ДНБ ХОЁР ОРОНТОЙ ТООГООР ХЭМЖИГДЭНЭ
-Ирэх онд Оюутолгойн орд ашиглалтад орж байгаа нь манай ДНБ-ийг өсгөх бас нэг хүчин зүйл болж байна. Ямар ч байсан өсөлт хоёр оронтой тоогоор хэмжигдэх байх. Нүүрсний үнэ чухам хэрхэх нь одоогоор мэдэгдэхгүй байна. Гэхдээ ямар ч байсан 20 сая тонныг экспортлох байх гэж харж байгаа. Инфляцийг найман хувьд барина гэж байгаа ч энэ зорилтод хүрэх боломж одоогоор харагдахгүй байна. Зах зээл рүү маш том мөнгө орж ирж байна шүү дээ, 1.5 тэрбум ам.доллар. Ийм үед инфляцийг найман хувьд барина гэдэг хэцүү. Ер нь бол Засгийн газар өдийд ирэх дөрвөн жилийнхээ хөгжлийн прогнозыг гаргачихсан байх ёстой шүү дээ. Эдийн засгийн хөгжлийн яамны хийх ёстой ажил. Тэд ирэх 10 жилийн стратегийг гаргаад, эхний дөрвөн жилд ийм ийм зүйл хийнэ гэдгээ хэлсэн байх ёстой. Харамсалтай нь одоо болтол энэ талаар юу ч яригдахгүй байна. Ийм байж болохгүй шүү дээ.
ЭДИЙН ЗАСАГ ТУН ЭЕРЭГ ХАРАГДАЖ БАЙНА
-Эерэгээр харж байна. Дэлхийн эдийн засгийн хямралын сүүдэр Монголд тийм ч айхтар тусахгүй байх. Тэрийг бид өөрсдийнхөө гаргаж байгаа бодлогоор даван туулж чадна гэж бодож байна. Яагаад вэ гэвэл одоо баталчихаад, хэрэгжүүлээд явж байгаа Засгийн газрын бодлоготой холбоотой. Засгийн газар 1.5 тэрбум ам.долларын бонд гаргалаа. Энэ бондоор зөвхөн бүтээн байгуулалт, эдийн засгийн хөгжлийг тэтгэх хөтөлбөрүүдэд зориулна гэж байгаа. Энэ маш зөв. Үүнээс гадна зах зээл дээр байгаа үүсмэл инфляцитай тэмцэх ёстой. Зохиомлоор үнэ хөөрөгддөг, үгсэн хуйвалддаг, олигополь зах зээлтэй тэмцэж эхлээд байна. Засгийн газар, Монголбанк хоёр хамтраад зохиомлоор үнэ хөөрөгддөг байдалтай тэмцэж эхэллээ. Энэ үйл ажиллагаагаа тууштай үргэлжлүүлбэл, Монголын эдийн засаг дахиж инфляцид дарлуулахгүй. Дээрээс нь бондын хөрөнгөө халамж тараах, төсвийн цоорхойг нөхөхөд бус үйлдвэржүүлэлт, бүтээн байгуулалтад зарцуулж чадвал Монголын эдийн засаг тун сайхан харагдаж байна.
-2013 онд эдийн засгийн өсөлт 10-аас дээш хувьтай гарах байх. Учир нь Оюутолгойн үйлдвэрлэл эхэлж, Засгийн газар төсвийн ихээхэн тэлэлтийг бий болгохоор хүлээгдэж байна. Үүнийг дагаад харин инфляцийн өсөлт өндөр байх магадлалтай юм. Тухайлбал зорилтот найман хувиас өндөр байх магадлал харагдаж байна. Нөгөөтэйгүүр манай улсын хувьд гадаад зах зээл дээрх голлох түүхий эдийн үнээс хамаарах хамаарал улам ихсэхээр байна. Зэс, алтны үнээс энэхүү нөлөөлөл хэр хүчтэй байх нь тодорхойлогдоно. Цаашилбал, үйлдвэрлэлийн бодит хэмжээ нь нэмэгдэж байгаа учраас уул уурхайн салбараас хараат байдал улам нэмэгдэхээр байгаа юм. Тийм учраас энэхүү нөхцөл байдалд тохирсон Засгийн газрын бодлого явуулах нь туйлын чухал байна. Засгийн газар бондын хөтөлбөрөө Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн үзэл баримтлалтай нийцүүлэхээс эхлэх учиртай. Мөнгөний бодлогыг Засгийн газрын хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээс хараат бус байлгах тал дээр илүүтэй анхаарал хандуулах шаардлагатай байгаа.
УУЛ УУРХАЙГААС ГАДНА АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАР ӨСНӨ
-Өөдрөг харагдаж байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт татарсан хэдий ч засгийн газрын гаргасан бонд түүнийг орлож байна. Дэд бүтцийн томоохон төслүүд эхлэх нь энэ эдийн засгийг хөдөлгөх гол хүч болох нь. Зам, барилгын салбар хамгийн ихээр өсч, тэдгээртэй харилцан уялдаатай бусад салбарууд бас өсөхөөр харагдаж байна. Мэдээж “Оюу Толгой” олборлолтоо эхлүүлж, зэс экспортод гаргаад ирэхээр уул уурхайн салбар маань ч гэсэн өсөх нь ойлгомжтой. Дээр нь аялал жуулчлалын салбар, мөн хөдөө аж ахуйн салбар ч гэсэн чамлахааргүй өснө гэж бодож байна. Сайны хажуугаар бас саар гэдэг шиг тодорхой эрсдэлүүд ч бас байна. Жишээлбэл өвөлжилт хүндэрч мал хуй олноороо сүйдчих эрсдэл бодитойгоор оршиж байна. Мөн банкуудын барилга, уул уурхайн салбарт олгосон зарим зээл хугацаа хэтэрсэн байгаа нь санаа зовоож байна. 2013 онд ДНБ-ий өсөлт дор хаяж 10 хувь байна гэж тооцоод байгаа. Үүн дээр Оюутолгойн олборлолт, түүний эдийн засагт үзүүлэх дам нөлөөг нэмбэл ДНБ ирэх онд 17 хувь хүртэл өсөх боломж харагдаж байгаа юм. Тэгэхээр 2011 оны 17.3 хувийн өсөлтийг давтах боломж гарахыг үгүйсгэхгүй. Инфляцийг онилсон бодлого зохих хэмжээгээр үр дүнгээ өгнө гэж найдаж байгаа.
Зохиогчийн эрх: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин