“Хоёр хувь нь л хөрөнгийн зах зээлийн ойлголттой байна”

Хуучирсан мэдээ: 2012.12.25-нд нийтлэгдсэн

“Хоёр хувь нь л хөрөнгийн зах зээлийн ойлголттой байна”

Хөрөнгө оруулалтын “Стандарт капитал” банкны ТУЗ-ийн дарга Ган­болдын ЛХАМСҮРЭНТЭЙ хөрөнгийн зах зээлийн та­лаар яриа өрнүүллээ. Түү­нийг “Хувь­цааны цагаан толгой” номоор нь манай уншигчид мэдэх болсон юм.

-Монгол Улс чөлөөт зах зээ­лийн системд шилжээд 20 гаруй жил болж байна. Үүнийг дагаж гарч ирсэн нэг салбар нь үнэт цаасны зах зээл байх. Энэ талаар манай иргэд ямар ойлголт, мэдлэг боловс­ролтой байдаг юм бол?

-Нүүдэлчин соёл иргэн­шилтэй монголчуудын хувьд хүн бүхэн өөрийн өмчтэй бо­лох үйл явц 1990 оны ард­чилсан хувьсгалын үр дүнд бий болсон. Үүнээс өмнө бид бүгд өмчлөгчийн бус эзэмшигчийн сэтгэл­гээгээр бүх зүйлд ханд­даг байлаа. 1991 оны нэгдүгээр сард гаргасан 22 дугаар тог­тоолоор төгрөгийн ханшийг хоёр дахин унагасны дараа улсын өмчийн 475 үйлдвэрийн газрыг хувь­чилсан байдаг. Энэ нь тухайн үеийн ханшаар 8.2 тэрбум төгрөгийн хөрөнгө байсан бөгөөд нийт ард иргэд­дээ цэнхэр, ягаан тасалбараар хуваасан. Бүх ард нийтийг өмч хөрөнгөтэй болгох гэсэн анхны оролдлого нь энэ байжээ. Өнөөдрийн “Тавантолгой”-н хувьцаа шиг. Харамсалтай нь, тухайн үед  бидэнд хувь хүний санхүүгийн соёл, хувьцаа, үнэт цаасны тухай ойлголт бай­сангүй. Одоо ч хангалтгүй байгаа. Дэлхийн хөгжингүй улс орнуудын нийт хүн амын 40-60 хувь нь хөрөн­гийн зах зээлийн талаар тодор­хой хэм­жээний ойлголт, мэд­лэгтэй байдаг гэнэ. Манайхны тухайд ердөө хоёр хувь нь л энэ талын мэдлэг боловсрол, ойлголттой байж үнэт цаасны арил­жаа, үүний үйл явцад оролцож бай­на.

-Хүн амын цөөхөн хэсэг нь энэ зах зээлд оролцдог учраас санхүү­гийн секторт эзлэх хувь хэмжээ ч бага байдаг байх. Хөрөнгийн зах зээл ер нь хэдэн хувийг бүрдүүлж байна вэ?

-Хөгжилтэй орнуудын сан­хүүгийн зах зээлийн 50 хувийг банкны салбар бүрдүүлдэг бол хөрөнгийн зах зээл мөн төдий хувийг нь дааж байдаг. Манайд байдал шал өөр. Банкны сал­бар 94 хувийг, үлдсэн багахан хэсгийг хөрөнгийн зах зээл төвлө­рүүлж байна.

Энэ нь нөгөө л иргэдийн маань санхүүгийн боловсрол, соёлтой холбоотой. Наад зах нь “Цагийн хүрд” ч юм уу эдийн засгийн сэдэвтэй нэвтрүүл­гээр олон улсын хөрөнгийн зах зээлтэй  холбоотой мэдээлэл гарахаар өөрөөсөө хол гэж үзээд сувгаа сольчихдог. Уг нь тэр бүхэн дэлхийн долоон тэрбум хүнд бүгдэд нь хамаа­тай мэдээлэл шүү дээ. Хэрэв та нимгэн зузаан нь хамаагүй тү­рийвч­тэй л бол үүнийг сонир­хох, цааш­лаад санхүүгийн мэдлэгтэй болох хүсэл эр­мэлзэлтэй байх ёстой юм. Үүнд бага боловч тус болох гэж “Хувь­цааны цагаан толгой” номыг хэвлүүл­сэн. Энэ маань өмнө нь цуврал лекц байсныг эмхэтгэж гаргасан нь тэр.

-Лекцийг тэр болгон ирж сонсоод байж чадахгүй. Ном болгож гаргасан нь олон хүнд хүргэх гэсэн нэг арга байх л даа. Хэр эрэлттэй байна вэ?

-Надад мөнгө олох нь чухал биш. Гагцхүү орлогын хоёрдахь эх үүс­вэртэй болох арга замын нэг хө­рөн­гийн зах зээлд хүмүүс оролцоосой, үүний тулд энэ зах, хувьцааны талаар тодорхой хэмжээний ойлголттой байгаасай л гэж хүссэн юм. Яагаад гэвэл, манай иргэд энэ талаар ямар ч ойлголт, мэдлэггүй байгаа нь “Эр­дэнэс-Тавантолгой” компанийн хувь­цаанаас харагдлаа. Тэдний ихэнх нь 1072 ширхэг хувьцаагаа нэг сая төгрө­гөөр худалдахад бэлэн байгаагаа илэрхийлсэн. Энэ нь надад ха­рам­салтай санагдсан.

-20 гаруй жилийн түүхтэй хө­рөнгийн зах зээлийн талаархи ир­гэ­дийн ойлголт муу байгаа­гаас цэн­хэр, ягаан тасалбар үнэгүйдэж байсан бол “Эрдэ­нэс-Таван­толгой”-н хувьцаа зараг­даад дуу­сах нь. Үүнээс үүдэн Хөрөнгийн биржийн үйл ажиллагаа тааруу­хан байна гэж үзэж бо­лох уу?

-Энэ нь Хөрөнгийн бир­жийн гэхээсээ илүү төрийн нэгдсэн институцийн бод­логын асуудалтай холбоотой. 1990-ээд оны эхэн үед нийт иргэддээ хөрөнгийн зах зээлийн талаархи ойлголт, ан­хан шатны мэдлэгийг ол­госны дараа цэнхэр, ягаан та­салбарыг тараасан бол өнөө­дөр хүн амын амьдрал арай дээр байх байсан ч юм бил үү, яаж мэдэхэв. Саяхан “Тавантол­гой”-н хувьцааг тараахаас өмнө сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлыг түлхүү хийсэн бол хүмүүс яаж хандах байв гээд бодвол их л юм байна. Ма­най­хан хадгаламж гэдэг санхүүгийн ганц хэрэгслийг л мэддэг. Уг нь хөрөн­гийн захын талаар арай илүү мэдлэг мэдээлэлтэй байсан бол түүнийг л сонгох байсан байх. Би энгийн ганцхан жишээ хэлье. Та 2000 онд нэг сая төг­рөгтэй байж. Түүнийгээ 15 хувийн хүү­тэйгээр хадгалуулсан байхад арван жилийн дараа 1.8 сая төгрөгийн хүү,  хүүгийн хүүтэйгээ нийлээд 3.2 сая төгрөгийн хуримтлалтай болсон бай­на. Тухайн үед нэг сая төгрөгөөр нэг өрөө байр авч болж байлаа. Одоо 50 саяас наашгүй.

Тэгвэл тэр үед 80 төгрөг байсан орон нутгийн өмчийн “Тавантолгой” компанийн хувьцаанаас та нэг сая төг­рөгөөр 12.5 мянган ширхэгийг ав­чих­сан бол одоо 1.8 тэрбум төгрөгтэй сууж байх байлаа. Өнөөдөр “Таван­толгой”-н нэгж хувьцаа 150 мянгаас буухгүй байгаа. Ийм л юм. Манайхан компанийн захирал л болчихвол мөн­гө  “ургуулж”,  баян тарган байх юм шиг санаад байдаг нь хамгийн буруу схем. Түүний оронд зураач нь урлан­даа өнжиж, сэтгүүлч нь дуртай сэд­вээрээ бичиж, эмч нь өвчтөндөө ан­хаа­рал тавьж, цагдаа нь иргэдээ хам­гаалахын зэрэгцээ хоёрдахь орлогын эх үүсвэрээ бүрдүүлэх боломж байна. Ин­гэснээр хүмүүсийн амьдрал сайжирч, нийгмийн харилцаа аядуу зөөлөн болно. Яагаад гэвэл, аливаа хэрүүл шуугиан, хэл ам зөвхөн сан­хүүгийн асуудлаас л үүдэлтэй байдаг.

-Санхүүгийн асуудлаа зохицуу­лах энэ сайхан боломжийг монгол­чуудын ихэнх нь алд­чихжээ гэж бо­догдлоо. Энд хувь­цаагаа худалд­сан иргэдийг хэлж байна л даа. Бас “Эрдэнэс-Тавантолгой”-ийн хувь­цааг булаацалдаж байсан ч авахаас татгалзсан компанийн захир­луудад ч хамаатай. Та юу гэж бодож байна вэ, надтай санал нэгдэж байна уу?

-Энэ нь Монголын төр, засаг нийт ард иргэдээ хөрөнгөтэй болгох зо­рилготой хоёрдахь алхам, оролдлого байсан гэж хэлж болно. Өмнөговийн 72 мянган га, эрдэс баялаг бүхий газраас хүн бүрт хоёр ам метр талбайг үнэгүй олгосон. Гэтэл иргэд түүнийг нэг сая төгрөгөөр худалдчихаж байгаа нь эх орныхоо газар шороог зарж бай­гаатай утга ижил. Үндэсний компаниуд түүнийг нь худалдаж авна гэж бар­дамнаж байсан ч санхүүгийн бодит боломж, хөрөнгийн захын мэдлэг дутмагаас болоод татгалзсан. Одоо яах вэ. Мэдээж гаднын хөрөнгө оруу­лагчдад л хандаж таарна. Тэд эзэм­шигчийн сэтгэхүйтэй монголчуудаас нөгөө олон тэрбум хувьцааг нь амар­хан худалдаад авчих байлгүй. Хувь­цааныхаа оронд сая төгрөг авсан олон­хи нь идэж уугаад  дуусгах байх. Даанч харамсалтай санагдаж байна.

-Хуримтлал үүсгээд банкинд хадгалуулж ч болно шүү дээ. Тэгэхээр та намайг шоолж байгаа байх. Нөгөө л хуучинсаг сэтгэлгээ гэж?

-Уг нь хөрөнгө оруулалтын 160 гаруй арга хэлбэр байдаг. Хадгаламж бол түүний нэг нь. Түүндээ ч манайхан тууштай байж чаддаггүйн дээр банкны салбарынхан ч түгжигдмэл ойлголттой байдаг. Та өдөр бүр хадгаламждаа 1000 төгрөг нэмдэг байж болно. Гэтэл банкны теллер таныг хараад гайхаж, эсвэл шоолж ч магадгүй. Энэ бол сан­хүүгийн эмгэг. Уул нь хөрөнгө оруу­лалтад хугацаа нь чухал болохоос хэмжээ нь гол биш гэсэн энгийн логик байдаг юм. Өнөөдөр биш юм аа гэхэд маргааш “Эрдэнэс-Тавантолгой”-н 15 тэрбум ширхэг хувьцаа эргэлтэд орж таарна. Энэ ордоо зөв ашиглаж, хувьцааг нь олон улсын хөрөнгийн зах дээр амжилттай борлуулж чадвал дэлхийн ТОП-500 компанийн нэг бо­лохыг ч үгүйсгэх аргагүй. Цаг хугацаа өнгөрөх тусам тухайн компани, түү­ний хувьцаа үнэд орж байдаг бичиг­дээгүй хуультай. Иймээс дээрх ком­панийн хувьцаагаа юмыг яаж мэдэхэв гээд ч юм уу эсвэл хайхрамжгүй­гээсээ, бүр эсрэгээрээ энэ хувьцаа ирээдүйд “чулуу” болно гэж тооцоо­лоод хадгалчихсан хүн бүхэн сан­хүүгийн соёл, үнэт цаасны тухай ойл­голт, мэдлэгээ дээшлүүлээсэй гэж хү­сэх байна.

-Та АНУ, Солонгос, Чехэд ажил­лаж амьдарч байгаа монгол­чуудад хөрөнгийн зах зээлийн талаархи лекцээ уншсан гэсэн. Тэд арай өөр ойлголттой байж чадаж байна уу?

-Гадаадад байгаа монголчуудын хувьд орчин нь өөр болохоор хөрөн­гийн захын тухай ойлголтыг маш хурдан тусгаж авч, мэдлэг болгож чаддаг юм шиг санагдсан. Бас хүн бүрт хүртээсэн “Эрдэнэс-Тавантол­гой”-н хувьцаа тэднийг тодорхой хэмжээнд “сэрээсэн” байна лээ. Гол нь тэдэндээ бас нэг ойлголт, мэдлэг мэдээлэл өгчих гэсэн иргэний үүргээ л биелүүлж байгаа хэрэг юм даа. Хэн, юу мэдэж байна, түүнийгээ бусадтай хуваалцах ёстой гэж би боддог.

Д.МӨНХЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж