Тухайлбал, энэ оны эхний 10 сарын байдлаар алтны дундаж үнэ 1652.11 ам.доллар байлаа. Эл үнэ өмнөх оны мөн үеийн дундажтай харьцуулахад найман хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Алтны үнэ энэ оны хоёрдугаар улирал болон гуравдугаар улирлын эхээр буурч хамгийн бага үнэ болох 1540 ам.доллар болсон. Үнийн бууралтад ийнхүү нөлөөлсөн нь Евро бүсийн эдийн засгийн хямрал болон Хятадын эдийн засгийн өсөлтийн удаашрал, мөн зүүн өмнөд Азийн тодруулбал, Индонези, Энэтхэг зэрэг улсуудын алт, мөнгөний худалдан авалт буурсан зэрэг шалтгаанууд нөлөөлсөн аж. Гэвч дэлхийн эдийн засгаараа тэргүүлэгч улсууд болох АНУ, Хятад, Япон зэрэг орны төв банкууд эдийн засгаа сэргээх арга хэмжээ авч эхэлсний үр дүнд үнэт болон өнгөт металлын үнэ өнгөрсөн есдүгээр сараас эхлэн нэмэгдсэн юм. Дэлхийн хамгийн том эдийн засагтай орны тоонд ороод буй өмнөд хөрш, эдийн засгаа сэргээхийн тулд 850 сая ам.долларыг гаргаж буй. Энэ нь тус улсын эдийн засгийн сэргэлт нэн ялангуяа гангийн үйлдвэрлэлийн эрэлтэд сайнаар нөлөөлснийг Азийн хөгжлийн банкны шинжээчид хэлж байв. Нөгөөтэйгүүр ирэх онд дэлхийн хамгийн том алт олборлогчид “Алтны хэрэглээ ирэх жил нэмэгдэнэ” гэж эергээр харж буй учраас уг металлын дундаж үнэ 1780-1800 ам.доллар байх хандлагатай байгаа аж.
Мөн өнгөрсөн долоодугаар сард дундаж үнэ нь 7967.5 ам.доллар байсан зэсийн үнэ өсөх хандлагатай байгаа. Чухам эл эерэг үзүүлэлт Монголын эдийн засагт сайнаар нөлөөлөхийг эдийн засагчид хэлж байна. Тэгвэл ирэх онд зэсийн үнэ 8000 ам.доллараас буурахгүй гэсэн прогноз гарч буй ч дэлхий нийтийн хэрэглээ тийм ч сайн нэмэгдэхгүйг Хятадын эдийн засагчид тооцоолжээ.
Түүнчлэн ирэх оны төсөвт 144 тэрбум төгрөгийн ашиг олох тооцоотой байгаа төмрийн хүдрийн үнэ тогтворгүй байхыг судлаачид таамаглажээ. Уг бүтээгдэхүүний ирээдүй Хятадын ган үйлдвэрлэгчдээс нэлээд шалтгаалах бололтой. Өнгөрсөн наймдугаар сард сүүлийн гурван жилд байгаагүйгээр уналтад хүрсэн төмрийн хүдрийн ханш есдүгээр сараас өсөх хандлагатай байсан ч үнийн хууралт байж болохыг олон улсын байгууллагуудаас хэлжээ.
Дэлхийд цайрын баяжмал нийлүүлдэг томоохон улсууд болох Австрали, Орос, Монгол, Ирланд, Белги улсуудын энэ бүтээгдэхүүнээс олох ашиг хэвээр байх хандлага ажиглагджээ. Учир нь өнгөрсөн наймдугаар сард олон улсын зах зээл дээр 217 мянган тонн цайрын баяжмалын илүүдэлтэй байсан. Гэвч үнэ нь өмнөх сартай харьцуулахад 10 гаруй хувиар өссөн байв. Үнэт металлын үнийн ерөнхий төлвөөс ажиглахад томоохон байгууллагууд, шинжээчдийн тооцоолж буйгаар ирэх онд үнэ нь өсөх ч нийт хэрэглээ тийм ч сайн нэмэгдэхгүй аж. Ямартай ч эл металлын үнэ нэмэгдэх нь манай улсын эдийн засагт эергээр нөлөөлөх бололтой.
Зохиогчийн эрх: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин