Чили, Аргентинийн хилийн заагт орших Копауэ галт уул идэвхижиж, үнс, хий цацалж эхэлжээ. Копауэ нь Чилийн хилийн ойролцоох Аргентинийн баруун өмнөд хэсгийн Неукен мужид орших гурван мянган метр өндөртэй галт уул аж. Аргентинийн албаныхан тус галт уул идэвхижсэнтэй холбоотойгоор нутгийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн байна. Мөн Андын нурууд дээгүүр нисэн өнгөрдөг бүх онгоцны нислэгүүдийг цуцалжээ. Харин Чилийн албаныхан Био-Био мужид онц байдал зарлаж, аюулын түгшүүрийг улаан болгон нэмэгдүүлжээ. Мөн орон нутгийн ард иргэдийг нүүлгэн шилжүүлэхийн тулд замуудыг чөлөөлж, галт уулын аюулаас урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч эхэлсэн байна. Одоогийн байдлаар Копауэ галт уулын хар утаа салхины аясаар 1500 метрийн өндөрт хүрч боргилон байгаа аж. Копауэ галт уул нь нуур, үзэсгэлэнт дүр төрх, халуун рашаанаараа алдартай аялал жуулчлалын гол бүс нутаг юм байна.
Б.АНХТУЯА