Сөргөлдөгч талуудыг эвлэрүүлэх хожимдсон чармайлт нь үр дүнд хүрээгүйгээс Кофи Аннан огцорсон ч, шинээр сонгогдсон төлөөлөгч ч байдлыг засч чадахгүй байгаа.
Харин энэ хугацаанд босогчид барууныхны тусламжтайгаар байр сууриа бэхжүүлсээр байна. Сирийн тархай бутархай сөрөг хүчнийг нэгтгэн нийлүүлэх асуудлыг Катар удирдахаар болов. Энэ сарын 12-нд Марракешт болсон дэлхийн 130 орны төлөөлөгч оролцсон олон улсын бага хурал Сирийн сөрөг хүчнийг хүлээн зөвшөөрсөнөөр тэд улам хүчирхэгжив. Үүний өмнө АНУ Сирийн босогчдыг хүлээн зөвшөөрч байгаагаа Барак Обама зарласан билээ.
Башар Ассадын эсрэг тэмцэгчдийг дэлхийн ихэнх орон хүлээн зөвшөөрснөөр босогчид зэр зэвсгийн тусламж авахаас гадна НАТО-гийн цэргийн оролцоо Сирид нэвтрэх зам засагдаж байна. Мауммар Каддафийн эсрэг дайныг мөн л сөрөг хүчин нь хүлээн зөвшөөрснөөр эхлүүлж байсан билээ.
Гэхдээ Сир, Ливи хоёрын байдал өөр. Ливи эхнээсээ Бенгази гэсэн баазтай эв нэгдэлтэй болж чадаж байсан бол Сирийн сөрөг хүчний нэгдэл сөргөлдөөн эхэлснээс хоёр жилийн дараа бий болов. Сирийн сөргөлдөөний эхэнд барууныхан босогчдод туслаагүй. Харин энэ 2012 онд босогчид Идлиб мужийг бараг эзлэн Аллепо мужийг хянах болсны дараа тэдэнд тусламж үзүүлэх боллоо. Мөн Сирийн эрх баригчид хүчин мөхөсдөж байгаагаас химийн зэвсэг хэрэглэх аюул гаргах болов. Химийн зэвсэг хэрэглэх нь Ассадын эцсийн алхам болохыг бүгд сануулж байна. Харин өнгөрч байгаа энэ онд Ассадын дэглэмийг Хятад, Орос хоёр дэмжсэнээр сөргөлдөөнийг улам даамжрууллаа. Орос Ойрхи Дорнодод хүчтэй байсан Зөвлөлтийн ашиг сонирхлыг ямар нэгэн хэмжээгээр алдахгүй гэсэн сонирхолтой байгаа. Хэрэв Ассадын дэглэм унавал дараагийн мөргөлдөөн Иранд шилжин Орост улам ойртох болгоомжлол бас Орост бий. Дайн Орост ойртох тусам исламын хэт даврагчдын урсгал Хойд Кавказад орох боломж гарна.
Мароккогийн Гадаад хэргийн сайд Саад-Эддин эль-Отмани (зүүнээс), Саудын сайд Сауд аль-Файзал бин Адбулазиз аль-Сауд (төвд нь), Францын Лоран Фабиус нар “Сирийн найз нөхдийн” Марракеш дэх уулзалт дээр. Фото Reuters
Сирийн сөрөг хүчин гэсэн төсөл бол барууны болон Персийн булангийн орнуудын хэрэгжүүлж буй ажиллагаа. Сирийн сөрөг хүчний бүрэлдэхүүнд янз бүрийн бүлэг хүчин байгаа нь Вашингтонд тэдэнд зэвсэг нийлүүлэх боломж гаргахгүй байгаа. Зарим нэг бүлгийг нь АНУ алан хядагчдын жагсаалтдаа оруулжээ. Гэтэл "Аль-Нусра" гэх бүлгийг босогчид өөрсдийн хамгийн дайчин хүч гэж тооцож байгаа юм.
Гэхдээ Сирийн өнөөгийн байдал гадны тусламжгүйгээр босогчдын ялалт ойртож буйг харуулж байна. Босогчид хурдтайгаар шинэ газар нутгийг эзлэн авч Ассадын дэглэмд тоотой хэдэн хоног үлдэж байна.
Ийнхүү Сирийн хэрэг явдал нэгэн дэглэмийн төсгөл ойртож буйг зөгнөж байгаа бол харин Египетийн хувьсгал үргэлжлэх хандлагатай боллоо. Энэ жил Египетийн ерөнхийлөгчийн сонгууль олны анхаарлыг аргагүй л татлаа. Мусальман ахан дүүс хөдөлгөөний Мохаммед Мурси ерөнхийлөгчөөр сонгогдоод богино хугацааны дотор практикч улстөрчөө харуулан засгийн дээд хэсгээс цэргийн зөвлөлийг зайлуулж чадав. Дараа нь Палестин Израилийн ээлжит мөргөлдөөнд амжилттай зуучлан нэр хүндээ улс орондоо гадаадад ч өсгөж чадлаа. Гэтэл таван сарын турш олж авсан нэр төрөө хэдхэн хоногийн дотор өөрийн эрх мэдлийг хязгааргүй болгох зарлиг гаргаснаар унагав. Өөрөөр хэлбэл, Египетийн либерал ардчилсан хувьсгалчид болон исламуудын хоорондын мөргөлдөөнийг шариатын гэх шашны хуулинд тулгуурласан шинэ Үндсэн хууль гарган олон нийтийн санал асуулгаар шийдүүлж байгаа нь нийгмээ хагарахад хүргэлээ. Египетийн өнөөгийн байдал нь шашны урсгалуудын хоорондын мөргөлдөөний шинжтэй болсноор хяналтаас алдвал иргэний дайнд хүргэх аюул дагуулахаар байна. Бүх египетчүүдийн ерөнхийлөгч болохоор амласан Мохаммед Мурси Арабын хаврын үргэлжлэлийн шинэ давалгааныг өдөөж байна.
НҮБ-ын ажиглагч орон болсон Палестин, ураны баяжуулалтаа зогсолтгүй хийж байгаа Иран, Палестины нутагт суурингаа үргэлжлүүлэн барихаар амласан Израиль, Сирийн босогчдын амжилтууд зэрэг үйл явдлаар Ойрхи Дорнод 2012 онд аргагүй л анхаарлын төвд байлаа.
Фото Reuters
Пхеньян дахиад л 2012 оны гол үйл явдлын нэгд зүй ёсоор тооцогдож байна. Бага зэрэг төөрөлдүүлэн хугацааг нь хойшлуулсан гэж байсан хиймэл дагуулаа тэд товлосон хугацаандаа хөөргөв. Дэлхийн хамтын нийгэмлэг БНАСАУ дэлхий орчмын тойрог замд хиймэл дагуулаа гаргалаа гэж мэдээлэв. Дэлхийн коммунизмын сүүлчийн түшиц болсон ядуу орон сансрын гүрэн гэж хэлэгдэх эрхтэй боллоо.
Шар тэнгисийн эрэгт, Хятадтай хил залгаа нутагт байх Сохэгийн сансрын хөлөг хөөргөх талбайгаас арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн орон нутгийн цагаар өглөөний 09.49-д пуужинг хөөргөлөө. Уг нислэгийг ажиглан хянаж байсан дэлхийн улс гүрнүүдийн зохих байгууллагууд хөөрөлт амжилттай болсныг хүлээн зөвшөөрөв. Пуужингийн эхний шат ажиллаж дуусаад гарааныхаа газраас 200 км-ийн зайд Шар тэнгист, хоёр дахь шатны хөдөлгүүр нь Зүүн Хятадын тэнгист, гурав дахь нь Филлиппинээс зүүн тийш 300-гаад км-ийн зайд далайд унав.
ОХУ-ын Сансрын орон зайг хянах систем, АНУ-ын Агаар, сансрын хамгаалалтын командлал (НОРАД) Пхеньян дэлхий орчмын тойрог замд ямар нэгэн биет гаргасан гэдгийг нотоллоо. Олон орны мэргэжилтэн пуужингийн зөөгч нь юу байсан талаар судлаж, уг пуужин сансрынх уу эсвэл цөмийн цэнэг зөөх баллистик уу гэдгийг шинжилж байна. Хэт хаалттай Хойд Солонгосын пуужингийн хөөргөх бэлтгэл ажлын талаарх анхны мэдээллийг ажиглагчид сансрын хиймэл дагуулын зургаас авч байв. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын сүүлчээр үйлдвэрээс тив алгасан нисэх "Тэпходон" пуужингийн энгийн хувилбар нь болох “Унха” пуужинг талбайд авчирсныг тэд илрүүлсэн. Энэ арванхоёрдугаар сарын эхээр пуужинг талбайд байрлуулсан нь мэдэгдэх үеэр энэ сарын 10-22-ны хооронд хиймэл дагуул хөөргөнө гэдгээ Пхеньян зарласан юм.
Хойд Солонгосын хөрш орнууд “цөмийн клуб”-ын “отгон гишүүн”-д баллистик пуужингийн туршилтыг хориглосон НҮБ-ын тогтоолыг зөрчиж буйг сануулж байлаа. Япон хэрэв пуужингийн томоохон хэлтэрхий нутаг дэвсгэрт нь унахаар бол угтан сөнөөхөөр зэвсэгт хүчнээ байлдааны бэлэн байдалд орууллаа. Мөн ийм арга хэмжээг Орос, Хятад, Өмнөд Солонгос авсан юм.
Арванхоёрдугаар 8-д Пхеньян техникийн саатал гарсан учир 29-ний өдөр хөөргөнө гэж зарлан амжилттай “төөрөгдүүлээд” пуужингаа хөөргөлөө. Ийнхүү Хойд Солонгос дөрөв дэх оролдлогоороо “сансрын клуб”-ын “отгон гишүүн” боллоо.
Хойд Солонгос 2012 оны арванхоёрдугаар сарын 12 хүртэл хиймэл дагуулыг тойрог замд оруулахаар гурван удаа бүтэлгүй оролдлого хийсэн юм. Пхеньян 1998 оны наймдугаар сарын 31-нд "Кванменсон-1”, 2009 оны дөрөвдүгээр сарын 5-нд "Кванменсон-2" дагуулыг хөөргөх оролдлого хийсэн. Тэд хөөргөлтөө амжилттай боллоо гэж байсан ч Дэлхийн хамтын нийгэмлэг үүнийг бүтэлгүй оролдлого гэж нэрлэсэн. Үнэндээ ч хойд солонгосчуудын хөлөг сансарт “тэмдэглэгдсэнгүй”.
Дараа нь буюу энэ жилийн хавар хөөргөлт хийхээр дахин зарлаж Пхеньян Кимийн овгийн гурав дахь Ким Чен Унын удирдлага дор өмнө байгаагүй ил тод байдлыг харуулан гадаадын сурвалжлагч нарыг урьсан. Харин Сохэ талбайгаас хөөргөсөн сайжруулсан “Унха” нь гараанаас хөөрөөд хоёр минутын дараа дэлбэрсэн билээ.
Өмнөд Солонгосын телевизийн харуулсан зураг
Хойд Солонгос хавар сүйрсэн "Кванменсон-3" нэртэй хиймэл дагуулаа тойрог замд гаргасныг НОРАД батлан мэдээлсэн ч хиймэл дагуулаас ямар нэгэн дохио, мэдээлэл аваагүй учраас хиймэл дагуул нэрээр цул төмөр хөөргөн энэ халхавч дор тив алгасан нисэх пуужинг туршсан гэх сэжиг улам бүр бодитой болж байна. Харин цэргийн чиглэлийн асар их сонирхолтой ч хөрөнгө мөнгөний ихээхэн гачаалтай, техникийн дэвшил сул энэ орон ийм ээдрээтэй төслийг хэрхэн биелүүлж чадсан нь анхаарал татаж байгаа юм. Өмнөд Солонгосын тооцоогоор эдгээр туршилтуудад Хойд Солонгос наад зах нь 1,3 тэрбум ам.доллар зарцуулжээ. Гэтэл Хойд Солонгосын дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл жилдээ 40 тэрбум доллар. Зөвхөн энэ жил хөөргөсөн пуужингуудын зардлаар 4,6 сая тонн улаан буудай худалдан авч болох байв.
Өмнөд Солонгос 2008 он хүртэл ахан дүүгийн тусламж болгон жилдээ 400 мянган тонн цагаан будаа илгээж байв. Гэхдээ сүүлийн жилүүдэд Хойд Солонгосын өлсгөлөн нь хэт дэвэргэсэн гэх дүгнэлтийг мэргэжилтнүүд хийх болсон байна. Ихэнх иргэд нь маш хязгаарлагдмал хэрэгцээн дор амьдарч байгаа ч тэд цэргийн зардлаа нэмсээр байна.
Өнгөрч байгаа он Хойд Солонгосын шинэ лидер Ким Чен Унын хувьд амжилттай он байсан гэж болно. Засагт гараад нэг жил болох хугацаанд тэрээр боломжийн гэх засгийн бүх л эрх мэдлийг бүгдийг нь гартаа оруулж чадлаа. Цэргийн нөлөө бүхий дээд удирдлагыг өөрийн талын хүмүүсээр томилон хэт их эрх мэдэлтэй маршлуудаа зайлуулж чадлаа. Микки Маус мэтийн шинэ дүр зургийг урлагт оруулж, гэргийгээ нийтэд ил гарган танилцуулах мэтээр тэрээр өөрийн “шинэчлэл”-ийг хийлээ. “Шинэчлэл” үүнээс цааш хэтэрсэнгүй.
Ихээхэн зарлагатайгаар пуужингаа хөөргөснөөр тэрээр шинэ лидерээр удирдуулсан Хойд Солонгос өмнө гараагүй өндөрт гарсан мөн өөрийнх нь дэглэм цөмийн зэвсэг хүргэх төхөөрөмжтэй гэдгийг харуулж байна. Пхеньян цөмийн бөмбөгтэй эсэх нь чухал биш ч өөрсдийнх нь дээрээс унах магадлалтай туршилтыг дэмжих орон байхгүй нь тодорхой билээ.
Энэ оны долдугаар сараас дэлхий нийтийг донсолгох нэгэн дуу анх удаа цацагдав. Өмнөд Солонгосын репер өдгөө 37 гаруй настай PSY-ын “Gangnam Style” дуу. Анх цацагдаад хүмүүсийн анхаарлыг төдийлөн татсангүй. Харин фейсбүүк болон твиттер хуудас болгонд постлогдсон нь тэсрэлт хийхэд нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд үзэж байгаа. Энэ дуу Гиннесийн рекордын номонд 6,2 сая “лайк” цуглуулснаараа бичигдэж, YouTube-ыг албан ёсоор нээгдсэнээс хойш анх удаа 1,3 тэрбум хүн үзсэн видео болсон билээ. Үүгээр түүний амжилт дуусахгүй. АНУ-ын бараг бүх нэр хүндтэй шоунд уригдаж, Их Британийн ерөнхий сайдын урилгаар Их Британид, Барак Обамагийн урилгаар түүний нэгэн буяны арга хэмжээнд дуулсан юм. Мөн Барак Обама, БНСУ-ын анхны эмэгтэй ерөнхийлөгч Пак Гён Хэ нар сонгуулийн сурталчилгаанд хувь нэмрээ оруулав.
Энэ дуучны нийгэмд үзүүлсэн нөлөө нь ч асар их. АНУ-ын сансар судлалын академи болоод лалын хэт даврагчдад хүртэл түүний энэ дуу нөлөөлж чадсан. Бүх улс орны төрийн тэргүүн болоод улстөрчид түүний бүжгийг дуурайн бүжиглэж улс төрийн “оноогоо” дээшлүүлж байсан. Мөн тэрээр Биллборд болоод Их Британийн дууны жагсаалтад 1963 оноос хойш ази хүний үзүүлж байгаагүй амжилтыг үзүүлэв. Биллбордын дууны жагсаалтад Японы дуучин Кю Сакамото "Сукияки" дуу 1963 оны зургадугаар сарын 15-долдугаар сарын 6-ны хооронд гурван долоо хоног тэргүүн байрт бичигдэж байснаас хойш PSY-ын “Gangnam Style” энэ амжилтыг бараг давтах шахав. Тэрээр 10 гаруй долоо хоногийн турш Биллбордын шилдэг дууны жагсалтын эхний 10-т, 15 долоо хоногийн турш Их Британийн хөгжмийн жагсаалтын эхний 10-т жагсч гайхалтай амжилт гаргасан билээ. Үүнээс гадны өөр бусад 30 оронд тэргүүн байрт жагсчээ.
Сөүл хотод байх Гангнам дүүрэг түүний буянаар дэлхий нийтийн анхаарлын төвд орсон. Энэ нь Солонгосын хамгийн дээд зэрэглэлийн дүүргээс гадна эдийн засаг бизнесийн томоохон төв билээ.
Мөн АНУ-ын хөгжмийн шагнал гардуулах наадмаас шилдэг шинэ уран бүтээлч хүндэтгэлийн шагнал, MTV Европын хөгжмийн наадмаас шилдэг клип, Mnet Азийн хөгжмийн наадмаас шилдэг клип, шилдэг дуу, People’s Choice наадмаас олны таашаалд хүрсэн клип зэрэг шагналын эзэн болжээ.
“Түүний хөгжмийг зүгээр л сонсоод, Солонгосын тэсрэлтийг мэдэрье”. Энэ бол алдарт Bono-гийн үг. U2 хамтлагын уран бүтээлч тэрээр энэ дууг “Цэвэр олон нийтэд хүрэхийн тулд шинийг сэдэж хийсэн уран бүтээл. Хэдийгээр мэргэжлийн талаас яривал шаардлага хангахгүй ч энэ дууг сонсоод хүмүүс уйдахгүй” гэсэн байдаг. Үүнээс гадна өөр олон уран бүтээлчид тухайлбал Lil Wayne, Britney Spears, Katy Perry, Jessie J, Justin Bieber нар түүний уран бүтээлийг магтсан байдаг. Энэ дууг олон хүн буяны арга хэмжээнд ашигласан байдаг аж. Мөн дэлхий нийтийн уриалга болсон төсөл хөтөлбөрүүдэд ч гол дуу болгон ашиглаж байгаа билээ.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Берлинд болох Шинэ жилийг угтах ёслолын үеэр түүний дуун дээр нэг сая хүн бүжиглэх дэлхийн хамгийн том флешмобыг зохион байгуулахаар болжээ. Үүнийг зохион байгуулах зардлыг Берлин хотын захиргаанаас гаргахаар болсон аж. Мөн түүний дууг Эмнести Интернейшнл олон улсын байгууллага хүний эрхийн төлөөх богино хэмжээний кинонд ашигласан байна.