Тэрээр мэндчилгээндээ, энэ өдрүүдэд туулж ирсэн ардчилсан сонгуулийн түүхэн замналаа эргэн харж бодитой үнэлэхийн сацуу түүнийг боловсронгуй болгох, сонгуулийн ардчиллыг дэлхий нийтийн жишгийн дагуу улам хөгжүүлэх нь Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны эрхэм зорилт хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ.
СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн сонгуулийн байгууллагын ажлыг товч дүгнэхдээ, 20 жилийн түүхэн замнал нь Монгол Улсын төрийн сонгуулийн түүхэнд онцгой байр суурь эзлэх болно. Манай иргэд сонгогчид энэ хугацаанд төрийн эрх барих дээд байгууллагаа 6 удаа, Монгол төрийн тэргүүнээ 5 удаа сонгож, орон нутгийн бүх шатны сонгуульд идэвхтэй оролцлоо. Эдгээр сонгуулийг хуулийн хүрээнд шударга явуулах, нээлттэй, ил тод болгох, иргэдэд төрийг удирдах хэрэгт оролцох эрхээ бүрэн эдлэх бүхий л нөхцлийг бүрдүүлэхийг Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо эрхэмлэн ажилласан гэдгээ цохон тэмдэглэв.
Мөн сонгуулийг ардчилсан зарчим, хэм хэмжээнд нийцүүлэн зохион байгуулах улмаар сонгуулийн шинэчлэлийг хэрэгжүүлэх түүний эрх зүйн орчинг боловсронгуй болгох явдал нэн чухал зорилт байсныг тэрээр дурьдаад сонгуулийн эрх зүйн суурь үндэс, зарчмыг тодорхойлж өгөхийн хамт гадаад улсад байгаа монгол иргэдийнхээ саналыг авах, сонгогчийн санал авах, тоолох ажиллагаанд орчин үеийн автоматжуулсан системийн техник, технологи ашиглах зэрэг сонгуулийн түүхэнд бичигдэх шинэчлэлийн олон ажлыг амжилттай хэрэгжүүлж байна. Энэхүү сонгуулийн шинэчлэл, арга туршлага нь олон улсад зохих ёсоор үнэлэгдэж байна.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын сонгуулийн байгууллагын үйл ажиллагаа төлөвшиж, түүний эрх, үүрэг ялангуяа хараат бус, бие даасан байдал нь эрх зүйн хувьд баталгаажлаа. Сонгуулийн бүх шатны байгууллагын бүтэц, зохион байгуулалт улам боловсронгуй болж, тэдгээрт ажиллагсдын мэдлэг, ажлын арга туршлага, сонгууль зохион байгуулах чадвар нь үлэмж нэмэгдлээ.
Сонгуулийг шударга, нээлттэй болгоход төрийн төдийгүй олон нийтийн болон хэвлэл, мэдээллийн байгууллагын оролцоо, хувь нэмэр, эрх үүрэг ихээхэн өргөжлөө.
Манай байгууллагын гадаад харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж, сонгуулийг улам нээлттэй, ил тод болгох, сонгогчдын боловсролыг нэмэгдүүлэх, тэднийг соён гэгээрүүлэхэд ихээхэн анхаарч үүнд чиглэсэн олон улсын төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж ирлээ.
Цаг хугацаа улирах тусам сонгуулийн улс төрийн ач холбогдол, нийгмийн үнэ цэнэ улам өссөөр байна. Энэ нь сонгуулийн байгууллага тэдгээрт ажиллагсдад төрт ёсыг сахих, төв журмыг дагаж ажиллах өмнөхөөс илүү үүрэг оноож байна.
Тиймээс Монгол Улсын сонгуулийн байгууллага өөрт нь оноож буй энэхүү үүргээ цаашид ч нэр төртэй биелүүлж ажиллах болно гэдгээ Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн илэрхийлээд, байгууллагынхаа 20 жилийн ойг тохиолдуулан сонгуулийн хороодод ажиллаж байсан, сонгууль зохион байгуулахад дэмжлэг туслалцаа үзүүлж байсан бүх хүмүүс, байгууллага, хамт олон, нийт сонгогч түмэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэв гэж Сонгуулийн Ерөнхий Хорооны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.