2010 оны долдугаар сарын 25. Энэ бол Жулиан Ассанж гэх нэр олонд танигдаж, АНУ-ын цэргийн үйл ажиллагааны үнэн дэлгэгдсэн өдөр. Арай өөрөөр хэлбэл Ассанж, АНУ-ын овоо хараанд орсон өдөр. Түүний үндэслэсэн “ВикиЛикс” сайтад АНУ-ын Афганистан улсад явуулсан цэргийн ажиллагааны нууцыг олон нийтэд дэлгэн тавьсан томоохон материал нийтлэгдсэн юм. Үүнд ямар, ямар ажиллагаа явуулсан, насанд хүрээгүй хүүхэд болоод жирийн иргэдийг хэрхэн хороосон тухай болон цэргийн зардал зэргийг олон нийтэд ил болсон билээ. Үүний дараа тэрээр дэлхийн хамгийн алдартай хүмүүсийн эгнээнд багтсан юм. Түүнийг шуугиан тарьсан материалаа нийтэлсний дараа Шведийн цагдаагийн газраас мэдүүлэг авах зарлан дуудах ирүүлжээ, “ВикиЛикс”-ийн эмэгтэй ажилчдыг бэлгийн хүчирхийлэл хийхийг шаардсан гэдэг үндэслэлээр. Ингээд дэлхийн ихэнх хэвлэл мэдээллийн байгууллага түүнд зохиомол хэрэг тохох гэж байна хэмээн үзэж, олон улсын хүний эрхийн байгууллагууд ч Ассанжийн эрхийг хамгаалахын төлөө дуу хоолойгоо нэгтгэж эхэлсэн юм.
Нууцыг задалдаг гэх “ВикиЛикс” сайт 2006 онд байгуулагджээ. Байгуулагдсан цагаасаа л аливаа нэг улс орны болохгүй, бүтэхгүй байгаа зүйлсийг илчилж эхэлсэн гэхэд болно. Хэдийгээр маш жижиг сайт хэмээгдэж байсан ч сэтгүүлчдийг эрэн сурвалжлах чиглэлээр ажиллуулж томоохон хэргүүдийг олон нийтэд ил болгох зорилготойгоор байгуулагдсан гэдэг. Кубын Засгийн газар мөнгө хэрхэн угаадаг, Кенийн цэргүүд бага насны хүүхдүүдийг хэрхэн цэрэгт татдаг, олон нийтийг хэрхэн хоморголон устгадаг, Гуантанамогийн цэргийн шоронгийн бодит байдал чухам ямар болохыг энэ сайт л олон нийтэд ил болгосон юм.
Зөвхөн 2010 онд л гэхэд “ВикиЛикс” вебсайтад АНУ-ын маш олон тооны нууцын зэрэглэлд багтах мэдээллүүд олны хүртээл болжээ. Жишээ дурьдая. 391,382 мянган Иракийн дайнтай холбоо бүхий баримт, Афганы дайнтай холбоо бүхий 90 мянган баримт олонд ил болсон байна. Энэ бүгдээс Иракийн газар нутагт пуужин ч юм уу, цөмийн зэвсэг хайх гэж биш газрын тосны нөөц, улс төрийн нөхцөл байдлыг нь өөрчлөхийн тулд л дайн хийсэн нь тодорхой болсон. Тэрээр Германы Der Speigel сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Энэ бол үнэхээр зүрх шархлуулсан материалууд байсан. Өдөр бүр дайн хийж ардчилал авчрах нэрээр харгислал үйлдэж байсан нь тодорхой болсон. Үүнийг олон нийт мэдэх ёстой шүү дээ” гэж байв. Түүний энэ ярилцлагаас хойш нэр хүнд нь олон нийтийн дунд огцом өсч, өөр олон баримт материалыг олон нийтэд ил болгохыг хүсч эхэлсэн билээ. Яг энэ мөчөөс хойш түүнийг бэлгийн мөлжлөгийн хэрэгт холбогдуулан шалгах ажиллагааг Шведийн Засгийн газрын зүгээс эрчимжүүлэв. Өнгөрсөн жилүүдийн туршид тэрээр Английн Лондон хотын хойд хэсэгт байдаг Эллингтон танхимд амьдарч ирсэн билээ. Арай хатуухнаар хэлвэл гэрийн хорионд байсан гэхэд болно. Энэ хугацаанд тэрээр өөрийн энэхүү үйлдлээсээ хэзээ ч ухрахгүй гэдгээ албан ёсоор зарласан бөгөөд үзэл бодлыг нь ямар ч мөрдөн байцаалт няцаахгүй гэж мэдэгдсэн юм.
Афганы дайны тухай ноцтой мэдээлэл “ВикиЛикс”-т тавигдсанаас хойш эрхлэн гаргагч Жулиан Ассанжийн нэр хүнд гэрлийн хурдаар өсч эхлэв. Дэлхийн өнцөг булан бүрийн оройн мэдээгээр түүний нэр зогсоо зайгүй цацагдаж, ямар хүн байгааг таних гэж оролдож эхэлсэн гэхэд болно. Удалгүй хэдхэн өдрийн дараа цагаан үстэй, туранхай басхүү ёжтой инээмсэглэсэн энэ эрхэм том гүрний нууж байсан мэдээллийг нийтэд ил болгож байсан нь тодорхой болсон юм. Олон нийт түүнийг нийтийн эрх ашгийг хүндэтгэдэг баатрын дүрээр харж байсан бол АНУ-ын хувьд улсын нууц задруулсан нийгмийн дайсны дүрээр үзэгдэж байлаа. Түүнд Америкийн ихэнх улстөрчид “батлан хамгаалахын нууц задруулсан дайсан”, “цэргийн дайсан” гэх нэр хоч өгч байсан юм. Нью-Йорк хотоос сонгогдсон сенатор Петр Кинг түүнийг “нийгмийн дайсан” гэж дуудаж байлаа. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон ч түүнийг улсаасаа урвасан хэмээн үзэж байснаа нуугаагүй. Хамгийн сонирхолтой нь улстөрчид бүгд түүний эсрэг зогсох тусам олон нийт түүний талд орж байлаа. Түүнийг бэлгийн хүчирхийллийн хэргээр шоронд хорих ажиллагаа ид өрнөж байхад TIME сэтгүүл оны 100 хүнд нэрлэж, олон нийт түүнийг санал асуулгаар оны хүнд шалгарч байсан удаатай. 2011 оны есдүгээр сарын 2-нд “ВикиЛикс” сайт өөрийн дипломат сүлжээгээ ашиглан 251,287 ширхэг материалыг өөрийн болгосон бөгөөд бусад сүлжээгээ ашиглан олон нийтэд хүргэжээ. Үүний дараа АНУ-ын Сэтгүүлчдийн холбоо болоод Олон улсын сэтгүүлчдийн холбооноос түүнийг эрхийг хамгаалахаа зарлаж, Марта Гелхорны нэрэмжит шагналыг түүнд олгосон байна.
Тэрээр АНУ-ын улстөрийн бодлогыг шүүмжилснээсээ болж ажлаасаа халагдсан олон хүнийг таньдаг бөгөөд тэдний тусламжтайгаар мэдээлэл олж авдаг. Гэхдээ энэ бол зөвхөн таамаг. “Би болон бид энэ хүмүүсийг илчлэх эрх байхгүй. Тэд бидэнд итгэж мэдээллээ өгсөн. Тэр мэдээллийг би олон нийтэд хүргэсэн. Заавал нэртэй, устай нь зарлах эрх надад байхгүй” гэж TED ярилцлагын цагт оролцож байхдаа Ассанж ярьжээ. Түүний үүсгэн байгуулсан “ВикиЛикс” сайтыг шинэ зуун гарснаас хойш хамгийн шуугиан тарьсан “бүтээл” гэж үзэж байгаа. Учир нь Кени болоод Куба, АНУ, Их Британийн төрийн хэмжээний нууц түүний гарт бий. Түүнийгээ хэзээ ч хамаагүй олон нийтэд хүргэх болно гэдгээ албан ёсоор зарлаад байгаа. “Тэр бол үнэхээр зоригтой хүн. Ямар ч хүн энэ мэдээллийг гаргасныхаа төлөө ямар ч төлөөсийг төлж болно. Гэтэл тэр шантрахгүйгээр үнэний төлөө зогссоор байна” гэж CNN агентлагын анкор Клаудиа Аманпур ярьжээ.
Энэ бол хамгийн том асуулт. Түүний ажлын арга барил, шүгэл үлээгчдийг хамгаалж байгаа, сэтгүүлчдийн үндсэн эрх ашгийн төлөө гайхалтай ажиллаж байгааг нь харвал тэр сэтгүүлч. Гэхдээ тэр математикч мэргэжилтэй. Тэрээр компьютерийн программыг голчлон сонирхдог байсан бөгөөд хакердах программ зохиож гаршсан аж. 1991 оны Нортел нэртэй цахилгаан холбооны компанид мастерийн шугамд ахлах ажилтнаар ажилладаг байжээ. Тэр үеэс хакердах авьяасаа улам сайжруулсан гэдэг. Афганы болоод Иракийн дайны тухай сэтгэл эмзэглүүлсэн материалыг цуглуулахад түүний энэ чадвар ч тус болсон байж болох талтай. “Би сэтгүүлч биш. Гэхдээ бас тэмцэгч ч биш. Би зүгээр л олон нийтийн заавал ч үгүй мэдэх ёстой мэдээллийг ил болгох хүсэлтэй хүн. Олон нийтэд мэдэх эрх нь бий. Хүмүүс бол сургуультай амьтад биш шүү дээ. Тэд үнэнийг мэдэх ёстой. Улстөр хэмээх аймшигтай жүжгийн тайзны хөшигний цаана ямар бузар булай зүйл болдгийг тэд мэдэх эрхтэй” гэж ярьж байсан удаатай. Өөрийн эзэмшсэн математикч мэргэжилтэйгээ зөрчилдөхүйц зантай түүнд зарим сэтгүүлчдийн мөрөөдөл болсон олон нэр хүндтэй шагнал бий. Бүр Нобелийн энхтайвны шагналд ч нэр дэвшиж байсан удаатай.
Олон нийт түүнийг хүний эрхийн төлөө тэмцэгч гэдгээр нь илүү үнэлдэг. Тэрээр мэдэх эрхийн тухай цаг тутам ярьдаг болохоор олон нийт ингэж дүгнэхээс өөр аргагүй ч байж болох.
Энэ сард тэрээр маш хүчтэй мэдэгдлээ хийлээ. Энэ бол ирэх жил Сирийн дайнтай холбоотой нэг сая гаруй нууц материалыг дэлхий нийтэд ил болгох тухай мэдэгдэл. Эквадор улсаас улстөрийн орогнол хүсээд хүлээж авсан болохоор тэрээр тус улсын нэгэн газарт өөрийн оффисийг тохижуулсан бөгөөд ирэх жилүүдэд тэрээр тэндээсээ ажлаа маш хүчтэйгээр эхлүүлэх болно гэдгээ зарлаад байна. Түүний гарт одоогийн байдлаар АНУ-ын Сири улсад явуулж байгаа цэргийн ажиллагааны тухай нэг сая баримт байгаа бөгөөд хамгийн ноцтой гэсэн баримтуудыг ирэх оны эхний хагаст, сүүлийн баримтуудыг ирэх оны өвөл олон нийтэд ил болгох аж. Гэхдээ тэр чухам ямар эх үүсвэрээр эдгээр материалаа цацах нь одоогоор тодорхойгүй байна. Дээрээс хаанаас санхүүжилт авах нь ч тодорхой бус. ВикиСпүүкс, ВикиЛикс 2.0 гэсэн өөр домейн нэр авсан ч интернетийн орчинд ажиллахгүй байгаа ажээ. Сүүлийн нэг жилд тэдний өөр, өөр нэрээр нээсэн сайтууд нь цацагдаад 10 хоногийн дараа л хаагдаад байгаа юм. Энэ бол түүний өмнө тулгарч байгаа хамгийн том бэрхшээл. Гэвч түүнийг дахин ямар алхам хийхийг ирэх онд бид харах буй за.