Шатрын сурагчдын Азийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн нийслэл Дели хотод долоон хоногийн турш үргэлжилж, дүнгээ гаргалаа. “Шар тив”-ийн 12 орны 40 гаруй өсвөрийн шатарчин стандарт, блиц, рапид гэсэн гурван төрөлд тав, долоо, ес, 11, 13, 15, 17 хүртэлх гэсэн долоон насны ангилалаар оюун ухаанаа уралдуулав. Хөвгүүдийн 15 хүртэлх насны ангилалд “Цагаан бэрс” клубын тамирчин, сонирхогчдын шатрын дэлхийн аварга, фиде мастер С.Билгүүн рапидын төрөлд Азийн аварга болсон байна. Мөн түүний төрсөн дүү С.Чингүүн стандарт төрөлд 5,0 оноогоор тивийн аваргын алдрыг хүртжээ. Ийнхүү ах дүү шатарчид Делид Монгол улсын алтан соёмбот далбааг мандуулсан бахдам амжилтыг үзүүллээ. Сонирхуулахад С.Билгүүн, С.Чингүүн нарын аав Т.Сумьяа өмнө нь Монголын шатрын холбооны генсекээр ажиллаж байсан бөгөөд өдгөө “Цагаан бэрс” шатрын клубын захирлаар ажиллаж буй юм.
“ӨДРИЙН ШУУДАН”