Гадаадад буй иргэдийн талаар ярилцав

Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

Гадаадад буй иргэдийн талаар ярилцав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга, Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Отгочулуу нар Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг (GTZ)-ийн зөвлөх Др. Ханс Вернер Мундтийг хүлээн авч уулзав.
Уулзалтын гол сэдэв нь чадварлаг боловсон хүчний төлөөх өрсөлдөөн дэлхий даяар эрс эрчимжиж байгаа өнөөгийн цаг үед Монгол Улсын төрөөс гадаадад сурч, ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ хэрхэн үр ашигтай хамтран ажиллах тогтолцоог бүрдүүлэх вэ гэдэгт байв.
Д.Баттулга дарга гадаад дахь Монгол иргэдийнхээ мэдлэг боловсрол, ур чадварыг хүлээн зөвшөөрч, улс эх орны хөгжилд бодит хувь нэмэр болгон хувиргах тогтолцоог бий болгох талаар төрийн байгууллагуудаас боловсруулж буй бодлого, хөтөлбөрийн талаар товч танилцуулав.
Ноён Х.Мундт ярианыхаа эхэнд Монгол Улс болон ХБНГУ-ын хооронд хөгжлийн хамтын ажиллагаа улам бүр гүнзгийрэн хөгжиж буйд таатай байдгаа илэрхийлсэн юм. Тэрээр: “Гадаадад байгаа иргэдээ буцааж авчрах нь мэдээж чухал, гэхдээ заавал эргэн ирэх эсэхээс нь үл хамааран хамгийн гол нь тэдний ур чадварыг зөв ашиглах, эх орондоо ажиллаж буй мэргэжил нэгтнүүдтэй нь холбох гүүр бий болгох нь илүү чухал” хэмээн онцлон тэмдэглэв. Гадаадад буй иргэдээрээ дамжуулан хөгжлөө хурдасгаж буй орнуудын шилдэг туршлагын хүрээнд Энэтхэг Улсын жишээг онцлов.
Уулзалтын төгсгөлд Д.Баттулга дарга, Монгол Улсад хүрэлцэн ирж, олон чухал уулзалт хэлэлцүүлэгт оролцон, үнэтэй санал зөвлөмжүүд өгсөн ноён Мундт-д талархал илэрхийлээд, уулзалтанд яригдсан ажил хэрэгч саналуудыг үр дүнд хүргэхэд бүхий л талын дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлэв.
Ноён Мундт нь дэлхийн 130 гаруй оронд ажиллаж байсан, хөгжлийн хамтын ажиллагааны чиглэлээр 40 гаруй жилийн туршлага хуримтлуулсан нэгэн юм. Мөн тэрээр “Олон улсын шилжилт хөдөлгөөн ба хөгжил” хэмээх хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагыг үүсгэн байгуулалцаж, дэлхийн хөгжиж буй олон оронд өндөр ур чадвартай мэргэжилтэн бэлдэхэд нь туслах ажлыг зохион байгуулж иржээ.
Түүнчлэн уулзалтад “Монгол-Германы Гүүр” ТББ-ын зөвлөх Э.Хатантуул оролцов. Тус ТББ нь Германд төгсөгч болон Германаас эргэн ирэгсэдэд зөвөлгөө өгдөг олон жилийн туршлагатай байгууллага юм.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж