Монгол, Орос хөрш хоёр орны сайдууд Улаанбаатарт уулзав. Монгол Улс-ОХУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын ээлжит 16 дугаар хуралдаан Улаанбаатарт гурав хоног болж өндөрлөлөө. Түүгээр бензин шатахууны үнэ, төмөр замын ирээдүй, хамтарсан үйлдвэрүүдийн хэтийн төлөв, мал, мах нийлүүлэх, худалдаа, соёл боловсрол гээд хөндөөгүй сэдэв бараг үлдсэнгүй.
Нэг үе зогсонги байдалд орсон Монгол-Оросын харилцаа идэвхжих шатандаа дэвшсэнийг хоёр талын сайд нар онцлов. Монгол Улс, ОХУ-ын худалдааны бараа эргэлт 2011 онд 1,5 гаруй дахин өссөн нь өмнөх оныхоос 1,5 тэрбум ам.доллараар илүү гарчээ. Хоёр орны эдийн засгийн харилцаанд ахиц гарч 2012 оны эцэс гэхэд худалдааны эргэлт хоёр тэрбум ам.долларт хүрэх тооцоо гарсан байна. Монгол, ОХУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрт тусгаснаар гурван жилийн дараа гурван тэрбум ам.долларт хүргэхээр төлөвлөжээ.
Оросын тал төмөр зам, ашигт малтмал гээд байнгын халаасанд явдаг сэдвүүдээ хөндлөө. Засгийн газар хоорондын комиссын Оросын талын тэргүүн, ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донской “РЖД” буюу Оросын төмөр зам компанийг Тавантолгойн ордыг ашиглах, Монголын төмөр замын сүлжээг өргөтгөх төслүүдэд оролцуулах санал тавилаа. Монголын талын тэргүүн, Засгийн газрын шадар сайд Д.Тэрбишдагва Монголын тал 1800 км шинэ төмөр зам тавих гэж байгааг хэлж Монголын төмөр замын бүтцийн 49 хувийг эзэмших эрх Оросын талд нээлттэй байгааг дуулгасан. Мөн УБТЗ хамтарсан нийгэмлэг байгуулах тухай ЗХУ, БНМАУ-ын 1949 оны гэрээг шинэчлэх шаардлагатай байгааг Шадар сайд хэллээ. Энэ асуудлыг Монгол Улсын үе үеийн Засгийн газрын төлөөлөл хэлдэг ч Оросын тал хүлээж авалгүй өдийг хүргээд байгаа юм. С.Е.Донской сайд Монгол-Оросын хамтарсан үйлдвэрүүдийн үр ашгийг сайжруулах, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн орос мэргэжилтнүүдийн балансыг барих зэрэг санал дэвшүүллээ. Монголын талаас “Эрдэнэт”, Монголросцветмет зэрэг хамтарсан үйлдвэрүүдийн үр ашгийг дээшлүүлэх, тогтвортой ажиллуулах зэрэг асуудал тавьж байв.
Энэ үеэр хөндөгдсөн нэг гол сэдэв нь шатахууны нийлүүлэлт, үнийн асуудал байлаа. Монголын нэг жилийн шатахууны хэрэглээ нэг сая орчим тонн. Гэвч уул уурхай зэрэг шинэ шинэ салбараар Монголын эдийн засаг өргөжиж байгаа тул шатахууны жилийн хэрэгцээ хоёроос гурван сая тоннд хүрэх төлөвтэй байгааг шадар сайд Д.Тэрбишдагва хэллээ. Мөн ОХУ-аас Монголд нийлүүлж байгаа шатахууны нэгжийн үнэ бусад оронд нийлүүлдгээс 200-300 ам.доллараар өндөр байгааг сануулж үнэ бууруулах боломж хайж буулгана хэмээн найдаж буйгаа хэлсэн юм. Бас Монгол Улс ойрын үед дотооддоо нефть боловсруулах үйлдвэр барихаар төлөвлөөд буйг дуулгасан.
ОХУ-аас Монголд нийлүүлж байгаа цахилгааны үнийг бууруулах, эрчим хүчний салбарт хамтрах, Эгийн гол дээр цахилгаан станц барих, зам, тээврийн салбарт хамтран ажиллаж ОХУ-ын Алс дорнодын далайн боомтыг Монголын тал ашиглах чиглэлд дэмжлэг үзүүлэхийг Монголын талаас хүсч буйгаа шадар сайд Д.Тэрбишдагва комиссын Оросын талын тэргүүнд тавьсан юм. Зуун мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Оросын талыг оролцуулах, хойд хөршид сурч буй монгол оюутны тоог нэмэгдүүлэх, соёл, боловсрол, хүмүүнлэг, цэрэг техник, хууль сахиулах, хил хамгаалах гээд төрөл бүрийн салбарт хоёр орон хамтран ажиллах боломжтойг хэлж байлаа.
Эрчим хүчний салбарт ОХУ-аас дэмжлэг үзүүлэхээ амлалаа. Монголын нутагт өндөр хүчин чадалтай цахилгаан станц байгуулах төслийг хэрэгжүүлэх замаар түншлэлээ өргөтгөхөөр ярилцлаа. ЗХУ-ын үед байгуулсан Монголын цахилгаан станцуудад шинэчлэлт хийх, ОХУ-ын “Ренова” компаниас Улаанбаатарын дөрөвдүгээр цахилгаан станцын шинэчлэлд зориулж турбин нийлүүлэх гэрээ байгуулсан зэрэг асуудлыг хөндөн ярилцлаа. Монголын нутгаас ураны хүдэр хайх, олборлох, боловсруулах, “Дорнод уран” хамтарсан үйлдвэр зэрэг төслийг эхлүүлэх саналуудыг Оросын талаас тавьж байлаа. Монголын нутаг дэвсгэр дээрх Оросын мэдлийн үл хөдлөх хөрөнгө болох оррн сууцны барилгуудын өмчлөлийг нааштай шийдүүлэхээр ярилцсан бол Оросын талаас Улаанбаатар дахь Ленин клубын барилга Оросын мэдлийнх боловч Монголын тал өөртөө “гулсуулчихсан”-ыг хэлж өмчлөлдөө эргүүлж авах хүсэлтэй гэдгээ илэрхийлж байв.
Ийнхүү Монгол, Оросын тал юуг сонирхож, бие биеэсээ юу хүсч байгаагаа гурван өдрийн турш Улаанбаатарт ярилцлаа.