Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн С.Ганбаатар Гаалийн татвараас чөлөөлөгдөж орж ирдэг хэчнээн барааны жагсаалт байгааг тодорхой хэлж өгөхийг хүссэн юм. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгийн тайлбараар бол Засгийн газрын тогтоолоор батлагдсан гаалийн татвараас чөлөөлөгдөх барааны жагсаалт өргөн дэлгэр болжээ. Тиймээс дээрх жагсаалтыг эргэж харж багасгах бодлого барих болно гэдгээ энэ үеэр онцоллоо. Тэгэхдээ дээрх хуульд өөрчлөлт оруулах хүрээнд аж ахуйн нэгж нь импортоор оруулж ирсэн бараагаа гаалийн татвараас чөлөөлүүлэхдээ заавал гарал үүслийн гэрчилгээ үзүүлж байх тухай заалтыг байхгүй болгохоор шийджээ. Энэ нь бизнес эрхлэгчдэд тулгарч байгаа бэрхшээл, хүнд суртлыг багасгана гэж үзсэн юм байна.
Харин УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл гарал үүслийн гэрчилгээтэй холбоотой заалтыг хүчингүй болгох нь эргээд Монгол Улсад хохиролтой хэмээн сөрөг байр суурь илэрхийлж, хэвээр үлдээх ёстой хэмээн үзэж, энэ чиглэлээр зарчмын зөрүүтэй саналын томъёолол гаргасан юм. Гэвч УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Эл хуулийг яаралтай батлах шаардлагатай байгаа, тиймээс төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах саналтай байна. С.Дэмбэрэл гишүүн саналаа татаад авбал сайн байна” гэсэн юм. С.Дэмбэрэл гишүүн нэлээд үнэд орсны эцэст саналаа татаж авснаар Гаалийн болон Гаалийн тарифын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гишүүдийн дэмжлэгийг хүлээж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэлээ.