Шатахууны үнэ нэмэгдлээ

Хуучирсан мэдээ: 2012.12.24-нд нийтлэгдсэн

Шатахууны үнэ нэмэгдлээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шатахууны үнэ литр тутамдаа 50 төгрөгөөр нэмэгдэж байгаа талаар мэдээлэл хийлээ. Шатахуун импортлогч компаниудын тайлбарлаж буйгаар бол компаниуд хөнгөлттэй зээл авсан учир 50 төгрөгөөр нэмэгдэж байна. Зээл олгоогүй бол литр тутамдаа 210 төгрөгөөр нэмэгдэх тооцоо байсан гэнэ.

Өнөөдрийн байдлаар "Сод Монгол", "Шунхлай", "Магнай трейд" зэрэг шатахуун импортлогч компаниуд АИ-95-аас бусад төрлийн түлш, шатахууны үнийг литр тутамд нь 50 төгрөгөөр нэмээд байна. Тодруулбал, А-80 бензин литр тутам нь 1530, АИ-92 1620, дизель түлш 1750 төгрөгийн үнэтэй байна.

Шатахуун импортлогч компаниудаас одоогоор “НИК” компани шатахууны үнээ нэмээгүй байна. “Үнийн тухайд тооцоо, судалгаа хийсний эцэст үнээ нэмнэ, гэхдээ хугацааны хувьд тодорхой мэдээлэл өгөхгүй боломжгүй байна” хэмээн тус компанийн Олон нийттэй харилцах албанаас News.mn-д мэдээллээ. “НИК”-ийн хувьд одоогоор Засгийн газар, Монголбанкнаас санал болгож буй хөнгөлөлттэй зээлд хамрагдаагүй, зээл авахаар судалж байгаа, үнэ нэмсэн ч литр тутамд 50 төгрөгөөс дээшгүй хэмжээгээр нэмэх гэнэ.

Дашрамд дуулгахад, Засгийн газраас шатахуун импортлогчдод одоогийн байдлаар 83 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээл олгоод байна. Хэрэв дээрх зээлийг олгоогүй байсан бол шатахууны үнэ литр тутамдаа 210 хүртэл төгрөгөөр нэмэгдэх тооцоо байсан гэнэ.

Б.ХАЛИУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж