Худалдааны орчин нөхцлийг сайжруулахыг хүсэв

Хуучирсан мэдээ: 2012.12.25-нд нийтлэгдсэн

Худалдааны орчин нөхцлийг сайжруулахыг хүсэв

Дархан-Уул аймаг дахь Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Худалдаа эрхлэгчдийн зөвлөл хамтран орон нутгийнхаа бизнесийн орчинг тодорхойлсон байна. Тодруулбал, Дархан-Уул аймгийн 200 гаруй бизнес эрхлэгчдийг оролцуулан тэдэнд тулгардаг саад бэрхшээл, үйл ажиллагаа явуулах нөхцлийн судалгаа хийжээ.

“Та бизнесийн одоогийн нөхцөл байдлаа хэрхэн үнэлж байна вэ” гэсэн асуултад оролцогчдын 75 хувь нь нөхцөл байдал боломжийн гэж дүгнэсэн бол 15.2 хувь нь маш сайн, 9.8 хувь нь маш муу байна гэж үзжээ. “Таны бизнесийн үйл ажиллагаанд тулгарч байгаа гол бэрхшээлүүд юу байна” гэхэд 34 хувь нь мөнгө санхүүгийн хүндрэл, 17 хувь нь хүнд суртал, 16 хувь нь хязгаарлагдмал эрэлт, 10 хувь нь тээвэрлэлт, долоон хувь нь чадварлаг боловсон хүчин дутмаг байна гэж хариулжээ. “Та цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөж байна уу” гэсэн асуултад 64 хувь нь одоогийн үйл ажиллагаагаа өргөжүүлнэ хэмээн хариулсан байна.

Одоогоор хөдөө, орон нутагт бизнес эрхлэгчдийн дийлэнх нь худалдааны салбарт ажиллаж буй гэнэ. Тэд нийгэмд ямар ч дарамт учруулдаггүй, татвар бүрдүүлэхэд гол үүрэгтэй хэдий ч элдэв халамжид хамрагддагүй ажээ. Тиймээс төрөөс зохицуулалт хийж, дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна. Үүний тулд зээлийн нөхцлийг сайжруулах, гааль, худалдаа, тээвэрлэлтийг хөнгөвчлөх, эрх ашгийг хамгаалах хэрэгтэй байгааг онцолсон ажээ. Тэр дундаа Хятадын Эрээн хотод худалдаа хийхэд Монголын худалдаа эрхлэгчдийн эрх ашиг ихээхэн зөрчигдөж байгааг бодлогын төвшинд анхаарч үзэхийг Дархан-Уул аймгийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимаар дамжуулж хүсчээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж