-48 хэм. Цаатны урц. Ерөнхийлөгч

Хуучирсан мэдээ: 2012.12.25-нд нийтлэгдсэн

-48 хэм. Цаатны урц. Ерөнхийлөгч

Энэ оны хамгийн дуулиант өдөр буюу “дэлхий сөнөдөг”-ийн маргааш буюу 12 дугаар сарын 22-нд ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хөвсгөл аймгийн Цагаанннуур сумын нутаг Зүүн тайгад өвөлжиж байгаа цаатны отогт хүрэлцэн очжээ. Аймгийн төвөөс  300 гаруй, Улаанбаатараас 1000 километр алсад орших Дархадын хотгорт энэ өдрүүдэд -48 хэмийн хүйтэнтэй хонож байв. Харин цаг агаарын эрс тэс нөхцөлд цаа бугаа маллан амьдардаг цаатан-тува иргэдийн хувьд энэ нь тийм ч цочирдохоор хүйтэн биш юм. Зүүн тайга дахь цаатны отогт Монгол төрийн тэргүүн анх удаа ес эхэлсэн ид хүйтний үеэр зорин ирнэ гэдэгт цаатан иргэд эхэндээ итгэхгүй байснаа хэлж байв.

-Хоёр хоногийн өмнөөс ерөнхийлөгч ирэх тухай “Цагийн хүрд”-ээс сонссон. Ес эхэлсэн энэ хүйтнээр зориод хүрээд ирэх юм гэж иртэл ер итгээгүй гэж Зүүн тайгын хамгийн ахмад оршин суугч, 80 настай Пунсал гуай ярьж байна. Өнөөдрийн цаатнууд бидний олонхийн төсөөлдөг шиг алс бөглүү газрын хагас зэрлэг хүмүүс биш. Нарны цахилгаан үүсгүүрээр телевиз үзэж, гар утас барьсан хүмүүс. Соёл иргэншил тайгад ирсэн ч цаатны урц, цаа буган унааг нь харин хараахан өөрчлөөгүй байна.

Монгол орны хамгийн хойд хэсэгт амьдардаг, Монгол улсын хамгийн цөөн тоотой угсаатны бүлэг бол цаатнууд юм. Цагааннуур сумын засаг дарга Х.Мягмаржавын өгсөн тоон мэдээгээр 138 өрхийн 664 цаатан байгаагаас цэвэр цаатан 436, дархад-цаатан холимог 228 хүн тус суманд амьдарч байна. Гэвч цаатан иргэдийнхээ яс нарийн нарийн тоог Монгол улс өнөө хэр яг мэддэггүй. Ямартай ч янз бүрийн эх сурвалжийн тооллогоор Хөвсгөл аймагт  500-670 цаатан тува иргэн аж  төрж байгаа юм. Орос, Монголын хилийн демаркацийн өмнө буюу 1955 онд хил орчмоор нутагладаг 53 өрхийг анх БНМАУ-ын харьяат болгон авч байсан бол Цагааннуур сумыг 1985 онд тухайн үеийн төр засгаас цаатан иргэд голлон амьдардаг засаг захиргааны нэгж болгон шинээр зохион байгуулж байжээ.

Цаатангууд нь уйгар (тува) хэлтэй, уйгар угсааны хүмүүс бөгөөд Монгол улсын хамгийн цөөн тоот үндэстэн. С.Бадамхатаны бичсэнээр өмнө нь тэднийг тагна урианхай, тайгын иргэд, соёд урианхай гэж нэрлэж байсан,  Тувагийн ах тоду, кара тоду, соён киргиз, ханачи, маат, балыкчи, хуулар овгийн хүмүүс. Ойрын төрлийн овог бүлгүүд нь ОХУ-ын  тож тува нар, Эрхүү мужийн тофаларууд, Буриадын Окинский аймагт нутагладаг соёдууд  юм гэж монгол судлаач Н.Жуковская тэмдэглэжээ.

Энэ оны хамгийн урт шөнийг Монгол улсын ерөнхийлөгч харин дээр дурдсанчлан Монгол улсын хамгийн цөөн тоот үндэстэн болох цаатан айлын урцанд өнгөрөөжээ. Шинэ оны босгон дээр өндөр дээд хэмжээний өвөрмөц содон зочныг урцандаа хонуулсан цаатан айлын эзэн Б.Өвөгдорж:

-Ерөнхийлөгч манайд хононо гэж урьдчилан хэлээгүй. Гэнэт л урцанд маань хонох юм болоод явчихсан. Шөнө босож галлуулаагүй. Их өлчир хүн юм хэмээн болоод өнгөрсөн үйл явдалд итгэж ядан шахам өгүүлэв.

Үндэсний соёл уламжлалаа хадгалж үлдэх, төрөлх хэл дээрээ боловсрол эзэмших эрхээ хэрэгжүүлэх, цаа бугаас гадна амьжиргааны бусад эх үүсвэрийг хөгжүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, залуучуудыг ажлын байраар хангах зэрэг олон саналыг цаатан иргэд төрийн тэргүүнд хүргэлээ. Нэг үе 400 хүртэл хорогдоод байсан цаа бугын сүрэг сүүлийн жилүүдэд өсч тус сум одоо 1500 шахам толгой цаатай болоод байна. “Олуулаа хөгжихдөө цөөнхөө ч үлдээлгүй урагшлах ёстой” гэж Ерөнхийлөгч цаатан иргэдтэй уулзах үеэрээ онцлон тэмдэглэжээ.

-Ес эхэлж байгаа энэ мөчид би Монгол улсын хоймор болсон Хөвсгөл аймгийнхаа хамгийн хоймор сум болох Цагааннуурт цаатан иргэдтэйгээ уулзаж байна. Эндээс ердөө 60 километрт Монгол орны хамгийн хойд цэг Монгол шарын даваа байна. Хоймроос харахад бүх юм урд, хамаг зорилго урагшаа харагдаж байна гэж Ц.Элбэгдорж хэлсэн юм. Хамгийн цөөн тоотой төдийгүй өвөрмөц соёл, аж ахуй бүхий цаатан иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг төрийн тэргүүн онцгойлон анхаарахаа илэрхийлжээ.

Үнэхээр байгаль, цаг уурын өвөрмөц нөхцөлд, онцлог мал аж ахжй эрхлэн амьдардаг цөөн тоот үндэстний хувьд онцгойлон анхаарах зүйл цөөнгүй байгаа юм.

Монголын цаатнуудын өмнө ямар аюул, бэрхшээл байна вэ?

  • МӨХӨЛ. Хэл соёлоо гээж, үндэсний хувьд мөхөх. Хүүхдүүд төрөлх хэл, үндэсний үлгэр домог, дуу бүжгээ мэдэхгүй өсч байна.
  • ҮХЭЛ. Дундаж наслалт бага, эрүүл мэндийн үйлчилгээ хангалтгүй. Байгаль, цаг уурын хүнд нөхцлөөс болоод харьцангуй залуугаараа буюу 40 хүрэлгүй цус харваж байна.
  • ЯДУУРАЛ. Зөвхөн цаанаас хамааралтай ганц төрлийн аж ахуй эрхэлдэг. Орлогын эх үүсвэр үгүй. Сумын хүн амын 53 хувь буюу талаас илүү нь (2008 оны статистик) баталгаажих төвшнөөс доогуур орлоготой.
  • ОРЧНЫ ДОРОЙТОЛ. Хуурайшил, дулаарал, цаг уурын өөрчлөлт амьжиргаанд нь хамгийн хүчтэй нөлөөлж байгаа газар бол Хөвсгөлийн тайга. Цэвдэг хайлж, дулаарч байгаа нь тайгад гамшиг авчирч байна.
  • ШУДАРГА БУС БАЙДАЛ. Цаатны амьжиргааг дэмжих төр засгийн тусламж нь тендер нэрээр дарга нарын хоол болдог баримт асар их бий. Цаасан дээрх тайлан цаатан дээрээ очдоггүй.

Өмнө нь цаатанг хэрхэн анхаарч байсан бэ?

  • 1956 онд загасны үйлдвэр, 1972 онд улсын ан агнуурын аж ахуй, 1985 онд Цагааннуур сум, ан агнуур цаа бугын аж ахуй байгуулах тухай АИХ-ын тэргүүлэгчдийн зарлиг болон СнЗ-ийн тогтоол гарч байжээ.
  • Тувад боловсон хүчин бэлтгэхээр их, дээд сургуульд хүн явуулж байв.
  • Тувагаас багш ирж сумын сургуульд тува хүүхдүүдэд хичээл зааж байлаа.
  • Хүнсэнд нь зориулан монгол малын мах өгч, сар тутам өрх бүрт 210 төгрөгийн тэтгэмж олгож байв.

Өнөөдөр Монголын төр хамгийн цөөн тоот үндэстндээ ямар дэмжлэг үзүүлдэг вэ?

  • БСШУ-ны сайдын 2005.12.08-ны 387 тоот тушаалаар “Тува хэлний хөтөлбөр” батлагдсан ч хэрэжилт хангалтгүй. Баруун тайгынхан хоорондоо монголоор ярьж байна.
  • Засгийн газрын 2007.10.03-ны өдрийн 255 дугаар тогтоолоор “Цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралын түвшинг сайжруулах хөтөлбөр” баталсан. Хөтөлбөр хэрэгжүүлэх Үндэсний зөвлөлийг ХХААХҮ-ийн сайд ахалдаг.

Цаатнуудын болон орон нутгийн удирдлагын санал хүсэлт нэг л зүйлд зангидагдан төвлөрч байна. Тэр нь цаа бугын аж ахуй эрхэлдэг үндэсний цөөнх бүхий зарим оронд хэрэгжүүлдэг цаа буга өсгөн хамгаалсны нэмэгдэл тэтгэмж юм.

Энэ нутагт энэ үндэстэн цаа бугаас өөр мал маллах, аж ахуй эрхлэх боломж үгүй. 50 сая малтай Монгол улс 1500 хүрэхгүй цаа бугатай. Монгол улсын нэг хүнд дунджаар бараг 20 толгой мал оногддог бол нэг цаатан хүнд 2 цаа оногдож байна. Дэлхийн хамгийн өмнөд хэсгийн цаа бугыг Монголын цаатнууд байгаль, цаг уурын хүнд нөхцөлд өсгөн адгуулж иржээ. “Мал сүрэг төрийн хамгаалалтад байна” гэдэг үндсэн хуулийн заалтыг цаа буганд хамаатуулан нэн ховор зүйлийнх нь хувьд хамгаалах, өсгөх бодлого бол шууд утгаараа цаатан ард иргэдийг дэмжих бодлого байх болно. Энгийнээр хэлбэл цөөн тоотой цаа бугыг адгуулан маллаж байгаагийнх нь төлөө Монголын төр цаачдаа цалинжуулна гэсэн үг. Үндэстэн ястных нь хувьд онцгойлон үзэж, илүү эрх дарх эдлүүлж байгаа хэрэг биш, эрхэлдэг аж ахуйн онцлогийг нь харгалзан олгож байгаа урамшуулал гэвэл илүү тохирно. Социализмын үед цаатнуудыг сууриншуулахад зориулсан асар их ажил бүтээгүй боловч сар бүр өрхөд өгдөг байсан 210 төгрөгийн тэтгэмж л үндсэндээ хамтрал, нэгдлээс илүү цаа буга, цаатан хоёрыг авч үлджээ.

Олон улсын туршлага: 1937 онд батлагдсан “Аляска мужийн цаа буга үржүүлгийн хууль” зөвхөн Аляскийн уугуул ард түмнийг цаа бугын аж ахуй эрхлэхийг зөвшөөрч, бүх төрлийн дэмжлэгийг зохицуулсан байдаг. Швед, Норвегт саами нарыг цаа бугын аж ахуй эрхлэх онцгой эрхээр хангадаг. Скандинавын орнуудын газар нутгийн 33-40 хувь нь цааны бэлчээр юм. Цаа бугын мах, арьс, гар урлалын орлогоос гадна засгийн газрын нөхөн олговор тэдний орлого болдог. Гэсэн ч цаатан өрхийн орлого бусад салбарт ажиллагсдаас доогуур хэвээр байна.

Цаатан иргэдийн амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдийн хэрэгжилт цаатнуудын биш өөр хүмүүсийн халаасыг түнтийлгэсэн тохиолдлуудын тухай Хүний эрхийн үндэсний комиссын судалгаанд баримттайгаа байна. Хэдэн зуун саяар яригдах тендерийн хэрэгжилтэд хэн ч хариуцлага хүлээсэнгүй бололтой. Мөн цаатан иргэдийн хүүхдийн дээд сургуулийн зардлыг төрөөс даадаг бөгөөд оюутан нь цаатны биш дарга нарын хүүхэд байдаг тухай яриа ч тайгад гарч байна. Сургалтын зардлаа төлж дийлэхгүйн улмаас жилийн чөлөө аваад тайгадаа буцаад ирсэн оюутан ч бий.

Юутай ч хоймор нутгийн ховор хүмүүсийн талаарх бодлогод эргэлт гарч магадгүй гэсэн найдвар хасах 48 хэмийн хүйтэнд урцанд хоносон улсын ерөнхийлөгчийн томилолтын дараа үлдлээ.

Эх сурвалж: www.24tsag.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж