Сирийн Засгийн газрын байлдааны онгоц өчигдөр өдөр Халфая хотын нэгэн нарийн боовны газрыг бөмбөгджээ. Энэ үеэр талх авахаар дугаарлан зогсч байсан олон хүн бөмбөгдөлтөд өртөж, амь үрэгдсэн байна. Гэрчүүдийн мэдээлснээр нарийн боовны газарт 90 гаруй хүн амиа алдсаны олонх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байсан гэнэ. Харин Сири дэх гадны хэвлэлүүд Засгийн газрын байлдааны онгоцны бөмбөгдөлтөд 60 гаруй хүн өртөж, нас барсан хэмээн мэдээлжээ. Үүнээс гадна 50 гаруй хүн шархдаж, эмнэлэгт хүргэгдсэн байна.
“Арабын хавар” хувьсгалаас үүдэлтэй Сирийн ерөнхийлөгч Башар аль-Ассадын дэглэмийг халах бослого өнгөрсөн 21 сарын хугацаанд иргэний дайны хэмжээнд хүрч, 44 мянган хүн амь үрэгдээд байгаа юм. Мөн олон тооны хүн эх орноосоо дүрвэж, хөрш зэргэлдээ улсуудад байрлах түр хорогдох байранд өдөр хоногийг арайхийн аргацаан өнгөрөөж байгаа юм. Түүнчлэн Сирид өдөр болгон гарч буй их, бага халдлагын улмаас олон тооны хүн гэмтэж бэртэн эмнэлэгт хүргэгдэж байгаагаас эмнэлгүүд ачаалаа даахаа больж, байдал улам хүндэрсээр байгаа билээ.
Б.АНХТУЯА