Засгийн газраас 1,5 тэрбум бондыг тав, арван жилийн хугацаатай зээлж байгаа, цаашид нийтдээ таван тэрбумын бонд гаргана гэж буй. Гэвч энэ бондын санхүүжилтээр бид чухам юу хийх вэ? Одоохондоо шийдчихсэн юм алга. Засгийн газар эхний ээлжинд 500 сая ам.долларын бондыг нэг жилийн хугацаанд дөрвөн хувийн хүүтэй, үлдсэн нэг тэрбум ам.долларын бондыг 10 жилийн хугацаатай жилийн хүү нь 5,1 хувийн хүүтэйгээр арилжаалсан. Дээрээс нь Хүний хөгжил сангийн мөнгийг тараахад дахиж бонд гаргана гэж байгаа. Мөн арьс ширний салбарт ч 200 сая төгрөгийн бонд гаргаад амжив. Харин гадаадын зах зээлээс босгосон бондыг юунд зарцуулах нь тодорхойгүй байгаад Ерөнхийлөгч дурамжхан байгаагаа илэрхийлэв. “Бондын мөнгө орж ирэхээс өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулж, шийдвэрийг ард түмэндээ танилцуулсан. Орж ирсэн мөнгөө нэг төсөлд хийгээд шатвал яах вэ. Нэг төсөлд, хөрөнгө оруулалт хийхдээ төслийн үнэлгээний 1/3-аас илүү мөнгийг бондын санхүүжилтээс гаргаж болохгүй. Уг нь бид бонд хөөцөлдөлгүй хөрөнгө оруулалтын салбараа сайжруулсан бол эрсдэлггүй байлаа. Ирэх жилээс нэмээд 3,5 тэрбум ам.долларын бонд гаргах гэж байна. Ингэж улсаараа, тусгаар тогтнолоороо дэнчин тавьж, өр тавьж байснаас хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах хэрэгтэй байсан” гэж Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ярьсан юм.
Монгол Улсын хөрөнгө оруулалтын одоогийн нөхцөл байдлыг аваад үзье. Стратегийн ач холбогдолтой салбаруудад оруулах 80 сая ам.доллараас дээш хөрөнгө оруулалтыг төр нь хянадаг байхаар болсон. Гэхдээ үүнийг сонссон гадныхан хэр хүлээж авах нь асуулт хэвээр. Ямар ч байсан томоохон хөрөнгө оруулагч гэж тооцогдож байгаа улсын мэргэжилтнүүд энэ хуулиндаа анхаарахыг олон ч удаа сануулсан. “УИХ стратегийн асуудлаар нэг хууль гаргасан. Санаа нь зөв ч гаргасан хууль нь буруу. 80 сая ам.доллараас дээш хөрөнгө оруулалтыг төр хянадаг болчихвол Монголд ямар хөрөнгө оруулалт ирэх юм. Дэлхий нийтээрээ наашаа харж байтал өөдөөс нь ус цацчихаж байна” гэж Ц.Элбэгдорж ярьсан юм.
Бонд гаргах үеэр ч олон янзын популимз хийж Монгол Улсын нэр хүндийг улстөрчид унагасан гэж тэрээр үзэв. Бид улсынхаа нэр хүндээр дэнчин тавьж бонд авсан учраас Монголын улстөрд ямар нэгэн зүйл боллоо гэхэд түүнийгээ дагаад бондын хүүд өөрчлөлт орж болохыг тэрээр хэлэв. “Засагт хамтарч байгаа хоёр намын нэг нь гарлаа гэхэд л бондын хүү өөрчлөлт орж байгаа шүү дээ. Өмнө нь монголчууд хэдэн аж ахуйн нэгжээсээ Сангийн яаман дээр мөнгө цуглуулаад түүний тойрч хэрэлддэг байсан. Тэгвэл өнөөдөр улсынхаа нэр хүндээр дэнчин тавин байж өр тавилаа. Тиймээс хариуцлага нэмэгдэж байна. Одоо “Засгаас гарлаа, орлоо” гэж ярих тоолонд бондын хүү хэдэн арваар нэмэгдэнэ” гэж ерөнхийлөгч ярьсан юм.
Оюутолгойн гэрээ тийм ч сайн болоогүй ч гэрээг засах гэж улайрах болгонд гадаадын хөрөнгө оруулагчдын Монголд итгэх итгэл сулар ч болзошгүйг эрхэм ерөнхийлөгч анхааруулав. “Чили улсын Уул уурхайн сайд надтай уулзахад нь би “Бид нэг ийм гэрээ хийсэн. Өөрчилье гэж бодож байгаа” гэхэд тэр ганцхан зүйл хэлсэн. “Танайх анхны алдаагаа засах гэж битгий оролдоорой. Хоёр дахиасаа зас. Хуулиа сайжруул. Анхны шийдвэрээ засах гэвэл улс орныхоо нэр хүндийг алдана” л гэж хэлсэн. Оюутолгойд хөрөнгө оруулж байгаа хүмүүс үйлдвэрээ хаагаад явдаг оронд нь хэн орж ирэх вэ” гэж Ц.Элбэгдорж ярив. Бид өмнөх алдаан дээрээ суралцаад Тавантолгойн гэрээг сайтар судалж байж хийх хэрэгтэй гэж тэрээр анхааруулж байна. Мөн тэрээр Оюутолгойд гаднаас авчирч байгаа хүнсний бүтээгдэхүүн болон бусад дагалдах хэрэгслийг Монгол Улс өөрөө үйлдвэрлэх хэрэгтэй гэдгийг ч сануулав. Уул уурхайн салбарт Норвегийн хэрэгжүүлсэн хөрөнгө оруулагч компанийхаа ашгийг авдаг байх хувилбарыг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа аж. (Норвеги улс хөрөнгө оруулагч компанийн ашгийн 78 хувийг авдаг)
Энэхүү ярилцлага нэлээд таагүй сэдвээр эхэлсэн гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Ярилцлага дэлхий сүйрнэ хэмээгдсэн арванхоёрдугаар сарын 21-нд өрнөсөн болохоор яалт ч үгүй энэ сэдвийг хөндөхөөс ч өөр аргагүй ч байсан байж болох. Хэрвээ энэ ярилцлагын эхний хэсгийг орчуулаад YouTube-д тавих юм бол ямаршуухан сэтгэгдэл урсах байсныг тааварлахад бэрх. Дэлхийн томоохон улсын байтугай Казахстан, Хойд Солонгосын төрийн тэргүүнүүд зурагтаараа иймэрхүү мэдэгдэл хийгээгүй байхад ерөнхийлөгчийн зүгээс иймэрхүү мэдэгдэл хийсэн нь бага зэрэг зохимжгүй шийдэл байв. Мөн маш чухал хэмээн тооцогдоод байсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн талаар маш бага хугацаанд ярилцсан нь чухал асуудлыг хөндөөд орхисон хэрэг болсон гэмээр. Хэрвээ энэ талаар арай дэлгэрэнгүй ярилцсан бол энэхүү хууль Монголын ардчилалд хэр зэрэг үнэтэй байсныг гэрчлэх зүйл болох байлаа. Мөнхүү Монгол Улсын Ерөнхийлөгч “Хууль шүүхийн байгууллагыг шинэчлэх, ардын нуруу тэнийж, даргын нуруу бөхийдөг тогтолцоотой болгохын тулд бид гарч ирсэн” гэсэн нь онцгой үгсийнх нь нэг байлаа.