40 сая малтай ч эрүүлжүүлэх асуудлыг мартжээ

Хуучирсан мэдээ: 2012.12.24-нд нийтлэгдсэн

40 сая малтай ч эрүүлжүүлэх асуудлыг мартжээ

-ҮХАА-н сайд Х.Баттулга малын эм, бэлдмэлийн үйлдвэр Биокомбинатад ажиллав-
Хөдөө аж ахуйн, мал аж ахуйн орон гэж монголчууд өөрсдийгөө тодотгодог. Гэтэл манайх  малаа эрүүлжүүлэх, халдваргүйжүүлэх тал дээр анхаарлаа муу хандуулдаг. Үүнээс үүдээд эрүүл хүнс, мах экспортлох гэх мэт олон чухал асуудал орхигдож байна. Ийм олон тооны малтай орон манайхаас өөр байхгүй бас манайх шиг цор малын эмийн цор ганцхан үйлдвэртэй улс ч байхгүй байх. Бас болоогүй ээ байгаа ганц үйлдвэртээ 1973 оноос хойш технологийн шинэчлэл хийгээгүй, байр байшин нь балгас мэт болсон, боловсон хүчний хувьд ч мөн л хоцрогдож эхэлжээ. 

1923 онд Биокомбинат байгуулагдсан бөгөөд 1938 оноос одоогийн нэрээр нэрлэсэн байна. 1973 онд БНУУ-ын техник, эдийн засгийн тусламжтайгаар бүрэн шинэчлэгдэж 1990 он хүртэл Унгар-Монголын хамтарсан үйлдвэрийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байгаад түүнээс хойш зөвхөн үндэсний ажиллагсад ажиллаж  байгаа аж.

Тус үйлдвэр нь мал амьтанд тохиолддог гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, оношлох зориулалттай вакцин, оношлогооны бэлдмэл зэрэг 70 нэр төрлийн бүтээгдэхүүнийг ҮХААЯ-ны захиалгын дагуу үйлдвэрлэдэг бөгөөд дотоодынхоо хэрэгцээний 90 гаруй хувийг хангадаг үндэсний цорын ганц үйлдвэр юм.

Өнгөрсөн бямба гаригт ҮХАА-н сайд Х.Баттулга, дэд сайд Ц.Туваан, ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал нарын албаны хүмүүс тус үйлдвэрт ажиллах үеэрээ мал аж ахуйн гэгддэг манай улсын хувьд малаа эрүүлжүүлж байж эдийн засгийн эргэлтэд оруулах боломж байгааг онцоллоо. Манайд түгээмэл тохиолддог шүлхий өвчийн вакциныг л гэхэд уг үйлдвэрт хийдэггүй юм байна. Тус үйлдвэрийн захирал  доктор Б.Баттогтох  хэлэхдээ “Манай малд шүлхийн халдварт өвчин их гардаг. Яваандаа тусад нь үйлдвэр бариад, шүлхийгээс сэргийлэх чиглэлээр боловсон хүчин шинээр бэлтгээд явбал болохгүй зүйл байхгүй шүлхий өвчний вакциныг монголдоо хийх хэрэгтэй” гэж хэлж байлаа. Үндсэн хуульд ч, Малын удмын сангийн хуульд ч малын халдварт өвчнийг урьдчилан сэргийлэх арга хэмжээг төрөөс санхүүжүүлж хамгаална гэж заасан байдаг. Иймд төрийн хатуу захиалгад захирагддаг байна. 

Мал эмнэлгийн үржлийн тасгийн малын ерөнхий эмч З.Батсүх

“Дорвитой хөрөнгө оруулалт хийж орчин үеийн тоног төхөөрөмжтэй болох нь чухал. Өнөөдөр зөвхөн дотоодын хэрэгцээгээ хангах биш гадаадад экспортод гаргах, хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалах нь нийгмийн шаардлага юм. Одоогийн энэ маягаараа аргалаад хэдэн жил явж болох хэдий ч цаашид хөгжих ямар ч үндэслэлгүй болох аюултай. Боловсон хүчин бэлтгэгдээд ирэхэд тоног төхөөрөмжийн гологдлоос болоод тогтоон барих асуудал яригдана сэхэх боломжгүй болох эрсдэл бий болоод байна. Иймд яаралтай мөнгө босгож шинэ бүтээн байгуулалт хэрэгтэй. Цаашид боикомбинатын гол зүйл нь техник, боловсон хүчнээ шинэчлэх асуудал юм. Боловсон хүчин сайн, тоног төхөөрөмж шинэ тохиолдолд Биокомбинат нь өөрөө биеэ даагаад явах бүрэн боломжтой. Одоогийн байдлаар боловсон хүчин нь залуу, гадаад дотоод харилцаагаа өргөжүүлээд биеэ даахад бэлэн. Төр засгаас жоохон дэмжээд шинэ үйлдвэр бариад, техникийн шинэчлэл хийгээд  өгвөл эрүүл хүнс хэрэглэж, малаа эрүүл байлгах бүрэн боломж нээгдэнэ. Гадаадад вирусны, бактерын вакцины үйлдвэрүүд нь тус тусдаа байдаг бол Монгол хамтдаа нэг газраас үйл ажиллгаагаа явуулж байна” хэмээлээ.

Тус үйлдвэр нь 100 хувь төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар тул Монгол Улсын Төрийн өмчийн хороонд харьяалагддаг. Халдварт өвчний үүсгэгчдийг ашиглан биобэлдмэл үйлдвэрлэдэг учраас улсын онцгой байгууламжид тооцогдож, Монгол Улсын Засгийн газрын 1994 оны есдүгээр сарын 23-ны өдрийн 165 дугаар тогтоолоор үйлдвэрийн эзэмшил 20 га газрыг хорио цээрийн бүсийн статустай болгосон. Одоогийн байдлаар 260 ажилчидтай, 30 гаруй хувь нь малын эмч, биологич, микробиологч, биотехнолгич, биохимич, инженер зэрэг дээд боловсролтой мэргэжилтнүүд байна.

ҮХАА-н сайд Х.Баттулга “Монголчууд үхэр, адууны махаа хүнсэндээ хэрэглэдэг. Мал эрүүл байж мах чанартай эрүүл хүнс байж таарна. Энэ нь вакцинтай холбоотой. Гэтэл вакцины үйлдвэр нь далан оны хэлбэрээрээ байвал хүнсний аюулгүй байдалд шууд нөлөөлнө. Энэ үйлдвэртээ анхаарлаа хандуулвал мал нь эрүүл болж мах, арьс шир нь ч эрүүл байна. 1973 онд шинэчилж байсан шигээ 21 дүгээр зуундаа лабораториудаа өөрчилж шинэчилвэл нийгмийн гол аюулгүй байдал хангагдана” гэсэн юм.

Мөн арьс шир гэх мэт түүхий эдээр чанартай бүтээгдэхүүн хийх, гутал цүнхний үйлдвэрлэлээрээ дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Итали, Австри гэх мэт оронд боловсруулсан арьс шир нийлүүлье гэхэд үхрийн шир нь тэр чигээрээ нүхэжсэн, ганц цүнх хийж ч хүрдэггүй гэх мэт олон асуудал малын эрүүл мэндтэй цаашлаад эрүүлжүүлэх чиглэлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэй холбоотой юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж