Ширээний теннисний багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-30-ны өдөр ОХУ-ын Москва хотноо болох юм. Тус тэмцээнд өрсөлдөх Монголын тамирчид өчигдөр Москва хотыг зорьсон байгаа. Манай эрэгтэй багийн бүрэлдэхүүнд ОУХМ Л.Алтантулга, Т.Энхтөр, спортын мастер З.Төрболд нар багтсан бөгөөд тэд D ангилалд өрсөлдөх юм. Харин тэмцээний С ангилалд өрсөлдөх эмэгтэй багийн бүрэлдэхүүнд ОУХМ Б.Батхишиг, спортын мастер Ч.Номин-Эрдэнэ, спортын дэд мастер Б.Энхжин нар багтжээ. Багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай эрчүүдийн өрсөлдөх D ангилалд 38, бүсгүйчүүдийн оролцох С ангилалд 24 баг оролцохоор мэдүүлгээ өгчээ. Багийн сугалаа өнөөдөр бол тул бид та бүхэнд манай тамирчид хаанахын багтай таарсан болохыг эргэн мэдээлэх болно. Монголын одон бөмбөгчид 2008 онд болсон багийн ДАШТ-ий D ангилалд гуравдугаар байр эзэлж байсныг эргэн сануулъя.
Дашрамд сонирхуулахад, Ширээний теннисний багийн ДАШТ-ийг TV9 телевиз шууд дамжуулан үзүүлэх тул та бүхэн тус телевизээр тэмцээнийг хүлээн авч үзэх боломжтой юм.
Б.ЭНХ