Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд уг хуулийн төсөл дээр ажиллаад малчдад олгох урамшууллын мөнгийг 2013 оны төсвийн тодотгол хийх хүрээнд тусгах, дараагийн жилүүдэд нэгдсэн төсөвт шаардлагатай хөрөнгийг шууд тусгаад явдаг байхаар зарчмын шийдэлд хүрчээ.
Хоёр дахь зарчмын өөрчлөлт нь бондын хүү долоон хувиас хэтрэхгүй байхаар зааж өгчээ. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Арваннэгдүгээр сард ихэнх малчид идшээ хийгээд, арьс ширээ ченжүүдэд тушаачихсан. Энэ нөхцөлд малчид урамшуулал авах бололцоо хомс байна. Үндсэндээ оройтчихлоо. Дээр нь Хүний хөгжлийн санг санхүүжүүлэх хүрээнд саяхан Засгийн газарт бонд гаргах эрхийг УИХ-аас өгсөн боловч өнөөдрийг хүртэл бондыг нь худалдаж авах газар олдохгүй байна. Ийм төвөгтэй нөхцөлд бондын хүү долоон хувиас хэтрэхгүй байна гэж зааж өгсөн нь бодит байдалтайгаа хэр нийцэж байна вэ” гэдгийг тодруулсан юм.
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Бондын хүүгийн төвшинг тогтоох шаардлагатай байгаа. Тиймээс долоон хувь гэж тогтоосон. Арьс ширний урамшууллын тухайд салбарын сайд нь хариулт өгнө” гэсэн юм.
Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын тайлбараар бол “Арванхоёр, нэг, хоёрдугаар сард мал нядалгаа болно. Тиймээс арьс шир малчдын гарт байх боломжтой” гэлээ.
Мөн энэхүү асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Батцогт үндэсний үйлдвэр нэрийн дор Засгийн газрын бондыг гадаадын хөрөнгө оруулалттай арьс шир боловсруулах үйлдвэрүүд авчих юм биш биз гэсэн хардлага тээж буйгаа нуусангүй. Нөгөө талаас үндэсний үйлдвэрүүд хэр их түүхий эдийг боловсруулах хүчин чадалтай байна вэ гэлээ.
Салбарын сайд энэ асуултад хариулахдаа “Малын арьс шир боловсруулдаг үндэсний үйлдвэрийн жагсаалтыг гаргачихсан. Түүнд ганцхан Италийн хөрөнгө оруулалттай үйлдвэр багтсан. Энэ үйлдвэр техник технологийн бүрэн шинэчлэл хийсэн байгаа, дээр нь Монголын Италид төлөх ёстой өрийг бүрэн цайруулсан байдаг учраас энэ бүхнийг бодолцож багтаасан.
Үндэсний үйлдвэрүүддээ хөнгөлөлттэй зээл олгосноор техник технологио шинэчлэх боломжтой болно. Мөн малчдын үндэсний үйлдвэртээ тушаасан арьс, ширэнд урамшуулал олгосноор түүхий эдээр гачигдахгүй. Одоогийн тогтолцоогоор ченжүүд малчдаас үнэ цохиж арьс шир цуглуулж аваад, үндэсний үйлдвэрүүд 2-3 сарын хугацаанд л ажиллаж байна. Харин эдгээр дэмжлэг үзүүлснээр эргээд үндэсний үйлдвэрүүд жилийн турш ажиллах бололцоо бүрдэнэ. “Дархан нэхий”, “Дархан минж” зэрэг компаниудын хувьд 4-6 сая нэхий боловсруулах хүчин чадалтай байгаа” гэлээ.
Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Уянга бог, бод малын урамшуулалд олгох мөнгийг ямар тооцоо үндэслэлтэйгээр гаргаж ирсэнд хариулт шаардав. Бод малын ширэнд 15 мянган төгрөгийн урамшуулал олгох нь өндөр ханш гэж үйлдвэрлэгчдийн зүгээс хэлсэн тухай онцоллоо. Харин сайд Х.Баттулга “Одоогийн байдлаар бод малын ширний үнэ 30000-38000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа. Үндэсний үйлдвэрт түүхий эд худалдан авах хүрээнд арьс ширний үнэ бууж мэднэ. Тэгэхдээ урамшуулал олгохоор одоогийн үнэ ханшийг барих боломжтой болно. Тиймээс энэ шалтгааныг оруулж гаргасан үнэ” гэсэн юм.
Эцэст нь энэхүү Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.