Харин хотын шинэ дарга ажлаа авсан даруйдаа авто замын ачааллыг бууруулах, замын түгжрэлийг багасгахын тулд улсын дугаараар нь хязгаарлах шийдвэр гаргасан. Эхэн үедээ түгжрэл эрс буурч, хүмүүс ч ам сайтай байсан. Тийм ч учраас гурван сарын хугацаанд туршиж үзсэн туршилтаа ажил хэрэг болгохоор шийдэж, хугацаагүйгээр сунгасан.
Гэтэл сүүлийн үед түгжрэл хэрээс хэтэрч, зам дээр унтах дээрээ тулах боллоо. Хүмүүс “Дугаараар нь хязгаарласан байхад ингэж байгаа юм чинь, хязгаарлаагүй байсан бол бүр бүтэхгүй юм байна” гэж ирээд л ярих. Нээрээ ч тийм дээ гэж бодож байтал яг ч тийм биш аж. Учир нь хүмүүс хоёр дугаараа сольж хийх, дугаарынхаа тоог будаж өөрчлөх гээд янз бүрийн арга хэрэглэж байгаа болохоор түгжрэл санасан хэмжээнд хүртэл буурахгүй байгаа юм байна.
Саяхан нэг орой такси барив аа. Гэтэл жолоочийн хажуу талд сууж явсан залуу утсаар ярингаа “Чи маргааш надад унахгүй байгаа машиныхаа дугаарыг, бичиг баримттай нь өгчих. Адилхан маркийн машин юм чинь цагдаа зогсоосон ч мэдэхгүй. Тэгж ажлаа амжуулахгүй бол болохгүй нь” гэж ирээд л ярьж байна. Утсаар ярьж дууссаныхаа дараа жолооч найздаа хандаж байнга өөр дугаар олж хийж машинаа унаж явдгаа гайхуулж яриад байгаа юм. Өөрийгөө хуурч байгаагаа мэдэхгүй бахархаж ярьж байгааг нь хараад дургүй хүрснийг яана.
Хүмүүс иргэнийхээ үүргийг биелүүлж, нэг өдөр машинаа тавьчихаж чадахгүй байхад яаж түгжрэл буурах вэ дээ. Бүгд өөрийгөө хуурч, хуурамч дугаар хийчихээд давхиад байвал нийтээрээ түгжрэхээс өөр замгүй л болж байна. Замын цагдаагийн газраас сайн хяналт тавьж байгаа, хоёр дугаар авах боломжгүй, дугаар давхардуулбал өндөр торгоно гээд байгаа ч ачир дээрээ хүмүүс энэ мэтээр иргэний үүргээ биелүүлэхээс зугатаж байна.
Хэдийгээр өвөл болж, машин унаагүй бол хэцүү ч ганц өдөр зохицуулахад болохгүй нь юу байна. Олон хүн зохицуулаад яваад байж болж байхад. Тэгэхээр одоо шалгалтаа эрчимжүүлмээр байна. Хэдэн өдөр замын цагдаа нарыг дайчлаад, машин бүрийг шалгасан ч яадаг юм. Хүний дугаар авч машиндаа хадаад, гэрчилгээг нь авчихсан давхиж яваа нөхдийг барьж аваад, эрхийг нь 2-3 жилээр хассан ч яадаг юм. Хэдий машины марк нь адилхан ч өнгө нь зөрнө. Бүр цаашлаад арлын дугаараар нь ялгаж болно шүү дээ.
Тэгэхээр маш нарийн шалгалт гурав хоног зохион байгуулаад, дугаар сольж зүүж байгаа нөхдүүдийг баримаар байна. Өөр машины дугаар авч, дугаар нь хязгаарлагдсан өдөр зөвхөн өөрийгөө бодоод, өрөөлийг хохироож байгаа нөхдүүдийг нэг сайн хашраамаар юм. Тэгж байж энэ асуудлыг цэгцэлж, журамд оруулахгүй бол удахгүй хатуу цаасан дээр дугаар биччихээд, машиндаа наагаад давхиад байж магадгүй л байх шүү. Тиймээс нарийн хяналт, шалгалт зайлшгүй шаардлагатай байгаа юм. Хэрвээ энэ янзаар байгаад байвал түгжрэл буурна гэдэг “Мянгуужингийн үлгэр” болох шинжтэй дэг ээ.
Зохиогчийн эрх: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин