
Харийн орныг зорьж, элэг шилжүүлэн суулгах мэс засалд орохоос нааш хорвоогийн тоосыг хөдөлгөх хувь дутаж буй гэх оноштой М.Сайханбилэг хүү Солонгос орныг зорих өдрөө тэсэн ядан хүлээж сууна. “Mongolian Economy” сэтгүүлийн хамт олон Сайханбилэг хүүтэй өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт очиж уулзахад, дотуур цус алдан, царай нь цонхийсон байлаа. “Хоёр хоногийн давтамжтайгаар цус алдаад байна” хэмээн энэлэн суусан ээж нь өнөөдөр “Хүүгийн минь биеийн байдал өнгөрсөн тав хоногийн хугацаанд тогтворжиж, дуу шуу ороод уйлахаа больсон, цус огт алдаагүй” хэмээн өөдрөг хэлж сууна. Олон түмний сэтгэлийн дэм, итгэлийн үгс эцэг, эхийнх нь урам зоригийг бадрааж, хүүд нь ч тэр чинээгээр нөлөөлж байх шиг. Хүслээр болдоггүй хяслант хорвоод хүн хүндээ хайртай байвал давшгүй зовлон мятрашгүй саад гэж үгүй болохыг энэхүү үйл явдал гэрчилж байна.
Сайханбилэг хүүгийн инээх нь олширч, шөнөдөө тайван нойрсож байгаагийн зэрэгцээ зүүдэндээ хүртэл үнэгчлэн инээж байгааг ээж нь ойрын өдрүүдэд анзаарчээ. Магадгүй тэрбээр гэрэлт ирээдүйгээ зөгнөн зүүдэлж байгаа байх. Түүнд ийм л их амьдрах хүсэл, зориг ундарч байна. “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв"-ийн Мэс заслын тасгийн зөвлөх эмч Д.Авирмэд, дурангийн эмч н.Отгонсүрэн тэргүүтэй зөвлөл хуралдаад, хүүгийн бие ойрын өдрүүдэд тогтворжиж байгаа учир дурангийн мэс засал хийх шаардлагагүй боллоо хэмээн өнөөдөр мэдэгджээ. Дурангийн мэс засал нь хүндэрсэн шатанд аргагүйдэж хийх амь торгоох мэс засал гэдгийг эмч нар хэлж байгаа. Учир нь дөнгөж нэг нас гарантай нялх түүний венийн судас, улаан хоолой хагалгааны үеэр гэмтэж ч мэдэх аж. Гэсэн ч энэ бол тайвшрах дохио бус яаравчлах сануулга. Хүүгийн бие тогтворжино гэдэг бол онгоцоор нисэж болох боломж гэсэн үг. Сайханбилэгийн аав Б.Мягмар донорын шинжилгээгээ баталгаажуулан оношилгоо хийлгэхийн сацуу шаардлагатай бичиг, баримтаа эмхэлж бараг дуусчээ. Одоо мөнгөө бүрдүүлчихвэл явлаа шүү дээ. Шинэ он гарахаас өмнө Солонгосын “Анам” эмнэлэгт хүрчихвэл 2013 он Сайханбилэг хүүгийн хувьд амьдралын шинэ гараа, гэрэлт ирээдүйн эхлэл байх болно. Сэтгэл зүтгэлд дэлхий ертөнц хүртэл өөрөө зам тавьж өгдөг гэдэг дээ. Нэгхэн настай Сайханбилэг хүү бууж өгөөгүй байхад бид бууж өгч болно гэж үү. Тиймээс сайхан сэтгэлт хүмүүс минь өөрийнхөөс ялгаагүй хүүдээ тусламжийн гараа сунгацгаая.

Б.ЭНХЦЭЦЭГ
“Mongolian Economy” сэтгүүл
“Mongolian Economy” сэтгүүл