Шайбтай хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймын тоглолтууд өнгөрсөн шөнө өрнөж, хагас шигшээд өрсөлдөх багууд тодорлоо. Хамгийн сонирхолтой өрнөсөн нь Орос-Канадын шигшээ багийн тоглолт байлаа. Хоёр баг хоёулаа дэлхийн аваргад түрүүлэх боломжтой багууд бөгөөд Оросын шигшээ сүүлийн хоёр ДАШТ-д дараалан түрүүлээд байгаа. Харин Канадын баг Ванкуверийн өвлийн олимпиос алтан медаль хүртсэн бөгөөд энэ жил форм сайтай байгаа юм.
Тоглолт эхнээсээ л маш өрсөлдөөнтэй, хурц тоглолт болсон. Нэгдүгээр үеийн хоёр дахь минутад Оросын багийн Максим Афиногенов, Дмитрий Куликовын дамжуулалтаар эхний гоолыг Канадын хаалганд хийжээ. Канадын багийн хаалгач Крис Месоны хаалганд дахин гоол оролгүй эхний үе өндөрлөсөн юм. Харин хоёрдугаар үе тэр чигээрээ Орос ах нарын эзэгнэл дор өнгөрсөн байна. Энэ үеийн гоолуудыг Павел Дацюк, Евгений Малкин нар хийж, тоглолтын тооны харьцааг 3:0 болгожээ. Тоглолтын хоёрдугаар үед Канадын багийн тоглолт илт сэргэсэн ч нэгэнт оройтсон байв. Канадын багаас Жон Таварис болон Матт Дачене нар гоол хийсэн ч өрсөлдөгч багаас Сергей Федоров, Евгений Малкин нар хариуг нь тэр дор нь барьснаар 5:2 харьцаатай олимпийн аваргууд ялагдаж, тэмцээнийг орхих боллоо. Харин бусад тоглолтуудын хувьд Чех Финляндыг 2:1-ээр, Швед Данийн багийг 4:2 харьцаагаар, талбайн эзэн Герман 1:0-ээр Швейцарийг буулган авч, хагас шигшээд шалгарсан байна. Харин дэлхийн аваргын хагас шигшээд Оросын шигшээ нутагтаа тоглож байгаа Германы багтай таарсан бол Швед, Чехийн багууд хоорондоо таарсан байна.
Score Studio