Худалдаа, хөгжлийн банк хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг шинэ жилийн баяраар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сурч хүмүүждэг 29-р сургуулийн шинэ жилийн баярт оролцон, 350 гаруй хүүхдэд баярын бэлгээ түгээлээ. Жирийн хүүхдүүдтэй мөр зэрэгцэн нэгэн анги танхимд сурч боловсрох боломжгүй, байнгын бусдын туслалцаа дэмжлэгээр амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд ХХБ 8 дахь жилдээ шинэ жилийн бэлэг барин, баярлуулж буй юм.
29-р тусгай дунд сургууль нь Тусгай хэрэгцээт боловсролын сургалт арга-зүйн цогцолбор сургууль бөгөөд манай улсын өнцөг булан бүрээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ирж сурдаг цорын ганц сургууль юм. Хүн бүр баяр хөөр цалгисан энэ өдрүүдэд аав ээжтэйгээ уулзах боломжгүй байгаа хөдөө орон нутгийн хүүхдүүд ХХБ-ны уламжлал болсон бэлгийг авсандаа сэтгэл дүүрэн байгаагаа илэрхийлж байлаа.
ХХБ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандив тусламжийг байнга тогтмол үзүүлсээр ирсэн төдийгүй цаашид ч тэдэнд шаардлагатай туслалцаа дэмжлэг үзүүлсээр байх болно.