Хуучирсан мэдээ: 2012.12.25-нд нийтлэгдсэн

Улстөрчдийг харахаар уур бус инээд хүрээд байдаг бол­чихож. Урлаг ч юм шиг. Урла­гаас арай наахнуур халтуур ч юм шиг. Тэгж байснаа Боёо, Одноо, Аглуу, Онон, Батаа, Заанаа маанаа гээд хэн, хэн ч билээ бүгдэд нүдэд харагдаж, сэтгэлд дүрслэгдээд болж өгөх­гүй. Тийм хүмүүсийг нь арай хийн мартаад байж бай­тал зуурсан гурил, эс бол бүр зуурах гэж байгаа хуурай гурил ч юм шиг. Гэхдээ би өөрөө зуурах гээд байгаа юм биш. Тэд л өөрсдийгөө зуураад, хэлбэрт оруулаад хэдэн хэсэгт хувилаад байх шиг байгаан. Эргэлзэж гайхмаар ийм өдрүүд зөндөө, зөндөө. Уймармаар ч юм шиг. Урагшаа, хойш нь татаж чангаагаад унагаж хол­дуулмаар ч юм шиг.
Хамгийн дөнгүүр нь л хошин шогийн жүжигчин шиг сэтгэгдэл төрүүлэх явдал. Гол нь тэнд энэ дүрдээ дуртай байгаа гэж жигтэйхэн. Жүжигчин Боёо хэдэн ч эмгэний дүрд хувирсан юм бүү мэд. Үүний нэгэн адил туршлагатай гэх улстөрчид болох УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Ц.Нямдорж, тэр­гүүтнүүд амьдралдаа хэр олон хүний нүүрсний арьсыг өөрийнх дээрээ нааж, эргүүлж хуулж, ээл­жилж бэхлэснийг тоолоход тун бэрхтэй. Юу яасан нөгөө жүжигчин Боёогийн бүтээсэн эмгэний дүрүүд. Юу яасан хошин шогийнхны алиа марзан үзүүлбэрүүд. УИХ-ын чуулганы танхимаас та бид үнэ төлбөргүй хошин шоу тоглолт үзэж, Ардын жүжигчнээс дутуугүй чадварлаг хувиралт өөрчлөлтийг олж харж болоод байгаа юм. Тийм болохоор хошин шогийн тоглолтыг алгасалгүй үздэг үнэнч үзэгчид одоо болимоор санагдав.

Үүнийхээ оронд хамгийн шударга хүн гэж ямар хүн байдгийг зөвхөн УИХ-ын гишүүн Ц.Нямдоржоор төсөөлчих. Түүний эсрэг талын баатар нь мэдээж олиггүй хүн байж таараа. Тэд нь Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин гээд хэн ч байж болно. Гол нь Монголын хамгийн шударга хүний дүр бүтээгч Ц.Нямдоржийн эсрэг хамаг байдаг хүчээрээ тэмцдэг, түүний үнэн үг рүү худлаа дайрдаг байхад л болно. Дараагийн ээлжинд эмгэнэлт инээдмийн жүж­гийн баатраар Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хийгээд түүний багийнх­ныг төлөөлүүлж, түүндээ итгээд явахад л Улсын драмын эрдмийн театр орох хэрэггүй болчихож бай­гаа юм. Юу яасан “Гамлет”. Юу яасан “Гамлет”-ийг бүтээсэн С.Болд-Эрдэнэ. Хүмүүс түүнийг “Сайн жүжиглэсэн”, “Мундаг жүжигчин” гээд л магтаад байгаа. Би лав хувьдаа С.Болд-Эрдэнэ гэдэг жүжигчнийг яаж ч хичээсэн Ерөнхийлөгч асныг давж жүжиглэхгүй гэдэгт зуун хувь итгэлтэй байгаа нэгэн.

"Ардчилсан нам руу өнгийгээд үзээрэй. Гоё, гоё дүрүүд. Сайхан, сайхан жүжгийн гол баатрууд…"

Тэгж байгаад Ардчилсан нам руу өнгийгээд үзээрэй. Гоё, гоё дүрүүд. Сайхан, сайхан жүжгийн гол баатрууд… Сайхныг хараад санаа алдаж, муухайг хараад муужирч унана гэдэгтэй л адилхан. “Гарлаа”, “Орлоо” нь тун хурдан. Сонгуулийн дараа болохоор “УИХ-ын сонгууль болтол зай ч байна, лай ч байна. Орно оо” гээд л орчихно. Тэгснээ УИХ-ын сонгууль дөхөхтэй зэрэгцээд  “УИХ-ын сонгууль болох гэж байгаан байна ш дээ. Мартчихаж. Гарлаа” гээд л болоо. Яг нэг хаан шиг. Харц ардын дүр бүтээсээр байгаад залхчихсан ч юм шиг. Мартаж орхисон сөрөг хүчнийхээ дүрд орох гэж өнгөрсөн зун болж өнгөрсөн УИХ-ын сонгуулиас өмнөх зургаан сарын дотор тэд юу эсийг хийв дээ. “Буруу, буруу. Та нарын буруу. Буруу, буруу. Бусдын буруу” гээд л дуулах нь холгүй юм болцгоосон. Сонгуулийн үеэр бол өөрсдөө бурууд буруугүй юм шиг дуугаа ч дуулсан. Тэр бүх нь цаанаасаа “Тэгж яривал хошин шогийн жүжигчид хувиралт сайтай, хурдан хугацаанд хувирч, нэг тайзан дээр нэлээн хэдэн дүр бүтээж чаддаг юм шүү” гэдэгтэй яг адилхан. Саарал ордон дотор дүр бүтээж, санал хураалтын төлөө улайрч байгаагаараа л өөр байх.

Одоо тэгсэн Ардын нам тэр халдварыг нь авчихсан. Бүр аймар халдварласныг нь яана. “Шоудахаа болиосой”, “Биднийг арай л их зовоолоо”, “Биднийг дэндүү удаан хүлээлгэлээ”, “Ёо, энэ төрийг ямар аймар болгочихоо вэ” ч гэх шиг. Бүхэл насаараа даргын дүр бүтээж сурсан тэдэнд сөрөг хүчний дүр зохихгүй байгаа нь тун зовлонтой. Яаж ч харсан, хаанаас нь ч харсан хаан шиг харагдаад байгаа болохоор тэр байх. Хаяа тэгээд бодохын өөрсдийнхөө оронд Ардчилсан намаас ганц нэг авчраад тоглуулчихаасай гэж. Саяхан хошин шогийн нэг хамтлаг бусад продакшныхаа жүжигчдийг дуурайж тоглосон гэсэн. Хүний л тархи юм болсон хойно цаг үргэлж өөрийг сэтгэж, өөрийг тоглоод байж чаддаггүй л байлгүй. Тэгээд л мэргэжил нэгт андуудаа элэглэж, нэг хэсэг мөнгө халаасалсан нь энэ. Ардын нам Ардчилсан намаас гишүүн хөлсөлж, тоглуулах нь үүнтэй ямар ялгаа байна. Тэртээ, тэгүй цаадуул нь нүдэндээ нулимс цийлэгнүүлэх гээд ядаж л сонгино, сармис хэрэглээд сурчихсан л байлгүй. Иймд Ардын намынханд ахиад хэлэхэд “Ардчилсан намаас жүжигчин аваач ээ” гэж зөвлөе. Алийн болгон ард олонд танигдаагүй дүр бүтээж, өөрсдийгөө худлаа хиймэл харагдуулах вэ дээ. Наанадаж намынхаа ирээдүй, цаанадаж дараагийн сонгуулиа бодож Ж.Батзандан тэр­гүүтнийг биш юм гэхэд дүүрэг мүүргийн идэвхтэн, зүтгэлтнүүдээс нь түрээслээд авчихсан нь юу, юунаас ч илүү зөв сонголт болох юм.

Тэгээд ч тэртээ тэргүй жүжиг тоглож байгаа хүмүүст хүний өөрийн ер нь ямар хамаа байна. Бүр болж өгөхгүй бол мөрөөдөлдөө хөт­лөгдөж яваа залуу театраас жүжиг­чин хөлсөлж, тоглуулсан ч яадаг юм. Ардын намын дарга уйлан дуу­гарснаар ардын хүүхэд уйлаад сууж байвал үнэнд ойрхон санагдаж мэдэх биш үү. Энэ мэтээр ургуулан бодоод байхаар эмгэнэлт инээдмийн жүжиг үзэх гэж тасалбар худалдаж авах хэрэггүй болчихоод байгаа юм. Орой бүр зурагтаар улстөрчдийн хэрүүлийг харж, өглөө бүр тэдний цэцэрхлийг сониноос уншчихад л болно. Юу яа­сан Боёо, Одноо, Аглуу, Онон, Батаа, Заанаа маанаа… Өнгө, өнгийн хувцас өмсч, дуут хөгжимд толгой өвтгөхгүй жүжиглэдэг улстөрчид бай­хад шүү. Эцэс сүүлд нь “Хошин улс төр гэдэг л энэ байхдаа” гэсэн сэт­гэг­дэл эгдүү, дургүй хоёрыг зэрэг хүр­гээд болохгүй юм даа, хөөрхий гэж.

Г.ОТГОНЖАРГАЛ

Зохиогчийн эрх: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж