Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийв

Хуучирсан мэдээ: 2012.12.24-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийв

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаа хийж дууслаа. Тус бүлэг энэ өдрийн хуралдаанаараа 2012 оны чуулганаар хэлэлцсэн асуудал, бүлгийн үйл ажиллагааныхаа тайланг дүгнэжээ. Ингээд УИХ-ын 2012 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан Ардчилсан намын бүлэг өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд сайн ажилласан хэмээн дүгнэсэн байна. Бүлгээр хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүхийн шинэтгэлийн тухай, Шүүгчдийн орон тоог батлах тухай багц хуулийн төсөл аж. Уг хуулийн төслийн танилцуулгыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хийсэн бөгөөд бүлгийн гишүүд “Төслийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй” хэмээн үзсэн байна.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэн баталтал цаг хугацаа шаардана. Тиймээс Ерөнхийлөгчөөс санаачлан УИХ-аас баталсан лиценз олголтыг түр зогсоох тухай хуулийн хэрэгжих хугацааг дахин сунгах ёстой гэсэн зарчмын байр суурь энэ өдрийн хуралдаанд оролцсон бүлгийн гишүүд гаргажээ. Учир нь дээрх хуулийн хэрэгжих хугацаа 2013 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөр дуусгавар болох гэж байгаа тул шинэ оноос урьтаж дээрх хугацааг сунгах зарчмын шийдэлд хүрчээ.

Бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийжээ. Ерөнхий сайдын хувьд гишүүддээ 2013 он бидний хувьд их ажлын жил байх болно. Цаг хугацааг зөв үр дүнтэй ашиглах ёстой. Нөгөөтэйгүүр бид хоосон улс төржихөөс илүүтэй бодлого, оюунаараа өрсөлддөг тийм талбар луу явах ёстой. Өнгөрсөн долоо хоногт УИХ-аас УИХ-ын тухай болон Дэгийн тухай хуулийг баталсан явдал нь хамгийн чухал алхмын нэг болсон. Улстөрийнхөө хувьд УИХ дахь МАН-ын гишүүд албан ёсны бүлэгтэй болсонд бид баяр хүргэх ёстой. Энэ бол улс төрийн энгийн соёл. Тэгэхээр үүнийг УИХ дахь олонхи, цөөнхийн хооронд бодлогын уралдаан ирээдүйд хүлээж байна гэж ойлгож, харж байна. Бид замбараагүй улс төрийг орхих ёстой. Төрөө түвшин, ард олноо амгалан байлгахад улс төрийн намууд бодлогоороо уралддаг энэ чиглэл рүү маш түлхүү явах хэрэгтэй” гэжээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж