Хөнгөн хэлбэрийн хордлого учир эмнэлэгт хэвтсэн хүн байхгүй гэв

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Хөнгөн хэлбэрийн хордлого учир эмнэлэгт хэвтсэн хүн байхгүй гэв

– Ачаалал ихтэй үед зарим чиглэлд 17-22 цагийн хооронд цахилгааны хязгаарлалт хийж байгаа –

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын “Дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн цахилгаан хуваарилах байгууламжид гэмтэл гарсан. Оюутолгойд ажиллаж байсан ажилтнууд хоолондоо хордож, мөн зарим суманд нь галзуу өвчин дэгдээд байгаа билээ. Нөхцөл байдал ямар байгаа талаар Өмнөговь аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга, тэргүүн ахмад  Г.Буянтогтохоос тодрууллаа.

-Хоолны хордлого авсан хүмүүсийн биеийн байдал ямар байна вэ. Юунаас хордсон болохыг тогтоосон уу?

-Оюутолгойд нийт 700 гаруй хүн ажиллаж байгаа. “Бамбай” харуул хамгаалалтын албаны 29 ажилтан хоолны хордлого авсан.  Мэдээлэл авсан даруй манай хэлтэс болон мэргэжлийн хяналт, нэгдсэн эмнэлгийнхнээс бүрдсэн ажлын хэсэг Оюутолгой руу явлаа. Өнөөдөр ирсэн мэдээгээр тухайн өдөр идсэн хоолны дээж болон хоол бэлтгэдэг газраас арчдас аван шинжилгээнд өгсөн. Одоогоор шинжилгээний хариу гараагүй учир юунаас хордсон нь тодорхой бус байна.

-Зарим нэг хүн хүндрээд аймгийн эмнэлэгт ирсэн гэсэн үү?

-Хордлого нь хөнгөн хэлбэрийнх юм билээ. Харуул хамгаалалтын 29 ажилтан гүйлгэх төдий байна. Эмнэлэгт ирж хэвтэн эмчлүүлж байгаа хүн  байхгүй. Тэдгээр ажилтнууд одоо ажлаа хийж байгаа.

-Танай аймаг цахилгаан дулаанаа хэвийн хангаж байгаа юу. Сургууль цэцэрлэг хэвийн ажиллаж байгаа уу?

-Шивээ-Овоогоос авчирсан  нэг генератор, нэг зуух ажиллаж байна. Одоо аймгийн хэмжээнд цахилгаан дулаанаар хэвийн хангаж эхэлсэн. Ачаалал ихтэй үед зарим чиглэлд 17-22 цагийн хооронд цахилгааны хязгаарлалт хийж байгаа. Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн байгаа. Өмнөд Солонгос руу захиалсан техник хэрэгсэл энэ сардаа багтаад  ирэх бололтой.

-Танай аймгийн зарим сумдад галзуу өвчин гараад байгаа. Нэмж мал халдвар авсан уу?

-Манлай сумын хоёр багт нутагт мал, амьтны галзуу өвчин гарсан. Шаардлагатай арга хэмжээ авч, хорио цээрийн дэглэм тогтоосон. Галзуу өвчний шинж илэрсэн 67 үнэгийг устгасан. Тухайн багийн  151 өрхийн 11064 мал, /тэмээ-1883, адуу-22, үхэр-63, хонь-3135, ямаа-5961/ 127 нохойд урьдчилан сэргийлэх вакцин хийсэн. Нэмж мал өвчлөөгүй байгаа.

Х.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж