Рок од Майк Скасиа таалал төгсчээ

Хуучирсан мэдээ: 2012.12.25-нд нийтлэгдсэн

Рок од Майк Скасиа таалал төгсчээ

Америкийн нэртэй рок хамтлагуудын нэг “Rigor Mortis” хамтлагийн гитарчин хэмээн хөгжим сонирхогчдын дунд танил болсон рок од Майк Скасиа 47 насандаа хорвоог орхижээ. Америкийн долоо хоног тутмын “Rolling Stone” сэтгүүлийн мэдээлснээр тэрээр Техаст “Rigor Mortis”-ийн дуучин Брюсь Корбитийн төрсөн өдөрт зориулан тайзан дээр тоглож байгаад ухаан алдаж унажээ. Түүнийг найзууд нь цаг алдалгүй эмнэлэгт хүргэсэн ч тэр аль хэдийнэ амьсгал хураасан байсан гэнэ. Эмч нарын мэдээлснээр нэрт хөгжимчин Скасиа зүрхний шигдээсээр ийнхүү таалал төгссөн гэв.

Майк дэлхийд нэртэй рок хамтлагууд болох “Ministry”, “Rigor Mortis”, ”The Revolting Cocks” хамтлагуудад тоглодог байсныг шүтэн бишрэгчид нь сайн мэдэх билээ. Түүнийг таалал төгссөний дараа “Ministry” хамтлагийн дуучин Ал Жоургинсин хамтлагийнхаа цахим хуудсанд “Майк бол миний ах, миний хамгийн сайн найз байсан. Тэр гитар хөгжмийн түүхэнд хувь нэмрээ оруулсан хамгийн сайн гитарчин. Ийм эмгэнэлт явдал тохиолдсонд маш их харамсаж байна” хэмээн бичжээ. Скасиа 1965 онд Нью-Йорк хотод төрж, 1983 онд “Rigor Mortis” хамтлагаас хөгжмийн ертөнцийн гараагаа эхэлж байжээ. Дараа нь Скасиа 1989 онд “Ministry” хамтлагт тоглож эхэлсэн бөгөөд 1992 онд тэдний гаргасан “Psalm 69” нэртэй цомог нь хамтлагт  асар их нэр хүндийг авчирсан бүтээл болсон юм.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж