Үүний тулд иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр, /хөдөлмөрийн дэвтэр/, улсад ажилласан жилийг шүүхээр тогтоосон шүүхийн шийдвэр, оршин суугаа газрын Засаг даргын лавлагаа зэргийг бэлтгэн баталсан маягтын дагуу нийгмийн даатгалын хэлтэст өргөдөл бичээд 2013 оны наймдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд харьяа дүүргийнхээ нийгмийн даатгалын байгууллагад өгөх юм. Харин 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс тэтгэврийг нөхөн тооцон олгох юм байна. Шинэ хуультай холбоотойгоор ажилласан жилээ хэрхэн баталгаажуулж, нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулах талаар иргэдийн дунд их асуулт байгаа юм.
Ийнхүү иргэдээс ирүүлсэн асуултад мэргэжилтнүүдээс тодруулсан хариултыг хүргэж байна.
1. Гадаадад хөдөлмөрийн гэрээгээр бараг 10 жил ажилласан. Тэр улсдаа нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан бол яах вэ?
Монгол Улсын засгийн газар БНСУ-ын Засгийн газар хооронд нийгмийн хамгааллын тухай хэлэлцээрийг 2006 онд байгуулсан. Энэхүү хэлэлцээрийн дагуу БНСУ-д гэрээгээр ажиллаж буй Монгол Улсын иргэд нь сар бүр тэтгэврийн даатгалын шимтгэлд 40 000 вонныг Монгол Улсын тэтгэврийн даатгалын санд төлж байхаар зохицуулсан юм. Харин гадаад улс оронд албан бусаар ажиллаж буй Монгол улсын иргэд нь гадаад оронд явахын өмнө буюу 1990-2000 онд “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль”-д заасан үндэслэлээр ажлаасаа халагдаж ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон эсхүл тэтгэврийн даатгал шимтгэл төлөх боломжгүй болсон нь ажилласан хугацааны холбогдох үндсэн баримтаар нотлогдож байгаа бол дээрх хуульд хамрагдах боломжтой.
2. Хуучнаар түлш эрчим хүчний трестийн бааз гэж байсан бол зах зээлд шилжихэд ажиллахгүй болсон. Трест нь хувьчлагдсан хэдий ч бааз нь байхгүй болсон. Тиймээс баазын архив баримт бичгийг нь устгасан. Уг нь тухайн үедээ цалин их сайн авч байсан юмсан, одоо хоёр жилийн дараа тэтгэвэртээ гарна. Тэр үеийнхээ нийгмийн даатгалыг нөхүүлж болох болов уу?
1990-ээд онуудад өмч хувьчлалын үед зарим аж ахуйн нэгж, байгууллагуудад ажиллаж байсан иргэдийн ажилд орсон, ажлаас халагдсан тухай тушаал, шийдвэр болон цалин хөлсний санхүүгийн үндсэн баримт /цэс/ үрэгдэж алга болсон тохиолдол нэлээд байдаг. Энэ нь тухайн байгууллагын хариуцлагагүй үйл ажиллагаатай холбоотой асуудал гэж ойлгоно. Хэрэв тухайн баазад ажиллаж байсан хүмүүсийн хөдөлмөрийн дэвтэр, тушаал шийдвэр нь олдохгүй үрэгдсэн тохиолдолд тэдгээр хүмүүс нь 1994 оны 12 дугаар сарын 31-нээс өмнөх ажилласан хугацаагаа шүүхээр сэргээн тогтоолгох нь зүйтэй. Хэрэв тухайн иргэн нь баазад ажиллаж байсан хугацаанд авсан цалингаас тэтгэвэр тогтоолгох бол зөвхөн цалин хөлсний санхүүгийн үндсэн эх баримтаас түүвэрлэн гаргасан архивын лавлагааг бүрдүүлэх үүрэгтэй. Ийм үндсэн баримт бүрдүүлээгүй тохиолдолд тухайн иргэнд тэтгэвэр тогтоох боломжгүй.
3. Гадаадад магистрын сургалтад 1996-1998 онд суралцах хугацаанд байгууллага нийгмийн даатгал төлөөгүй байсан. Төгсч ирээд тэр байгууллагадаа 2000 оны дөрөвдүгээр сар хүртэл ажилласан юм. Сургуульд сурч байсан хугацааны даатгалыг сайн дураар төлж болох болов уу?
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д “хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч болон төрийн албан хаагч аж ахуйн нэгж, байгууллагын захиалгаар ажлаас чөлөөлөгдөж суралцсан хугацаа”-ны тэтгэврийн, тэтгэмжийн даатгалын шимтгэлийг ажил олгогчийн төлбөл зохих хувиар тооцон тухайн байгууллага нь тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын санд төлөхөөр заасан.
Хэрэв тухайн иргэний 1996-1998 онд суралцсан хугацаа нь хуулийн дээрх заалтад хамаарч байгаа бол энэхүү хуульд заасны дагуу уг байгууллага нь одоо байгаа бол тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын шимтгэлээ төлүүлэх үндэслэлтэй. Тухайн иргэний дээрх онуудад суралцсан хугацааны шимтгэлийг нөхөн төлүүлэх боломжгүй.
4. Би 1985-1989 он хүртэл ангаах ухааны дунд сургуульд сурч байсан. Энэ сурсан 4 жил маань ажилласнаар тооцогдох болов уу? Зарим сургууль тооцдог гэсэн. Манайх яадгийг мэдэхгүй байна. Хаанаас мэдээлэл авах вэ?
Иргэний их, дээд сургууль, коллежид суралцсан хугацааг шимтгэл төлж ажилласан хугацаанд оруулан тооцдоггүй.
5. Хотод ажиллаж байсан, татан буугдсан аж ахуйн нэгж, байгууллагын тодорхойлолтыг тухайн дүүргийн Засаг даргаас яаж авах вэ?
Иргэний хуулийн 32 дүгээр зүйлд заасан үндэслэлээр тухайн аж ахуйн нэгж, байгууллага нь татан буугдсан тохиолдолд уг байгууллагыг татан буулгасан тухай өөрийнх нь шийдвэр эсхүл эрх бүхий байгууллагын болон шүүхийн шийдвэрийг нь баримталж байгаа. Хэрэв уг байгууллагыг татан буулгасан тухай дээр дурдсан шийдвэр олдохгүй бол иргэний хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг үндэслэн шийдвэрлэнэ. Иймээс аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан тухай тодорхойлолтыг сум, дүүргийн засаг даргаас авах шаардлагагүй.
6. Нийгмийн даатгалын байцаагчид ялангуяа хөдөө сумын байцаагчид хотоос архивын лавлагаа, ял шийтгэлгүй гэсэн бичиг авчир гээд байх юм. 1995-2000 оны хооронд ажил хийгээгүй байхад шимтгэлийн 10%-ийг төлүүлэхгүй байна.
Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2012 оны А/57 дугаар тушаалаар баталсан журамд заасан бүрдүүлэх баримт бичигт 1990-2000 оны хооронд огт ажил хөдөлмөр эрхлээгүй иргэдийн хувьд оршин сууж байсан сум, дүүргийн засаг даргын тодорхойлолтыг авахаар оруулсан байгаа. Иймээс 1990-2000 оны хооронд ямар нэгэн байгууллагад огт ажил хөдөлмөр эрхлээгүй иргэдийн хувьд ажилласныг нотлох баримтгүй учраас аймаг, нийслэлийн архивын байгууллагаас лавлагаа гаргуулах шаардлагагүй. Харин эдгээр иргэд нь огт ажил хөдөлмөр эрхлээгүй байсан тухайгаа нотолсон өөрийнхөө болон сум, дүүргийнхээ засаг даргын гаргасан тодорхойлолтыг нийгмийн даатгалын байгууллага/байцаагч/-д бүрдүүлж өгнө.
Тухайн иргэний шүүхийн шийдвэрээр ял эдэлсэн хугацаа түүний ажилласан болон шимтгэл төлсөн хугацаанд орж тооцогдоггүй. Иймээс ялангуяа 1990-2000 оны хооронд ямар нэгэн байгууллагад огт ажил хөдөлмөр эрхлээгүй иргэний хувьд ял эдэлсэн, эдлээгүй эсэх асуудлыг цагдаагийн байгууллагаас гаргасан тодорхойлолтыг баримтлан шийдвэрлэх шаардлагатай учраас уг байгууллагын тодорхойлолтыг авч байгаа.
Аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагаас ирүүлсэн бүртгэлд орсон иргэдийн 1995-2000 оны хоорондын шимтгэл төлөх хугацааг Нийгмийн даатгалын ерөнхий газраас хянаж баталгаажуулсны дараа тухайн иргэний нэр дээр тооцогдсон жил, сард ногдох тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа санд нөхөн төлүүлнэ.
7. Ажилласан хугацааг нь тооцох баримтгүй болсон иргэний ажилласан хугацааг шүүхээс сэргээн тогтоосон бол шүүхийн шийдвэр авчирна гэдэг дээр тайлбар өгнө үү? Заавал шүүх гэж чирэгдэл үүсгэх ёстой юм уу?
Ажилласан хугацааг тооцох үндсэн баримт болох хөдөлмөрийн дэвтэргүй тохиолдолд тухайн иргэний ажилласан хугацааг шүүхийн шийдвэрээр сэргээн тогтоодог. Хэрэв тухайн иргэн нь ажилласан хугацаагаа шүүхийн шийдвэрээр сэргээн тогтоолгосон байгаа бол уг шийдвэрийг оршин суугаа аймаг, дүүргийнхээ нийгмийн даатгалын байгууллага /байцаагч/-д авч өгнө. Мөн ажлаас халагдсан, чөлөөлөгдсөн тушаал шийдврийг ажиллаж байсан байгууллага нь гаргаагүй, тухайн иргэний хөдөлмөрийн дэвтэрт бичилт бүрэн хийгдээгүй орхигдсноос нийт ажилласан хугацааг тооцох боломжгүй тохиолдол нэлээд гарч байна.
Энэ тохиолдолд тухайн иргэнийг хэдэн оноос хэдэн он хүртэл ажилласныг шүүхээр тогтоолгох зайлшгүй шаардлагатай.
8. 1993 онд 10 дугаар анги төгсөөд хувиараа бизнес хийж байгаад 2001 онд анагаахыг төгсөөд сувилагчаар ажиллаж байсан. Ийм тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж болох уу?
Аж ахуйн нэгж, байгууллагууд нь цалингийн сангаас болон ажиллагчдын сарын хөдөлмөрийн хөлс, орлогоос төлөх шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон сар бүр нийгмийн даатгалын санд төлөх үүрэгтэй. Танай байгууллага нь энэхүү хуульд заасан үүргийн дагуу тухайн иргэний 2001 оноос хойш сувилагчаар ажилласан хугацааны шимтгэлийг төлсөн байх ёстой. Хэрэв байгууллага нь сувилагчаар ажилласан хугацааны шимтгэлийг санд төлөөгүй бол уг байгууллагаар дээрх хугацааны шимтгэлийг, хугацаа хэтрүүлсэн хоногт ногдох алдангийн хамт нөхөн төлүүлнэ. Иймд 2001 оноос хойшхи хугацааны шимтгэлийг тухайн байгууллагаар нөхөн төлүүлэх асуудлыг харилцагч нийгмийн даатгалын байгууллагад хандаж, шийдвэрлүүлэхийг зөвлөж байна.
9. Хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд орон даяар нэг журам мөрдөж байгаа биз дээ. Гэтэл зарим хэлтэс бүрдүүлэх материалын жагсаалтаас гадна бичиг баримт нэхэх юм энэ зөв үү? Үүнийг хэрхэн хянаж зохицуулж байна вэ?
Тухайн иргэний бүрдүүлэх баримт бичгийг Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2012 оны А/57 дугаар тушаалаар баталсан журамд тодорхой заасан. Аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагууд нь дээрх хууль, журамд хамрагдах иргэдийн хүсэлтийг хүлээн авч, бүртгэх явцад зарим иргэний хувьд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн хугацаанд орох жилийг тодруулах, тооцох, хэдэн оноор тасалбар болгон тооцох зэрэг асуудлуудтай холбогдуулан зарим нэг зайлшгүй шаардлагатай баримт бичгийг авч үзэх, шалгах, тодруулах чиглэлээр ажиллаж байна. Тухайлбал, Ерөнхий боловсролын болон их дээд сургууль, коллеж суралцаж төгссөн тухай боловсролын байгууллагаас олгосон үнэмлэх, диплом, тэтгэврийн дэвтэр, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр гэх мэт.
Нийгмийн даатгалын төв байгууллага нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2012 оны А/57 дугаар тушаалаар баталсан журмыг хэрэгжүүлэх талаар орон нутгийн нийгмийн байгууллагуудад тодорхой зөвлөмж, чиглэл өгч, ажиллаж байна.
10. Аж ахуйн нэгж, байгууллага нь цалингийн сангаас 1991 оноос 1995 он хүртэл хугацаанд шимтгэл төлж байсан. Харин тухайн даатгуулагчийн хувьд авч байсан цалингаасаа шимтгэл төлөөгүй. Энэ тохиолдолд тухайн иргэний дээрх хугацааг нөхөн тооцож болох уу?
Шаардлагагүй. Улсын Бага Хурлаас 1991 онд “Нийгмийн даатгалын шимтгэлийн тухай хууль”-ийг баталж, 1991 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсөн.
Энэ хуульд заасны дагуу тухайн үеийн аж ахуйн нэгж, байгууллагууд нь 1991 оны 7 дугаар сарын 1-нээс 1995 он хүртэл хугацаанд цалингийн сангаасаа 13.5 хувиар тооцож, тэтгэврийн санд сар бүр шимтгэл төлж байсан.
Дээрх хуулийн дагуу байгууллагууд нь 1991 оны 7 дугаар сарын 1-нээс 1995 он хүртэл хугацаанд тэтгэврийн санд сар бүр шимтгэлээ тасралтгүй төлж тайлагнаж байсан бол эдгээр байгууллагад ажиллаж байсан тухайн даатгуулагчдын шимтгэл төлж ажилласан дээрх хугацааг давхардуулан нөхөн тооцох шаардлагагүй.
Харин байгууллага нь шимтгэл төлөөгүй бол уг байгууллагад ажилласан тухайн иргэний дээрх хугацааг нөхөн тооцож болно.
Ер нь аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллага нь тухайн байгууллага дээрх хуульд заасан журмын дагуу 1991-1995 онд тэтгэврийн санд шимтгэл төлсөн эсэхийг хэлтсийн архивт буй шимтгэлийн тайлан, тооцооны баримтыг үндэслэн шийдвэрлэж байх нь зүйтэй.
11. Орон тооны цомхотголын улмаас цэргийн албанаас 1991 оны 12 дугаар сард халагдаж, цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэврийг 1992 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тогтоолгосон иргэний хувьд тэтгэвэр тогтоолгосноос хойш буюу 1992-2000 оны хоорондох ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж болох уу?
Тооцохгүй. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2012 оны А/57 дугаар тушаалаар баталсан журамд 1990-2000 оны хооронд тэтгэвэр тогтоолгоогүй иргэдийг хамруулахаар заасан.
Иймд тухайн иргэний хувьд цэргийн алба хаасны тэтгэвэр авч байсан 1992 оноос 2000 оны хоорондох хугацааг “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль”-д хамааруулахгүй гэж ойлгоно.
12. Цэргийн анги нь татан буугдсанаас болж, цэргийн албанаас 1992 оны 5 дугаар сард халагдаж, улмаар цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэврийг 2008 онд тогтоолгосон иргэний хувьд тэтгэвэр тогтоолгохын өмнөх буюу 1992 оны 6 дугаар сараас -2000 оны хоорондох ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж болох уу?
Энэ тохиолдолд тооцож болно. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2012 оны А/57 дугаар тушаалаар баталсан журамд 1990-2000 оны хооронд тэтгэвэр тогтоолгоогүй иргэдийг хамруулахаар зохицуулсан. Тухайн иргэн нь 1992 оны 6 сараас 2000 оны хооронд ажилгүй байгаад 2008 оноос эхлэн цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон бөгөөд тэтгэвэр тогтоолгосон хугацаанд түүний дээрх хугацаа ороогүй байна. Иймээс тухайн иргэн нь хуульд заасан үндэслэлээр ажлаас халагдаж, ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон бол түүний дээрх хугацааг “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль”-д хамааруулан тооцно.
13. “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль” мөрдсөнөөс хойш баримт бичгээ бүрдүүлж чадалгүйгээр нас барсан иргэдийн нас барахаас өмнөх 1990-2000 оны хоорондох ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох уу?
Тооцно. Улсын Их Хурлаас 2012 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль”-ийг баталсан.
Тэгэхээр энэ хугацаанаас хойш нас барсан иргэдийн хувьд түүний нас барахын өмнөх онуудын ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох эрх зүйн үндэслэлтэй. Энэ тохиолдолд нас барагчийн гэр бүлийн хүмүүс нь тухайн иргэний нас барахын өмнөх 1990-2000 онуудын ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулахтай холбогдсон баримт бичгийг бүрдүүлнэ. Тэдгээрийн энэхүү бүрдүүлсэн баримтыг үндэслэн тухайн нас барагчийн нас барахын нь өмнөх 1990-2000 онуудын ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож болно.
14. Байгууллага нь татан буугдснаас болж ажлаасаа халагдсан иргэн 1991 он хүртэл нийтдээ 12 жил ажилласан. Үүнээс хойш хөдөлмөрийн чадвар алдалтын акт тогтоолгох хүртэл ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан. Ингээд ердийн өвчний улмаас тахир дутуу болж, хөдөлмөрийн чадвар алдалтыг 1995 оны 10 дугаар сард 65 хувиар тогтоолгон тахир дутуугийн тэтгэврийг өнөөдрийг хүртэл авч байгаа. Энэ тохиолдолд 1991-1995 он хүртэлх хугацааг ажилласнаар нөхөн тооцуулж болох уу?
Тооцно. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2012 оны А/57 дугаар тушаалаар баталсан журамд 1990-2000 оны хооронд тэтгэвэр тогтоолгоогүй иргэдийг хамруулахаар зохицуулсан. Тахир дутуугийн тэтгэвэр авч байгаа хугацааг тухайн иргэний шимтгэл төлж ажилласан хугацаанд оруулан тооцдоггүй. Иймээс тухайн иргэний тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон нийт хугацаанд нь 1991-1995 оны 10 дугаар сар хүртэл хугацаа ороогүй бол түүний уг хугацааг “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль”-д хамааруулан тооцож болно.
15. 1990-2000 оны хооронд огт ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан иргэдийг ямар баримтыг үндэслэн хэрхэн бүртгэж зохицуулах вэ?
Дээрх онуудын хооронд ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль, коллеж төгссөн иргэд болон ямар ч сургууль төгсөөгүй иргэд нь огт ажил, хөдөлмөр эрхлээгүй байх тохиолдлууд гарна. Мөн хугацаат цэргийн албанаас халагдсанаас хойш огт ажил хийж байгаагүй иргэд ч байна.
Иймд эдгээр иргэдийн хувьд сургууль төгсөөгүй буюу ажил хөдөлмөр огт эрхэлж байгаагүй үндэслэлийг өөрсдөөр нь тодорхойлуулан баталгаажуулж, “…өргөдөл гаргагчийн мэдүүлэг”-т хавсаргах хэрэгтэй.
Ажил хөдөлмөр огт эрхэлж байгаагүй иргэдийг “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль”-д хамааруулан бүртгэхдээ дараах баримтыг үндэслэх нь зүйтэй. Үүнд:
- Хэрэв тухайн иргэн нь ямар нэгэн сургууль төгссөн бол тухайн сургуулийг төгссныг нотлох эрх бүхий боловсролын байгууллагаас олгосон үнэмлэх, диплом, түүний хуулбар
- Цагдаагийн байгууллагын тодорхойлолт
- Иргэний үнэмлэх, түүний хуулбар
- 1990-2000 онуудад огт ажил хөдөлмөр эрхэлж байгаагүйг нотолсон тухай оршин сууж байгаа сум, дүүргийн засаг даргын тодорхойлолт
16. Гадаад оронд Монгол улсын аж ахуйн нэгж, байгууллага, үйлдвэрийн төлөөлөгчийн газар ажиллаж байна. Энэхүү төлөөлөгчийн газар ажиллагчдын эхнэр буюу нөхөр нь ажилгүй байсан бол уг хугацааг нөхөн тооцуулж болох уу?
Болно. Сүүлийн жилүүдэд томоохон аж ахуйн нэгж, байгууллагууд нь гадаад оронд өөрийн төлөөлөгчийн газрыг нээн ажиллуулж байгаа.
Төлөөлөгчийн газарт ажиллагчдын 1990-2000 онд тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй байгаа эхнэр буюу нөхрийн уг хугацааг хуульд заасны дагуу нөхөн тооцож болно.
17. Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр байхгүй иргэдийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон баталгаажилтын хуудсыг хаана хэрхэн хадгалах вэ?
Аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсүүд нь нийгмийн даатгалын дэвтэр байхгүй иргэдэд шинээр дэвтэр нээж баталгаажуулж өгнө.
Шинээр нээсэн нийгмийн даатгалын дэвтрийн нэг хуудасны хоёр тал дээр тухайн иргэний ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай “баталгаажилтын хуудас”, “…тэмдэглэл”-ийн хуудсыг тус тус наана гэж ойлгоно.
18. Засгийн газрын 1997 оны 156 дугаар тогтоолын дагуу тэтгэмж авч ажлаасаа гарсан багш нарын ажилгүй байсан хугацааг нөхөн тооцож болох уу?
Засгийн газраас 1997 оны 7 дугаар сарын 1-ний өдөр “Сургалтын байгууллагын бүтэц, ажиллагчдын орон тоог оновчтой болгох зарим арга хэмжээний тухай” 156 дугаар тогтоолыг батлан гаргасан.
Дээрх тогтоолын дагуу 6-гаас дээш сарын тэтгэмж авсан багш нар… байгууллагын бүтэц, орон тоогоор ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш гурван жилийн дотор төсөвт байгууллагын аль нэгэн ажлын байранд төсвөөс цалинжиж ажиллахгүй байхаар зохицуулсан юм.
Иймд энэ тогтоолд дурдсан шалтгаан, үндэслэлээр ажлаас чөлөөлөгдснөөс хойш буюу 1997 оны 7 дугаар сарын 1-нээс 2000 оны хооронд ямар нэгэн байгууллагад ажиллаагүй, нийгмийн даатгалд хамрагдаагүйгээс шимтгэл нь төлөгдөөгүй багш нарын уг хугацааг “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль”-д хамааруулан нөхөн тооцож болно.