
Түүнчлэн аймагтаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар хотод ажиллаж, аймгийн төвд баригдах Дулааны станцыг ойрын хугацаанд байгуулж ашиглалтад оруулах зэрэг цөөнгүй асуудлыг орон нутагт нааштайгаар шийдүүлсэн байгаа.
Энэ удаад аймгийн ИТХ-ын дарга Д.Ширмэнгээр ахлуулсан ажлын хэсэг говийн сумдад, аймгийн Засаг дарга Д.Жаргалсайханы ахалсан ажлын хэсэг хангайн сумдад ажиллаад ирлээ.
Аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан сумдад ажиллах анхны томилолтоо энэ сарын 19-ний өдөр Баян-Овоо сумаас эхэлсэн. Тус суманд очингуутаа сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, багш, ажилчдын санал бодлыг сонслоо. Баян-Овоо сумын сургуулийн хувьд одоогоор дотуур байрны барилгад үйл ажиллагаа явуулдаг, хуучин сургуулийн барилга нь 2000 онд актлагджээ. 160 хүүхдийн суудлын нормативтай боловч энэ хичээлийн жилд 8 бүлэгт 126 хүүхдэд сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна. Зориулалтын бус барилгад ажиллаж байгаа хүндрэлээс илүүтэй сумын төвийн оршин суугч цөөрч байгаагаас үүдэн сургуулийн сурагчийн тоо цөөн болж, бүлэг дүүргэлт хангалтгүй байгаа нь тулгамдсан асуудал болсоныг захирал П.Энхзаяа тайлбарлаж байв.
Дараагаар нь аймгийн Засаг дарга Жаргалсайхан тус сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийлээ. Баян-Овоо сумын хувьд аймгийн төвтэй ойрхон байдгаас ихэнхи иргэд нь төвд амьдрах хандлагатай болоод цөөнгүй жил болж байгаа. Гэвч тэдгээр иргэд шилжилт хөдөлгөөнөө албан ёсоор хийдэггүйн улмаас тус суманд бүртгэлтэй, “алдуул” өрхийн тоо нэмэгдсээр байгаа гэдгийг уулзалтад оролцсон иргэд хөндөж байв. Энд ч бас сургуульд суралцах хүүхдийн тоо цөөн байгаа бэрхшээлийг ярьсан иргэд, аймгийн Засаг даргад хандан сумын хүүхдүүдийг аймгийн сургууль авахгүйгээр сумандаа сургадаг байж болохгүй юу, судлаж өгөөч гэсэн хүсэлтийг гаргасан юм. “Нөхцөл байдлыг харахад тийм захирамж гаргаж болох хэдий ч Монгол улсын үндсэн хуулинд иргэн амьдрах, сурах, газар орчноо сонгох эрхтэйгээр заагдсан байдаг. Хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах учиртай болохоор энэ асуудлыг аль болох оновчтой хувилбараар шийдвэрлэх арга зам боловсруулахаар ажиллана” гэдгээ аймгийн Засаг дарга иргэдэд учирлав.
Ажлын хэсэг дараагаар нь Бөмбөгөр суманд очиж, иргэдийн уулзалт, ярилцлага хийсэн юм. Аймгийн Засаг дарга уулзалтын үеэр аймагт хийгдэж байгаа болон хийхээр төлөвлөж байгаа ажлуудын талаар товч мэдээлэл өгч гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох ажлыг хийхээр 2013 оны төсөвт 3,5 тэрбум төгрөг төсөвлөсөн тухай онцолсон. Зөвхөн аймгийн төвийн гэр хороололд ч бус сумын төвүүдийг гэр хорооллын амины тохилог сууцтай болгох ажлыг өргөн далайцтай эхлэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Ойрын хугацаанд Баянхонгор аймгийн төв суурин газрын хот төлөвлөлтийг мэргэжлийн байгууллагаар хийлгэхээр зорьж, “Жайка” төслийн байгууллагад хандчихаад байгаа, Гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх ажилд иргэдээ ч татан оролцуулна гээд тэдний санал хүсэлтийг сонслоо.
Аймгийн Засаг дарга Жаргалсайхан Бууцагаан сумыг 2013 онд багтаан “Шинэ сум” болгохоор тогтож, 10 тэрбум төгрөгийн хөрөнгийн асуудал нь шийдэгдсэн байгаа, ийнхүү баруун аймгууд руу явах зам дайрдаг тус сум өөрчлөгдсөнөөр бусад аймгууд “Шинэ сумын төв” төслийг нийтээрээ дэмжих ач холбогдолтой тухай мэдээллийг өглөө. Шинээр сонгогдсон аймгийн Засаг даргад үзэл бодлоо хүргэх гэсэн орон нутгийн иргэд оройн 21 цаг өнгөрсөн байхад сумынхаа соёлын төвд олноороо цуглаж, уулзалт товлосон цагаа сунган шөнийн 01 цаг хүртэл үргэлжилсэн.
Бууцагаан сумын иргэдийн хувьд ажлын хэсгийн гишүүн, Нийгмийн даатгалын мэргэжилтэн н.Мягмарсүрэнгийн өгсөн мэдээлэлд багагүй анхаарал хандуулж байсан. Иргэд маань өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэний ажилласан жил нь тасарсан хугацааг ажилласнаар нөхөн тооцох, 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэний даатгуулагч өөрөө төлөх 10 хувийг тухайн онуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож төлүүлэн нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөнд тооцуулах асуудалтай холбогдсон харилцааг зохицуулахаар гаргасан Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийг сайтар ойлгож, баримтаа бүрдүүлэн тэтгэвэрт орох боломжтой байгаа. Шинэчлэлийн Засгийн газраас иргэддээ хандсан халамжийн бодитой алхам хийж буйн нэг илрэл нь энэхүү хууль бөгөөд үйлчлэх хугацаа нь 2013 оны 8 дугаар сар хүртэл байх тул үүнээс өмнө амжиж холбогдох асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй байгаа юм.
Аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан Бууцагаан суманд ажиллах үеэрээ Эрүүл мэндийн төв, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа. Бууцагаан сум таван багтай бөгөөд одоогоор Баянбүрд багийн эмчээс бусад нь сумын төвд байж ажлаа эрхэлдэг байна. Цаашид багийн эмч нарыг сумын төвд ажиллах биш, аль болох багийн төвүүд дээрээ байж иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чирэгдэлгүй хүргэхэд анхаарч ажиллахыг даалгав.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Баттулгын дэмжлэгээр бүх сумдын эмнэлгийг орчин үеийн стандартад нийцсэн лабораторийн төхөөрөмжөөр хангасан байгаа тул иргэдээ цусны ерөнхий шинжилгээ, биохимийн шинжилгээ өгөх зэргээр заавал аймгийн төв явуулалгүйгээр үйлчлэхийг үүрэг болгож байлаа. Одоо байгаа оношилгооны 5-7 төрлийн тоног төхөөрөмжөөс гадна тухайн сумд ямар багаж тоног төхөөрөмж шаардлагатай байгаа талаарх саналыг очсон сум бүрийнхээ эмнэлгийн эмч, лаборант нараас лавлаж, нэн хэрэгцээтэй байгааг нь ирэх онд авч өгнө гэдгээ мэдэгдлээ. Мөн сумдын оношилгоог хариуцах ажиллах хүний нөөцийн судалгааг гаргах, шаардлагатай мэргэжилтнийг давтан сургах, мэргэшүүлэх хэрэгтэй гэдгийг эмнэлгийн удирдлагуудад энэ үеэр анхаарууллаа
Аль ч суманд очиход иргэдийн санааг зовоосон нэг асуудал бол ажилгүйдэлийн тухай яриа байсан. “Шинэчлэлийн Засгийн газраас сум бүрт хүн амын тооноос нь хамааруулан 50-265 сая төгрөг хуваарилж, жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх, шинэ ажлын байр бий болгохыг орон нутагт даалгасан. Иймд шударга хуваарилах, үр дүнтэй ажиллах тал дээр иргэд та бүхэн хяналт тавих нь чухал” гэж аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан онцлон тайлбарлаж байлаа. Хүрээмарал сумын хувьд Орон нутаг хөгжүүлэх санд 347 сая шахам төгрөг хувиарлагдсан байгаа тул иргэдийнхээ саналаар эрэмбэлэгдсэн төслүүдэд оновчтой хөрөнгө оруулалт хийхийг зөвлөж байлаа. Ер нь Орон нутгийн хөгжлийн сангийн зорилго нь тухайн Орон нутгийн хөгжлийг дэмжих, чадавхийг бэхжүүлэх, жигд хөгжүүлэх, иргэд орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллаж, амьдрах ээлтэй орчин бий болгоход чиглэгдэх юмаа. Хамгийн гол нь Орон нутгаа хөгжүүлэхэд зориулагдсан санг төр захиргаа, олон нийтийн оролцоотой хамтын шийдвэрээр ил тод хариуцлагатай захиран зарцуулах шаардлага үүсээд байна. Тухайлбал, сумандаа Халуун ус, нийтийн худалдаа үйлчилгээний зах барих, ундны усан хангамжийг сайжруулах худаг гаргах, ус зөөврийн машин авах, гудамж талбайн гэрэлтүүлэг хийх, цахилгааны шугам дэд өртөөний өргөтгөл засвар, бусад нийтийн эзэмшлийн дэд бүтцийг сайжруулах гэх мэт зүйлд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг зарцуулахыг уулзалтад ирсэн иргэдэд тайлбарласан.
Малчид маань цас зуд, байгалийн таагүй үзэгдэл болоход хадлан тэжээлийн бэлтгэл муу байдгаас мал, эд хөрөнгө, эрүүл мэндээ алдах тохиолдол их гардаг. Тиймээс малыг эрсдэлд оруулахгүй байх зорилгоор мал малчид руу хандсан бодлогоо улам тодорхой болгоно, Монгол мал хөтөлбөрийн хүрээнд сумдад ажиллаж буй гурван мэргэжилтнийг дээрхи ажилд түлхүү татан оролцуулна, Цаашдаа мал аж ахуйг газар тариалантай хослуулах ажлыг өргөн хүрээнд хийж малчдын ашиг орлогыг нэмэгдүүлэхэд анхаарна гэсэн яриа Баянбулаг болон бусад сумдын уулзалт бүрд чухлаар хөндөгдөж байлаа.
Иргэдийн уулзалт өндөрлөмөгц, аймгийн Засаг дарга Жаргалсайхан Баянбулаг сумын Эрүүл мэндийн төв, сургуулийн үйл ажиллагаатай танилцсан. Өөрсдийн хариуцчих бэрхшээлээ биш харин бодлогын түвшинд яаралтай шийдэх асуудал юу байгааг,тодорхой хэлэхийг сумдын төрийн байгууллагын алба хаагчдаас хүссэн. Нэг талаас аймгийн төр захиргааны байгууллагууд өвлийг ажралгүй давахад бүгд анхаарахаас гадна малчид, аж ахуйн нэгж, иргэд хариуцлагаа өндөржүүлэх, хувийн зохион байгуулалтаа дээшлүүлэх шаардлагатай байна. “Тэвнийн чинээ нүхээр тэмээн чинээ жавар ордог” гэх үг бий.. Тийм ч учраас албан байгууллага, аж ахуйн нэгжүүд дулааны алдагдлыг багасгах, үйл ажиллагаандаа хэмнэлтийн горим гаргахыг чухалчлах шаардлагатай байна. Цонх, хаалгаа дулаалах, халаалтын зуухаа шинэчлэх гэх мэт нөөц боломжоо тулгуурлаад хийж болох зүйлд санаачлагатай хандахыг эмнэлгийн барилга хүйтэн гэж “гомдоллосон” Баянбулаг сумын эмч, ажилчдад анхааруулав.
Аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан Гурванбулаг суманд ирэнгүүт сургуулийн ажилтай танилцав. “Цахим Баянхонгор” хөтөлбөрийн хүрээнд аймгийн хэмжээний бүх сумын сургуулиуд шилэн кабел, комьпютерийн иж бүрэн лабораториор хангагдаж, сурагчид онлайн сургалт авах боломж бүрдсэн. Гэтэл тус сумын сургууль сурагчиддаа өнөөдрийг хүртэл дээрхи хөтөлбөрийн хүрээнд ирсэн комьпютерийг ашиглуулахгүй, цоожтой танхимд байлгаж багш нар нь хааяахан ашигладаг дутагдал байгаа нь ажиглагдсан. Мөн шилэн кабелд холбогдсон байгаа боловч холбооны газраас нээлтээ хийсний дараагаар интернэт өгнө гээд хүлээлтийн байдалтай байгаад аймгийн Засаг дарга шүүмжлэлтэй хандаж, холбогдох хүмүүстэй нь ярьж даруйхан интернэтийг ашиглуулж эхэлнэ, сурагчдад комьпютерийг нээлттэй хэрэглүүлж эхэл гэсэн үүрэг даалгаврыг өглөө.
Дараагаар нь Гурванбулаг сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзалт ярилцлага хийж, санал бодлыг нь сонслоо. Аймгийн төвөөс алслагдсан, цаг агаарын хувьд хамгийн хүйтэн байдаг тус сумын иргэд “Шинэ сумын төв” төслийг орон нутагт маань хэрэгжүүлж өгөх боломж байна уу гэсэн хүсэлт цөөнгүй гаргав. Түүнчлэн тус суманд үйл ажиллагаа явуулахаар ирж нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй байнга тулгардаг “Жи энд Юу голд” компанийг дэмжихгүй гэдэг байр сууриа хатуу баримтлаарай гэж аймгийн Засаг даргад захив.
Одоо байгаа сумын төвүүд маань 50-60 жил болчихсон, элэгдэлд орсон байдалтай байна. Нөхөөстэй дээл шиг болчихсон, зарим барилга нь нөхөөс ч авахаа больчихсон. Үүнийг өөрчлөхийн тулд УИХ-ын гишүүн Баттулгын санаачилсан “Шинэ сумын төв” төсөл хэрэгжсэнээр халуун хүйтэн устай, цэвэр бохирын угаалгын өрөөтэй, орчин үеийн стандартад нийцсэн цэцэрлэг, сургууль, төрийн захиргааны байр, спортын заал зэрэгтэй болох юм. Эхний ээлжинд буюу 2013 онд орон нутгийн сонгуулиар ардчилсан нам ялсан Баянлиг, Бууцагаан хоёр сумд энэ төсөл хэрэгжинэ. Гурванбулаг сумын хувьд 2015 онд энэ төсөлд хамрагдахаар байгаа гэдгийг аймгийн Засаг дарга Жаргалсайхан иргэдэд тайлбарласан.
Түүнчлэн Ардчилсан нам аймгийнхаа тэргүүлэх чиглэлийг уул уурхай бус уламжлалт мал аж ахуй , газар тариалан гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан. Газар доорхи баялаг бол Монголын ард түмний өмч, гэтэл лиценз нэрээр гадна дотно аль нь ч мэдэгдэхгүй хэн нэгэн ирээд ухаад төнхөөд аваад явчихдаг. Нутаг оронд онгорхой нүх л үлддэг ийм байдалтай эвлэрэхгүй, Танай суманд “Жи энд юу голд” компаний үйл ажиллагаа явахгүй гэсэн хариулт тус сумын олон иргэний талархалыг хүлээлээ.
Жаргалант, Заг сумын иргэд ч аймгийн Засаг даргын уулзалтад идэвхитэй оролцсон юм. Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Шууд ардчиллын арга хэрэгслүүдийг сум, баг, хүн бүрт хүргэх зорилгоор Иргэний танхимыг аймгийн төв, сум бүрт байгуулж, орон нутгийн шийдвэр гаргагч нарыг иргэдтэй холбож, иргэний хэрэгцээ шаардлагыг ямар нэг шат дамжлагагүйгээр өөрсдөөс нь шууд сонсон шийдвэрээ гаргадаг болох нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байгаа. Иймээс сум бүр Иргэний танхимаа яаралтай байгуулж, үйл ажиллагааг нь эхлэх хэрэгтэй гэдгийг аймгийн Засаг дарга уулзалтын үеэрээ онцлов.
Төрийн үйл ажиллагааг чамлахааргүй хэмжээнд нээлттэй болгож, үзэл бодлоо шууд хүргэх боломж нээхээр Иргэний танхим ажиллуулах болсоныг иргэд олзуурхахын зэрэгцээ орон нутагт төрийн үйлчилгээ ил тод биш байгааг, зарим удирдах албан тушаалтан ажилдаа хариуцлагагүй хандаж байгааг аймгийн Засаг даргад хандан хэлж байв.
Төрийн алба хаагчдын ажлын хариуцлага, чанартай холбоотой яг ийм мэдээллийг хүлээж авах гэж, бодитой мэдээллийн мөрөөр хариуцлага дээшлүүлэх гэж аймгийн удирдлагын зүгээс зорьж, аймгийн ЗДТГ-ын хэлтэсүүдийг чиглүүлэн ажиллуулж байгаа. Та бүхэн харин хэн гэдэг албан тушаалтан яг ямар алдаа завхрал гаргасныг нэр устай, жишээ баримттай нь бидэнд ирүүлээрэй. Ингэж мэдээлэхээс айх огт хэрэггүй шүү. Миний утас руу ч мессэж илгээж болно” гэж аймгийн Засаг дарга Д. Жаргалсайхан хэллээ. Ийнхүү төр засгийн нүд нээгдэж, чих онгойсоны илэрхийлэл нь аймгийн Засаг дарга Д.Жаргалсайханы хангайн сумдын иргэдтэй уулзсан уулзалт бүрт тод илрэлээ олж байсан юм.
Энэ өвөл олон жилийн дунджаас илүү хүйтэн болох төлөвтэй байгаа бөгөөд цаашдаа ч хүйтний эрч чангарахыг Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулж байгаа. Цаг агаарын урьдчилсан төлөвөөс үзэхэд одоо цас ихтэй байгаа Галуут, Эрдэнэцогт зэрэг сумд болон ихэнх нутгаар ирэх нэгдүгээр сард олон жилийн дунджаас ахиу цас орж, агаарын температур олон жилийн дунджаас хүйтэрч, зудтай байсан үеийн нөхцөл байдал давтагдаж, болзошгүй байгаа учир яаралтай арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь чухлыг тус сумдад ажиллах үеэрээ аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан анхааруулсан.
Ажлын хэсгийг Эрдэнэцогт суманд ирсэн өдөр буюу 12 дугаар сарын 21 ний байдлаар үргэлжлэн орсон цасанд тус сумын зам даваа, хаагдсаны улмаас иргэд, малчид холбоо тасарч, түлээ түлшгүй болоод байгаа, малын бэлчээр цасанд дарагдаж хүндрэл үүссэн тул аймгийн онцгой комисс тус суманд хуралдаж, холбогдох арга хэмжээг авахаар боллоо.
Эрдэнэцогт суманд болсон уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан “Төлөвлөсөн бүхнээ бид хийх болно, хэдхэн жилийн дараа манай аймаг амьдрах ая тухтай нөхцөл бүрдсэн баруун бүсийн Жишиг аймаг болох боломжтой. Баянхонгорчууд ардчиллыг дэмжсэний үр дүнд, Шинэчлэлийн Засгийн газар бидэнд бодит дэмжлэг үзүүлж байгаа. Ирэх жилүүдэд өрнүүлэх томоохон бүтээн байгуулалтуудын хөрөнгийн эх үүсвэр, санхүүгийн дэмжлэг бусад аймгаас манай аймагт өндөр хувиарлагдсан. Үүнд Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг болон манай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн дэмжлэг ихээхэн түлхэц өгч байгаа. Шинэчлэлийн Засгийн газрын бодлогыг орон нутагт хэрэгжүүлэхэд бид нээлттэй ажиллая, харин иргэн та оролцоотой байгаарай” гэснээр аймгийн Засаг даргын хангайн 10 сумдад ажилласан гурван өдрийн томилолт өндөрлөлөө.