Эрүүл, аюулгүй хот бий болгох индекстэй боллоо

Хуучирсан мэдээ: 2012.12.23-нд нийтлэгдсэн

Эрүүл, аюулгүй хот бий болгох индекстэй боллоо

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 12 сарын 20-нд боллоо. Хуралдаанаар гэр хорооллын дахин төлөвлөлт ба тохилог амины орон сууц арга хэмжээг зохион байгуулах ажлын зардлын төсөв, Багахангай дахь “Мах боловсруулах үйлдвэр”-т хийсэн шалгалтын дүн, “Иргэний оролцоо-Өрхийн Хөгжлийг дэмжих жил”-ийн тайлан болон, эрүүл хот, дүүрэг, ажлын байр, сургууль бий болгох Нийслэлийн дэд хөтөлбөр батлах тухай, эрүүл аюулгүй байдлын индексээр дүүрэг хороодыг дүгнэх ажлыг эхлүүлэх тухай зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ.  

Нийслэлийн Удирдлагуудын зүгээс баримталж байгаа томоохон зорилго бол нийслэл хотын иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх юм. Тиймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн дүүрэг хороодод мөрдөгдөх аюулгүй байдлын индексийг тогтоож, хэрхэн мөрдөн ажиллах боломж байгааг судлахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунд үүрэг болгосон юм. Энэхүү үүргийн дагуу ажлын хэсэг байгуулагдан тус ажлын хэсэг 2 сар гаруй хугацаанд ажиллан эрүүл аюулгүй байдлын индекс тооцох аргачлалыг боловсруулсан байна.

Эрүүл аюулгүй орчин бүрдүүлэхэд эхний ээлжинд эрүүл аюулгүй байдлын индексийг тогтоож дүгнэх аргачлал боловсруулах нь Улаанбаатар хотын хөгжилд томоохон хувь нэмэр оруулах юм.  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгаанаас харахад Монгол Улсад гарч байгаа халдварт өвчний талаас илүү хувь нь нийслэлд гардаг гэсэн байна. Мөн агаар, хөрсний бохирдол, амьдрах орчин нөхцөл тааруу байгаа зэрэг нь Улаанбаатар хотын иргэдийн эрүүл байх нөхцлийг алдагдуулдаг гэж үзжээ. Тиймээс ,нийслэлийн удирдлагын үйл ажиллагааны хөтөлбөрийн гол үндсэн чиглэл болсон Эрүүл аюулгүй Улаанбаатар хотыг бий болгохын тулд эрүүл аюулгүй байдлын индекс тогтоож, ингэснээр Улаанбаатар хотыг дэлхийн өндөр хөгжилтэй хотуудын жишигт хүргэх нэг боломж бүрдэнэ гэж тооцож байгаа юм.

Эрүүл аюулгүй байдлын индексийг үндсэн 68 үзүүлэлтээр дүгнэх бөгөөд, үзүүлэлтээрээ тэргүүлсэн хороо, дүүргийн Засаг дарга нарт бүтэн жилийн цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал олгох журмаар энэ ажлыг идэвхжүүлэх юм байна. Харин  энэхүү индекст хүрээгүй бол хорооны Засаг дарга, эрүүл мэндийн ажилтнууд гэх мэт тухайн дүүрэг хорооны иргэнд үйлчилэх ёстой төрийн албан хаагчид хариуцлага хүлээх юм.

Эрүүл хот, эрүүл дүүрэг, эрүүл ажлын байр, эрүүл сургууль гэсэн Нийслэлийн дэд хөтөлбөртэй уялдуулан эрүүл аюулгүй байдлын индексийг тогтоогоод хэвшчихвэл Нийслэлийн иргэдийн амьдрах орчин бодитойгоор сайжирна гэж үзэж байгааг удирдлагын зөвлөлийн гишүүдэд  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун хэллээ.

Нийслэлийн Удирдлагын Зөвлөлийн гишүүд Эрүүл аюлгүй байдлын индексийг тооцох аргачлалыг Нийслэлийн Засаг даргын Захирамж гарган батлахаар болж харин шалгаруулах журмыг НИТХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр боллоо.

Хамгийн хямд, тохилог, шинэ үеийн амины сууцыг Сүхбаатарын талбайгаас харж болно

Гэр хорооллын дахин  төлөвлөлт, тохилог амины орон сууц” үзэсгэлэнгийн хүрээнд Сүхбаатарын талбайд загвар байшингууд баригдаж 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр албан ёсоор нээлтээ хийсэн юм. Энэхүү үзэсгэлэнд барилгын  үйлдвэрлэл эрхэлдэг “ИЗО хаус”, “АТА”, “Люкс вууд”, “М-Солид”, “Ногоон газар”, “ИЗИ”, “Экологийн дулаан  хаус”, “Дулаахан өлзий”, “Профтехникс”, “Санни нүхт”, “Экспресс модуль”, “Монгейт”, “Даншин өргөө” зэрэг ХХКомпаниуд оролцож байгаа бөгөөд үнэ хямд, дулаан, тохилог, орчин үеийн амины орон сууцыг загвар болон танилцуулж байна. Сүхбаатарын талбайд баригдсан загвар байшингууд нь Америк,  Канадын хамгийн  сүүлийн  үеийн  технологи бүхий модон болон металл каркас, полистролон бетонон хавтан, шинэ технологийн  магнезитан, ган, төмөр, WPC технологийн  барилгын   материалуудыг  хослуулан  ашигласан, дулаан алдагдал багатай, эрчим хүчний хэмнэлттэй, орчин үеийн халаалтын технологиудыг суурилуулсан, дулаан алдагдал багатай юм байна. Үнийн хувьд 1м2 нь 450 000-650 000 төгрөгийн  хооронд хэлбэлзэж байна гэж Гэр хорооллыг орон сууцжуулах нэгжийн дарга Ш.Ганхуяг таницууллаа. Энэхүү үзэсгэлэнгийн арга хэмжээ 2013 оны 3 сарын дунд хүртэл үргэлжилэх бөгөөд үүнд нийтдээ нэг зуун ёсөн сая долоон  зуун мянган төгрөгийн санхүүжилт хэрэгтэй байгааг тэрээр хэллээ. Танилцуулгыг сонсоод Нийслэлийн Засаг дарга Э-Бат-Үүл, “тодорхой хэмжээний хөрөнгө зарж байгаа зүйлдээ хариуцлагатай хандах ёстой, гэр хорооллын иргэдэд тохилог, барихад хялбар, хямд үнэтэй амины орон сууц танилцуулж санал болгох зорилготой энэхүү үйл ажиллагаанд бид анхаарлаа хандуулан ажиллах шаардлагатай байна. Шаардагдах төсөв мөнгийг бид шийднэ. Гэхдээ энэ ажлыг маш үр дүнтэй зохион байгуулах ёстой” гэв.  Удирдлагын Зөвлөлийн гишүүд, энэхүү ажлын хэсгийг ахлаж байсан Нийслэлийн Засаг даргын Үйлдвэрлэл экологийн асуудал хариуцсан орлогч Д.Пүрэвдаваа Баянзүрх дүүргийн Засаг даргаар томлигдсон тул, ажлын хэсгийн ахлагчийг дахин сонгохоор тогтов. Мөн энэхүү үзэсгэлэнг зохион байгуулах ажлын хэсгийг нарийн төлөвлөгөө гарган, санаачлагатай ажиллахыг санууллаа.

Багахангайн мах боловсруулах үйлдвэрт шалгалт хийжээ

Багахангай дахь “Мах боловсруулах үйлдвэр”-т хийсэн шалгалтын дүн, цаашид авах арга хэмжээний тухай Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, удирдлагын зөвлөлийн гишүүдэд танилцуулллаа.

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч  Н.Батаагийн баталсан удирдамжийн дагуу Багахангай дах Мах боловсруулах үйлдвэрийн үндсэн болон санхүүгийн үйл ажиллагааны байдалд үнэлэлт дүгнэлт өгөх зорилготой ажлын хэсэг 2012 оны 11 дүгээр сарын 23-наас 27-ны өдрүүдэд тус үйлдвэрт ажиллажээ.  Нийслэлийн Багахангай дүүрэг дах Мах боловсруулах үйлдвэр нь Финлянд улсын эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд 1994 онд байгуулагджээ. Хоёр ээлжиндээ 180 гаруй хүн ажиллаж жилд 20 000 бог, 20 000 бод, 600  үхэр, 6 500 гахай нядалж 4 200 тонн мах бэлтгэх, хоногт 300 тонн чанамал, 600 тонн бүтэн утлагатай, нийт 900 тонн хиам үйлдвэрлэх өндөр хүчин чадалтай үйлдвэр юм байна. Засгийн Газар болон нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хаврын улиралд махны үнийн хэт хөөрөгдлөөс сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотын хэмжээнд нөөцийн мах бэлтгэх шийдвэрийн дагуу  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай мах бэлтгэх гэрээ байгуулан  2012  оны 11 дүгээр сарын 25-нд   Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас  800,0 сая төгрөгийн зээлийг жилийн 7,0 хувийн хүүтэйгээр,  хөнгөлөлттэй нөхцлөөр авчээ. Нийслэлийн хэмжээнд 2012 онд 530,0 сая төгрөгөөр 1,0 кг тутмыг нь үхрийнхийг 3800 төгрөг, хониныхыг 3500 төгрөг, ямааныхыг 3200 төгрөгөөр худалдан авч нийт 150-аад тонн мах бэлтгэсэн ч Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Монголын махны холбооноос 2012 оны хавар худалдаалах нөөцийн махны үнийг кг тутмыг нь үхрийнхийг 3500, хониныхыг 3000, ямааныхыг 2600 төгрөгөөр тус тус тогтоосноос нэг килограмм тутмаас 1400 төгрөгийн алдагдалтай ажилласан гэж шалгалтын комисс үзжээ.  Мөн тус мах боловсруулах үйлдвэрийн харъяа Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх аммиакан зооринд хадгалагдаж байгаа үхрийн гулууз махны жижиглэн худалдаалах үнийг шинэчлэн тогтоож ойрын үед худалдан борлуулж энэ өртөгөөр шинээр мах бэлтгэн нөөцлөх боломж бүрдүүлэх нь чухал байгааг тэрээр онцлон хэллээ.  Засгийн Газар болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өгсөн зөвлөмжийн дагуу тус мах боловсруулах үйлдвэр нь нийслэлийн хүн амын махны хэрэгцээнд зориулан 15 000 тонн мах бэлтгэн нийлүүлэх, 30 тонн махыг нөөцлөх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ч, одоогийн байдлаар нөөцөлсөн махны ихэнх нь стандартын шаардлага хангахгүй болсон нь шалгалтаар тогтоогдсон байна. Шалгалтын дүнг сонсоод Удирдлагын зөвлөлийн гишүүд байр сууриа илэрхийллээ. Нийслэлийн Засаг дарга, жил бүр алдагдалтай ажиллаж ирсэн энэ үйлдвэрийг нийслэлийн мэдэлд байлгах нь нийслэлийн төсөвт дарамт болно. Шалгалтын комиссын дүнг сонсоход зарим асуудал зохион байгуулалттай гэмт хэргийн шинжтэй байна. Тиймээс хууль хяналтын байгуулагт хандан шалгуулах нь зөв  гэв. Харин нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа Багахангайн мах боловсруулах үйлдвэрийг нийслэлийн мэдэлд байлгах нь нийслэлд хэрэгтэй. Нэгдүгээрт энэхүү мах боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж хүчин чадлыг ашиглан амжилттай ажиллуулж чадвал улсын төсөвт жилдээ 20 тэрбум төгрөгийг орлого оруулах боломжтой, хоёрдугаарт Үндсэний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу нийслэлийн иргэдийн махны хэрэгцээг хангах зорилгоор 30 тонн мах нөөцлөх үүргээ энэхүү махны үйлдвэрийг түшиглэн биелүүлэх боломжтой гэж үзэж байна гэлээ.

Тус мах боловсруулах үйлдвэрийн даргаар П.Цогтбаатар 2012 оны  11 сарын 9-нд томлигдсон ч одоог хүртэл ажлаа бүрэн хүлээж аваагүй  байгаа юм байна. Тэрээр  намайг ажлаа хүлээж авахаар очтол байгууллагын дансанд байсан бүх мөнгийг ажилчиддаа тараагаад үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон байсан. Мөн нөөцөнд авахаар худалдан авсан махыг сольсон байж магадгүй гэж би бодож байна. Стандартын шаардлага бүрэн хангасан мах нөөцлөх системтэй энэ үйлдвэрт нөөцийн махны 30 орчим тонн нь хөгцөрсөн байгаа нь анхаарал татаж байна. Тиймээс би зохих журмын дагуу хуучин удирдлага болон холбогдох албан тушаалтнуудыг шалгуулах хүсэлтэй байна гэлээ. Удирдлагын зөвлөлийн гишүүд дээрхи асуудлыг хэлэлцээд, эхний ээлжинд төсвөөс хөрөнгө зарж тухайн үйлдвэрийн өрийг тэглэх боломжгүй, харин мах хадгалах горим зөрчсөн шалтгаан нөхцлийг судлаж акт тогтоохыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж