Дэд сайд Ц.Туваан малчдын улсын зөвлөгөөнд илтгэл тавив

Хуучирсан мэдээ: 2012.12.24-нд нийтлэгдсэн

Дэд сайд Ц.Туваан малчдын улсын зөвлөгөөнд илтгэл тавив

Дэд сайд Ц.Туваан малчдын улсын зөвлөгөөнд илтгэл тавив

/Илтгэгч: ҮХАА-н дэд сайд Ц.ТУВААН/

Монгол Улсын Ерөнхий сайд,
Улсын Их Хурлын эрхэм гишүүд,
Зөвлөгөөний хүндэт оролцогчид,
Уригдан ирсэн зочид төлөөлөгчид Та бүхний өглөөний амгаланг эрье.

Монгол Улсын Их хурлын ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Шинэчлэлийн Засгийн газрын эрхэм зорилтын нэг нь иргэдийнхээ үндсэн эрхийг хамгаалж, хөдөлмөрлөх, нийгмийн хамгаалалд хамрагдах нөхцлийг сайжруулан, тэдний ажиллаж хөдөлмөрлөх эдийн засаг, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх замаар орон нутагтаа ая тухтай ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэгдэж байгаа билээ.

Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхийн тулд нийт хүн амын 37,7 хувь нь ажиллаж, амьдарч байгаа хөдөө, орон нутгруу, түүний дотор хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүний 80,0 орчим хувь, экспортын бүтээгдэхүүний 10 гаруй хувийг үйлдвэрлэн гаргаж буй малчид руу хандсан төрийн бодлогыг хэрэгжүүлэх оновчтой бүтэц, тогтоолцоог бий болгох зорилгоор энэхүү зөвлөгөөнийг манай яам малчид, аймаг, сумын мэргэжлийн удирдлага, хоршоог хөгжүүлэхэд оюун ухаан, хүч хөдөлмөрөө харамгүй зориулж байгаа хувь хүмүүс, байгууллагын төлөөлөлтэй хамтран зохион байгуулж байна.

Энэхүү зөвлөгөөнийг бид зохион байгуулахдаа орон нутагт өвлийн ид хүйтрэлт болж, салбарын ажил ундарч байгаа гэж хойш тавилгүй Та бүхнийг Төрийн ордонд хуран цуглуулж Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас санаачилсан “Нэг баг-Нэг малчдын хоршоо” гэсэн бодлогоо дэвшүүлэн танилцуулж, хэрхэн яаж хэрэгжүүлж үр дүнд хүргэх талаар хамтын шийдэлд хүрэхээр зорьсон юм.

Малчдын орон нутагтаа тав тухтай ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, тэднийг ядуурлаас ангид байлгах, хөдөлмөр, нийгмийн хамгааллын баталгаа бий болгоход чиглэгдсэн эрх зүй, эдийн засаг, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх зорилгоор Улсын Их хурал 2009 онд “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, 2010 онд “Монгол мал” хөтөлбөрийг батлан гаргаж хүн амын орлогын албан татвараас малчдыг чөлөөлөх, тэдгээрийг эрүүл мэндийн даатгалд хамруулах, малчдын бэлтгэсэн хонь, тэмээний ноосонд төрөөс урамшуулал олгох, биржээр дамжуулан бүтээгдэхүүний зах зээлийн тогтолцоог оновчтойгоор бүрдүүлэх зэрэг томоохон шийдвэрүүдийг гарган хэрэгжүүлж байна.

Цаашид хоршооны эрх зүйн орчинг сайжруулах зорилгоор УИХ-ын Байгаль орчин, хөдөө аж ахуйн байнгын хороотой хамтран “Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулга”-ын төслийг боловсруулан Улсын Их хурлаар хэлэлцүүлэхэд бэлтгэж байгаа бөгөөд үүгээр малчдын хоршоотой холбоотой олон чухал эрх зүйн зохицуулалтыг шийдвэрлэхээр ажиллаж байна.

Дээрх бодлого, шийдвэрүүдийг хэрэгжүүлэхийн тулд Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын төсвийн багцад жил бүр 70,0 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг тусган  Улсын Их Хуралаар батлуулан зарцуулж байна.

Түүнчлэн гадаад орон, олон улсын байгууллагаас мал аж ахуйн салбарт нийтдээ 94,7 сая америк долларын санхүүжилт бүхий 20 орчим төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд тэдгээрийн үйл ажиллагааны талаар Та бүхэн тодорхой мэдээлэлтэй байгаа тул нэг бүрчлэн дурдах шаардлагагүй байх аа.

Хэдийгээр дээрх багаггүй хэмжээний хөрөнгө, санхүүжилтийг тус салбарт зарцуулж байгаа хэдий ч Улсын Их Хурлаас батлан гаргасан бодлого, төсөл хөтөлбөрүүд болон бодлогын баримт бичгүүдийн тодорхой заалтууд амьдрал дээр бодитой ажил болж хэрэгжихгүй, малчдын маань амьдрал, нийгмийн асуудал шийдэгдээгүй хэвээр байгаад бид дүгнэлт хийх хэрэгтэй.

Бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан малчдын өөрөө өөртөө туслах, өөрөө өөрийгөө удирдах иргэний нийгмийн бүтцийг бий болгон хөгжүүлэх, нийгмийн даатгалд хамруулах, залуу малчдын боловсрол, мэдлэг чадварыг дээшлүүлэх, малчдын хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах, бүтээгдэхүүний зах, зээлийн оновчтой сүлжээ бүтэц бий болгох зэрэг зорилт, үйл ажиллагаа бодитой хэрэгжиж чадахгүй байна.

Засгийн газраас сүүлийн 2 жил хөдөөгийн малчин өрхүүдийг хоршоолж хамтын зохион байгуулалтын хэлбэрт шилжүүлэхтэй холбогдсон  3 удаагийн шийдвэр гаргаж, улмаар хоршооны Олон улсын жилийн хүрээнд “Хөдөөг хоршоолох аян” заралсан ч гэсэн малчид сайн дураараа нэгдэн хоршооны зохион байгуулалтад орох явц нүдэнд харагдахаар бодитой ажил болохгүй байна.

Одоо хөдөө аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг 545 хоршоотой гэсэн судалгаа байгаа хэдий ч тэдгээрийн ихэнх хувь нь аймгийн төв, сумын төвд олон төрөлт үйл ажиллагаа эрхлэж, гишүүн малчдын оролцоо, идэвх муу бараг шуудхан хэлэхэд нэг хэсэг хүний эрх ашигт нийцсэн ЭЗНИЙ хоршоо гэж хэлэхээр байна. Хоршооны гишүүдийн хувьд ч аваад үзвэл дээрх хоршоодын 67 хувь нь дөнгөж 9-20 гишүүнтэй байгааг анхаарах хэрэгтэй.

Өнөөдөр нийт малчдын дөнгөж 5 хүрэхгүй хувь нь нийгмийн даатгалд хамрагдаад байна. Мөн төвөөс алслагдсан аймгуудын малчдын олон шат дамжлагаар худалдан авч буй өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өндөр, эсрэгээрээ тэдний өөрсдийн зах зээлд борлуулж буй малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн үнэ зах зээлийн ханшаас харьцангуй доогуураар үнэлэгдэж байхад малчдын амьжиргаа яаж сайжрах юм бэ? Энэ мэт олон арван асуудал бидний өмнө тулгараад байна.

Гэтэл бидэнд өнөөдөр ямар их нөөц, боломж байгаа, түүнийг бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгаа талаар хэдэн тоо баримт хэлье.

Манай нийт малчид жилд дунджаар 10,2 сая ширхэг арьс, шир бэлтгэж анхан шатны тордолт хийлгүй нийт 151,0 тэрбум төгрөгөөр,  23,4 мянган тн хонь, тэмээний ноос бэлтгэж төрийн урамшуулалтай нийлээд 41,7 тэрбум төгрөгөөр, 220,0 орчим мянган тн мах бэлтгэж 880,0 гаруй тэрбум төгрөгөөр тус тус борлуулж байна. Үүнийг нийлүүлж тооцвол ойролцоогоор 1,1 их наяд төгрөгийн бүтээгдэхүүнийг олон шат дамжлагаар, ямар нэгэн анхан шатны тордолт, боловсруулалт хийлгүй зах зээлд гаргаж байна. Энд бэлтгэсэн сүү, цагаан идээг оруулж тооцоогүй болно.

Сүүлийн жилүүдэд малчинд малын тоог онцгой анхаарч мянгат малчин болохыг илүүтэй анхаарч чанар, ашиг шим, аливаа эрсдэлээс хамгаалах асуудлаа орхигдуулж байгаа нь гашуун боловч үнэн юм.

Малын сүргийн бүтцийн зохистой харьцаа, хээлтүүлэгч малын тохироо алдагдаж, малын чанар муудаж байна. Түүний хажуугаар адуу, тэмээг  уналага, ачлаганд хэрэглэхээ больж малчид хятад мотоциклоор малаа хариулах нь нийтлэг үзэгдэл болжээ.

Үүнээс гадна уур амьсгалын өөрчлөлт эрс мэдэгдэж, малчид бэлчээрээ сэлгэж, хуваарьтай ашиглах, сайжруулах ажлыг хийхгүй байгаагаас бэлчээрийн нилээдгүй хувь цөлжиж доройтолд орж цаашдаа ч энэ байдал улам даамжрах төлөвтэй боллоо. Сая дурдсан олон нөхцөл байдал, хүчин зүйлс бол бидний нүдэнд илхэн харагдаж байгаа олон асуудлын нэгээхэн хэсэг нь. Өнөөдөр Монголын хөдөөгийн нөхцөл байдал ийм л байна.

Иймээс бид энд нүднээ илхэн байгаа, засаж сайжруулж болохоор олон бэрхшээлтэй асуудлыг хоршоо зохион байгуулж даван туулж, одоогийн нөхцөл байдлаа илүү сайжруулах гарцыг хамтдаа хайхаар энд хуран цуглараад байна.

Энд би хоршоог яаж зөв зохион байгуулан үр дүнд хүрч байгаа зарим гадаад орны жишээг дурьдахыг хүсэж байна.

Япон улсын Засгийн газар хоршооллох бодлогыг амжилттай хэрэгжүүлснээр  богино  хугацаанд  нийт  фермерүүдээ  100  хувь  хоршоонд нэгтгэж  чадсан.  Энэтхэгийн  Гужарат  мужийн “Амул” хоршоо 56 жилийн түүхтэй бөгөөд анх малчдынхаа сүүг нийлүүлж зах зээлд гаргах жижиг үйл ажиллагаанаас эхлэж байсан бол одоо нийт 3,1 сая гишүүнтэй жилдээ 3,4 тэрбум литр сүү боловсруулж дотоод, гадаадын зах зээлд нийлүүлж 1,8 тэрбум долларын орлого олдог болсон байна.  Кени улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 45 хувийг зөвхөн хоршооны салбар үйлдвэрлэн гаргаж байгаа учир Засгийн газар нь Хоршооны хөгжлийн яамыг тусгайлан байгуулж ажиллуулж байгаа зэрэг олон жишээ хэлж болохоор байна.

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт  хавтгайрсан нийгмийн халамжийн бодлогоос татгалзаж ажлын байр, бизнесийг дэмжсэн хөтөлбөр хэрэгжүүлэх, аймаг, сумын биеэ даасан төсвийн эрх мэдлийг дээшлүүлэх, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэх, зах зээлд нийлүүлэх биржийн тогтолцоог бий болгох зорилт тавиад байгаа билээ.

Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхийн тулд эдийн засгийн долоон чиглэлд үйлдвэржүүлэх бодлогыг амжилттай хэрэгжүүлж, түүний дотороос хүнсний үйлдвэрлэлийн гадаад орноос хамрааралтай байдлыг арилгаж, дотоодын хэрэгцээгээ гол нэрийн түүхий эд, бүтээгдэхүүнээр бүрэн хангадаг орон болохын тулд тусгайлсан хөтөлбөр боловсруулж шаардагдах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх мөн мах, сүү, ноос, ноолуур, арьс шир зэрэг мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зээлийн эргэлтийн санг 100,0-300,0 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Үүнийг хэрэгжүүлэх ямар боломж бололцоо бидэнд байгаа, түүнийг хэрхэн хэрэгжүүлэх талаар Та бүхэнтэй саналаа хуваалцъя.

Монгол Улсын засаг захиргааны хамгийн бага нэгж болох мал аж ахуйн үйлдвэрлэл явуулж байгаа 1100 гаруй багт 155 мянган малчин өрх амьдарч байна. Нэг багт дунджаар 140 орчим малчин өрх амьдардаг гэсэн тооцоо байна.  Тэдгээрийн 88 хувь нь 50-500 толгой мал хариулж байна.

Хэдийгээр дээрх малчид засаг захирагааны бүтэц нэгжид харьяалагдаж байгаа боловч Засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон гадаад, дотоодын төсөл, хөтөлбөрийн зүгээс явуулж байгаа үйл ажиллагаа нь малчин өрх бүрт жигд хүртээмжтэй хүрэхгүй, тийм ч боломжгүй юм. Харин малчид багаараа нэгдэж хоршоо байгуулбал орон нутгийн үйлдвэрлэлийн онцлог, малчдын хүсэл сонирхол, хамтын санал, санаачилгад нийцүүлэн дээрх төрийн болон төсөл хөтөлбөрийн үйлчилгээ, дэмжлэгийг бүрэн хүртээмжтэй авах боломжтой болох юм. Үүний тулд малчид хамтын хөдөлмөр эрхэлж орлогоо нэмэгдүүлэх, нийгмийн хариуцлагыг хамтдаа хүлээх, гишүүддээ үйлчилдэг, сайн дураар нэгэн зорилгоор нэгдэж нийлсэн хоршоо байгуулах нь хамгаас чухал юм.  Бодлогын хувьд малчдын нэг хоршоо доод тал нь 50-иас доошгүй малчин өрхийг сайн дурын үндсэн дээр нэгдүүлэн байгуулах нь зөв гэж үзэж байна.

Энэ ажлыг удирдаад аваад явах дадлага туршлага, авхаалж самбаатай  менежер малчин багийн түвшинд  олон байдаг боловч төрийн нэгдсэн бодлого, үйл ажиллагаа үгүйлэгдэж байгаагаас тэд идэвхтэй хөдөлгөөнд орж өгөхгүй байна. Иймээс цаашид хоршооны менежер дарга, мэргэжилтэн бэлтгэх сургалт, дамжааг  үе шаттай хийж боловсон хүчнүүдийг бэлдэх шаардлагатай. Ингэж чадвал малчид хөдөлмөр, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээрээ хорших бүхий л бололцоо нээлттэй гэж үзэж байна.

Орон нутагт үйл ажиллагаа нь жигдэрсэн цаашид хоршоо байгуулах боломжтой малчид, аж ахуй цөөнгүй байдаг. Жишээ нь Сүхбаатар аймгийн Халзан сумын малчин Г.Мөнхтөр үржлийн сайн чанарын хуц, ухна хээлтүүлэгт ашигласнаар хурганы гулуузны жинг 18 кг, төлөгний гулуузны жинг 28 кг, бярууны гулуузны жинг 155 кг-д тус тус хүргэж, зах зээлд борлуулан ашиг, орлогоо тогтвортой нэмэгдүүлж байна. Мөн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын хувийн мал эмнэлэг, үржлийн нэгж сумынхаа нийт хээлтүүлэгчийг ялган өөрийн мэдэлдээ авч, малалгаа, үржлийн ажлыг зохих шаардлагын дагуу хийдэг болсноор сумын нийт малчид нь хуц, ухны асуудалд санаа зовохоо больсоноос гадна өндөр ашиг шимтэй хээлтүүлэгчээ бусад сумын малчдад түрээсээр өгч ашиглуулдаг уламжлал тогтсон байна. Энэ мэт сайн ажиллагаатай олон малчид, аж ахуйн нэгжүүдийн туршлагыг дэлгэрүүлж хоршооны зохион байгуулалтын хэлбэрт шилжүүлэн ажиллуулах боломжтой юм.

Багийн түвшинд хоршоо зохион байгуулагдан ажиллавал бид төрийн, ажил үйлчилгээг дараах чиглэлд хандуулж болно. Үүнд: ноос, мах, сүүний урамшууллыг хоршооны гишүүн малчинд олгодог болох,

Бэлчээрийн усан хангамжийг шийдвэрлэх зорилгоор улсын төсөв болон гадаадын төсөл хөтөлбөрийн шугамаар малчны хоршоо бүрд жилд доод тал нь нэг худаг гаргах боломжтой. Харин хаана, ямар газраа худгаа гаргахыг хоршооны бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж тогтоох хэрэгтэй юм.

Мал эмнэлгийн болон үржлийн ажил үйлчилгээний зардлыг багийн хоршоонд зориулан олгох боломжтой. Үүний тулд багийн хоршоод өөрсдийн дундаас мал эмнэлэг, үржлийн ажил үйлчилгээ явуулдаг нэгж байгуулах, эсвэл сумынхаа  одоо ажиллаж байгаа аль нэг чадвартай нэгжтэй гэрээ байгуулан ажиллаж болох юм.

Жил бүр улсын төсвөөс бэлчээрийн урамал хамгааллын зориулалттай зарцуулдаг багагүй хөрөнгийг хоршоодод өгч ажил гүйцэтгүүлж болно. Хамтдаа нийлж хадлан, тэжээл бэлтгэх техник, тоног төхөөрөмжтэй болох, хашаа хороогоо ээлж дараатай засаж сэлбэх, шинээр барих, бэлчээрээ хашиж сайжруулах, гол, ус, булаг, шандыг хамгаалах, хүнсний ногоо, жимс, чацаргана тарих зэрэг ажлуудаас нэг хоршоо жилдээ дор хаяж нэг ажлыг хийх хөрөнгө, дэмжлэгийг улсын төсөв болон хөтөлбөр, төслийн шугмаар санхүүжүүлэх бүрэн боломжтой.

Цаашлаад байгуулагдсан малчдын хоршоо бүрийг агуулах, зоорьтой болох, ноос, ноолуур хүлээн авах жин, пүү, пресс зэргээр бүрэн хангах бодлогыг бид баримтлана.

Харин төрийн зүгээс олгож буй дээрх хөрөнгө оруулалт, дэмжлэгийг хүссэн  хэрэгцээнийх нь дагуу шууд өгөөд байхгүй, хариуд нь тухайн хоршоонд тодорхой шалгуур, болзлыг тавьж түүнийг хангасан нөхцөлд шийдвэрлэж байхаар төлөвлөж байна. Жишээ нь: хоршоо нь гишүүн малчдаа эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд бүрэн хамруулах, мал сүргээ угаалга, боловсруулалт, вакцинжуулалтад хамруулсан байх, түүхий эд бүтээгдэхүүндээ анхан шатны арчлалт, тордолт хийсэн байх, бог малын хээлтүүлэгч хуц ухнаа ялгаж, суурилсан байх, бэлчээрийг төлөвлөгөө, хуваарьтай ашиглах, малаа бүртгэл, болон даатгалд хамруулсан байх гэх мэт шаардлагуудыг тавих болно.

Өнөөдөр гадаадын төсөл, хөтөлбөрийн шугамаар хөдөөд ойролцоогоор 6000 гаруй малчдын бүлэг, нөхөрлөл байгуулагдан ажиллаж байна. Ихэнх нь бүлэг, нөхөрлөлийг мөнгө олох арга хэрэгсэл болгон төсөл хэрэгжих хугацаанд тодорхой үйл ажиллагаа явуулж байгаад төсөл дуусахаар замхардаг нийтлэг дутагдал байна. Бүр илүү чадавхжиж үйл ажиллагаа нь сайжирсан ч малчдын бүлэг бий. Төрөөс дээрх сайн ажиллагаатай малчдын бүлгүүдийг цаашид багийн хоршоо болгон томруулж хөгжүүлэхийг бүх талаар дэмжиж ажиллана.  Бид алийн болгон өөрсдийгөө мэдлэг боловсрол, чадваргүй гэж голох юм бэ. Бид хийхгүй бол бидний өмнөөс хэн ч хийхгүй шүү дээ.

Малчин хүн яагаад тэтгэвэр авч болохгүй гэж. Шинэчлэлийн засгийн газрын хийсэн эхний алхмуудын нэгд 1990-1995 онд төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийг төлснөөр тооцох, 1995-2000 онд төлөх шимтгэлийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон нөхөн төлж болохоор асуудлыг УИХ-д өргөн мэдүүлж хуульчлан батлуулсан.

Малчидын дээрх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт нь тасарсан бол ирэх оны 8 сарын 1-ний дотор харьяа сумынхаа нийгмийн даатгалын байцаагчид хандаж даатгалд хамрагдах боломжтой. Хэрвээ малчдын хоршоотой болвол малчид нийгмийн даатгалд бэлэн мөнгө төлөх бус ноосныхоо урамшууллаас нэг мөр жилийнхээ шимтгэлийг бүрэн төлөх боломж бий.

Ноосны урамшуулал малчдад олгож эхэлсний үр дүнд дотоодын ноос боловсруулах үйлдвэрүүд малчдын нийт ноосны 82,5 хувь буюу 14 мянга гаруй тонн ноосыг худалдан авч дотооддоо боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэрлэхээс гадна экспортонд гаргаж байна. Малчид өмнө ноосноос ердөө 3,7 тэрбум төгрөг олж байсан байна. Гэтэл өнөөдөр ноосны урамшуулал, дотоодын үйлдвэрлэлээ дэмжсэн бодлогын үр дүнд малчид ноосноос нийт 40,0 тэрбум төгрөгийн орлого олж 10,8 дахин нэмэгджээ. Өмнө нь нийт ноосны 60 гаруй хувь нь хямд үнээр наймаачдын гарт орж, үлдсэн нь зуслан дээрээ борлогдолгүй хаягдаж, зарим хэсэг нь салхинд хийсэн алга болдог байлаа.

Гурав хоногийн өмнө УИХ-аар батлагдсан хүнсний тухай хуульд эрүүл ахуйн шаардлага хангаж үйлдвэр цехед тушаасан мах сүүнд урамшуулал олгохоор хуульчлагдлаа. Мөн ойрын хугацаанд арьс ширний салбарт 200 тэрбум төгрөгийн бондыг шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. Энэ 200 тэрбум төгрөгийн 60 тэрбум нь малчдад урамшуулал хэлбэрээр, үлдсэн нь үндэсний үйлдвэрүүдэд зээл хэлбэрээр очих юм.

УИХ-аас 2010 онд хөдөө аж ахуйн биржийн тухай хуулийг батлан гаргасан. Бид ирэх хавраас зүүн гурван аймагт ноолуурын биржийн худалдааг туршиж явуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ арилжаа нь малчид хамгийн боломжтой үнээр, шат дамжлагагүй үндэсний үйлдвэрт ноолуураа тушааж, үйлдвэрүүд дотоодын түүхий эдээр нэмүү өртөг шингэсэн, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоод гадаадын зах зээлд гаргах боломжийг харуулж өгөх юм.

Бид орон нутагт амжилттай ажиллаж байгаа 10 гаруй хөдөө аж ахуйн хоршоодын дарга нартай уулзаж санал бодлыг сонсож улмаар хөдөө орон нутагт  ажилласан томилолтын үеэр зарим малчидтай ярилцах зуур нэг баг-нэг малчдын хоршоо гэсэн шинэ бодлого үгүйлэгдэж, үүнийг цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатай байгааг ойлгосон юм.

Шинэчлэлийн Засгийн газар ч сум, багийн хөгжлийг хөдөлгөгч хүч болсон багийн хоршооны асуудлыг анхааралдаа авч дэмжин ажиллаж байгаа.

Нэг баг- нэг малчдын хоршоо бол малчид Та бүхний сайн дурын нэгдэл бөгөөд нэг талаас малчин таны хүсэл санаачлага, нөгөө талаас төрийн зүгээс явуулж байгаа бодлого, танд олгож байгаа боломж юм.

Монгол Улсын хөдөөгийн хөгжлийг малчдын хоршоо тодорхойлно гэдэгт би итгэж байна.

Хоршицгооё, шинэ бодлогоор хамтран ажиллацгаая!
Анхаарал хандуулсанд баярлалаа.

2012 оны 12 дугаар сарын 23
Улаанбаатар хот

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж