Нам солигсдыг хуулиар зохицуулна

Хуучирсан мэдээ: 2012.12.24-нд нийтлэгдсэн

Нам солигсдыг хуулиар зохицуулна

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа хэд, хэдэн чухал асуудал хэлэлцсэний дотор УИХ-д сонгогдсоныхоо дараа намаас сольж буй үзэгдлийг зохицуулах үүднээс хуулийн төсөл санаачлах шаардлагатай гэж үзжээ. Тэр дундаа намын листээр нэр дэвшин парламентад орж ирсэн хойноо намаа солих энэ үзэгдэл газар авбал эцсийн дүндээ төрийн эрхийг сонгуулиар авдаг зарчим алдагдана хэмээн үзсэн байна. Тиймээс энэ талын хууль эрх зүйн зохицуулалтыг бий болгох зорилгоор тус бүлгийн гишүүд төсөл боловсруулахаар шийджээ. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ онцоллоо.

Мөн хуралдаанаар УИХ-ын тухай болон, УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд байнгын хороонд харьяалагдах гишүүдийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн байна. УИХ өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаараа УИХ-ын тухай хийгээд дэгийн тухай хуулийн төслийг баталсан. Түүнд Засгийн газрын гишүүн нь нэгээс илүү байнгын хороонд харьяалагдахыг хязгаарлах тухай заалт явж байсан ч үүнийг олонхийн бүлэг хүлээж авалгүй хасч баталсан. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд энэ чиглэлийг зохицуулах хуулийн төсөл боловсруулах шийдэл гаргасан байна. Энэ нь эцсийн дүндээ байнгын хороо, УИХ-аар хэлэлцэгдэж байгаа хууль, тогтоолын төслүүд чанартай боловсрогдох, тэр хэрээр ажил чамбайрна хэмээн үзжээ. Энэ дагуу УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ц.дашдорж нарын гишүүд төсөл боловсруулах үүрэг хүлээжээ.

Гурав дахь асуудал нь УИХ-ын гишүүнээс Засгийн газрын гишүүнд хандан тавьдаг асуулгатай холбогджээ. Парламентын засаглалтай оронд асуулт, хариултын энэхүү механизмыг маш сайн ашиглаж цөөнх нь олонхидоо хяналт тавих зарчмыг хэрэгжүүлж ирсэн байна. Харамсалтай нь, манайд энэ зарчим төдий л хөгжихгүй байгаа аж. Тиймээс асуулгын үр дүнг өгөөжтэй болгох үүрэг УИХ дахь цөөнхийн бүлэгт ногдож байна хэмээн үзэж, нь энэ чиглэлийн хуулийн төсөл өргөн мэдүүлэхээр болсон тухай мэдээллээ. Үүний дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд сэтгүүлчийн асуултад дараах хариулт өгсөн юм.

-Сонгуулийн дараа гишүүд намаа өөрчлөх үзэгдэл газар авч байгаа учраас энэ талын зохицуулалт шаардлагатай байна гэж үзэж, төсөл боловсруулахаар шийдэж. Энэ нь Д.Арвин гишүүний намаа сольсонтой холбоотойгоор гарч ирлээ гэж ойлгож болох уу?

-Зөвхөн Д.Арвин гишүүний сонголттой холбоотойгоор үүссэн асуудал биш. Сүүлийн үед монголын улстөрд явах болсон үзэгдэл нь сонгуулийн дараа УИХ-ын гишүүн нь намаа, эвслээ сольдог, байр сууриа өөрчилдөг, ингэснээрээ иргэд сонгогчдын сонгох сонгогдох эрхэнд ноцтой халддаг, төрийн ажлын эмх цэгцийг алдагдуулдаг ойлгомжгүй болгодог, төрийг сонгуулийн аргаар биш, бусад аргаар эмхлэн цэгцэлж байгуулдаг арга руу чирж байна гэж манай бүлгийн гишүүд үзсэн. Тийм учраас энэ асуудлыг зохицуулах хуулийн төслүүдийг нэн даруй өргөн мэдүүлэхээр тогтсон. Ялангуяа УИХ-ын 2012 оны сонгуулийг шинэ хуулиар явуулсан, энэ тохиолдолд жагсаалтаар нэр дэвшиж орж ирсэн хүмүүс намаа солиод өөр нам руу шилжсэн тохиололдолд яах вэ. Хэрэг дээрээ ард түмэн намын нэрээр санал өгсөн байдаг. Гэтэл парламент дахь хүчний харьцаа ойролцоо үед УИХ-ын гишүүн нь гуйвж дайвж өөр нам эвсэлд орно гэдэг бол үндсэндээ иргэд, сонгогчийн сонголтоор биш улстөрийн урвалт шарвалтын арга замаар хувь хүн өөрийнхөө эрх ашгийг бодож ийм асуудалд хандсанаас ард түмний хаан сонголт нааш цаашаа эргэх, үүнээсээ болоод төрийн эрх өөр бодлого шийдвэр, мөрийн хөтөлбөртэй улстөрийн хүчинд шилжиж болох нөхцөл рүү явж болзошгүй байна. Одоо нэг, хоёр гишүүнээр яригдаж байгаа ч цаашдаа олон хүн нааш цаашаа хөдөлвөл яах вэ. Энэ тохиолдолд иргэдээс саналыг нь авч сонгууль явуулж байдаг дэг жаяг өөрчлөгдөж болзошгүй учраас одоо зохицуулалт нь дутуу байгаа асуудлыг хуульчилж эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлагатай байна гэж үзсэн.

-Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдсан, түүгээр Сүүдрийн Засгийн газар байгуулж ажиллах ёстой гэсэн асуудал яригдсан тухай дуулдлаа?

-Сөрөг хүчний хувьд цаашид яаж ажиллах ёстой талаар түлхүү ярьсан. Үүн дотроо олон нийт төрийн бус байгууллагуудтай ярилцаад иргэний хяналтын тогтолцоог хэрэгжүүлэх ёстой гэж үзсэн. Энэ чиглэлээр ажилладаг хэд, хэдэн механизм байна, тэр дагуу дэлхийн зарим орны парламентад хэрэглэгддэг сүүдрийн Засгийн газар, эсвэл иргэний хяналтын танхимын зохион байгуулалт байж болох юм гэж үзсэн л дээ. Иймэрхүү бүтэц зохион байгуулалт байх нь илүү үр дүнд хүргэж болох юм гэдгийг ярьсан, ойлголцсон. Гол нь эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай гэж үзвэл холбогдох хуулийг санаачилж боловсруулах гээд ажлууд бий. Сүүдрийн Засгийн газрын тухайд төдийлөн олон оронд хэрэглэгддэггүй боловч улстөр нь төлөвшчихсөн, тогтчихсон нийгэм нь зөв хүлээн авдаг газар бол их зөв механизмын нэг. Энэ тухай ярихаар гаднаас шүүмжлэх л байх. Сүүдрийн Засаг газар нэрийн дор сайд байсан юмаа л ярих гээд байна уу даа гэж.. Тийм биш бид бол сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэнэ, шийдчихсэн ухамсарлачихсан улсууд. Гол нь хяналт тавих хөшүүрэг механизм юу байна гэдэг дээр ярьж байгаа. Энэ дотроо сүүдрийн Засгийн газар гэж нэрлэхээс илүү иргэний хяналтын танхим байдаг юм уу ийм бүтэц байх талаар ярилцсан. Их зөв механизмыг олж аваад цөөнхөөр дамжуулаад нийгмийн эрх ашгийг төр засгийн бодлого шийдвэрт тусгуулдаг механизмтай болох нь чухал байгаа юм.

-УИХ-ын дэд даргад Н.Энхболдыг нэр дэвшүүлж байсан. Энэ асуудал хэзээ шийдвэрлэгдэх вэ?

-Манай намын бүлэг энэ асуудлаар УИХ-ын даргад хандчихсан байгаа.  Маргааш УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана, ирэх пүрэв гаригт чуулган хуралдаад шийдэгдэнэ.

-Намаас нам руу шилжиж байгаа энэ үзэгдлийг хязгаарлах зорилгоор хуулийн төсөл санаачилна гэлээ. Үүн дотроо тойрогт нэр дэвшигч намаа соливол яах вэ гэдэг шийдлийг гаргасан байгаа юу?

-Энэ асуудал зөвхөн манай намын санаа зовох асуудал биш болчихлоо. Цаашдаа энэ үзэгдэл газар аваад явбал аль ч нам хүн нь сонгогдсон хойноо яахыг мэдэхэд их хэцүү болчихоод байна. Тэгэхээр энэ бол зөвхөн бидний санаа зовох асуудал биш, одоогийн байдлаар бидний хувьд тойргоор сонгогдсон хүнээ тэгнэ, намын жагсаалтаар сонгогдсон хүнээ тэгнэ гэж нарийн томъёолоод бодчихсон хуулийн төсөл алга. Нийгэм даяараа урвасан шарвасан хэсэг улстөрчдийн хувиа бодсон тоглолтоос болоод төр засаг хаашаа ч эргэж магадгүй, улстөр тогтворгүй ажиллах нөхцөл рүү чирээд байна. Хамгийн харамсалтай нь, энэ үйлдлийг нэг улстөрч хийж байна гэхээс илүү улстөрийн хариуцлагатай улстөрийн хүчин оролцоод өөгшүүлээд уриалаад татаад явж байгаа нь илүү их болгоомжлох ёстой үзэгдэл гэж би хувьдаа бодож байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж