“Челси” 8:0-ээр “Астон Вилла”-г бут ниргэлээ

Хуучирсан мэдээ: 2012.12.24-нд нийтлэгдсэн

“Челси” 8:0-ээр “Астон Вилла”-г бут ниргэлээ

Английн Премьер лигийн 19 дүгээр тойргийн хүрээнд “Челси” өчигдөр талбайдаа “Астон Вилла”-г хүлээн авч, 8:0 харьцаатай бут ниргэснээр хүснэгтийн гуравдугаар байр руу ахилаа.

Тоглолт эхлээд гурав дахь минутад Фернандо Торрес гоолын салхийг хагалсан. Тоглолтын эхнээс тэргүүлэх болсон “Челси”-гээс Дэвид Луиз, Бранислав Иванович нар гоолдсоноор эхний үе 3:0 харьцаатай “Цэнхрүүд”-ийн давамгайлал дор өндөрлөв.

Премьер лигт 500 дахь тоглолтдоо оролцсон Фрэнк Лампард 58 дахь минутад тооны харьцааг 4:0 болгож, сэлгээгээр талбайд гарсан Рамирес дубль хийж, Оскарын торгуулийн цохилтоос гоолдож, эцэст нь Эдин Азар тоглолтын цэгийг тавьснаар “Челси” итгэл төгс ялалт байгуулав. Тэдний энэ ялалт нэгэн рекорд амжилтыг давж, өөр нэгэн амжилт эвдсэн тохиол болсон. Тодруулбал, Премьер лигийн түүхэнд анх удаа нэг багийн долоон тоглогч нэг тоглолтод гоол оруулсан амжилт болсноос гадна 2010 оны тавдугаар сард “Челси” 8:0-ээр “Уиган Атлетик”-ийг хожсон тоглолтын үр дүнг давтлаа.

Өмнөх долоо хоногт “Ливерпуль”-ийг буулган авч, форм сайтай байгаагаа баталсан “Астон Вилла” ийнхүү “Стэмфорд Бриж” цэнгэлдэхэд гутамшигтай ялагдал хүлээв.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж