Монгол, Оросын ЗГ-ын комисс хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2012.12.23-нд нийтлэгдсэн

Монгол, Оросын ЗГ-ын комисс хуралдлаа

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит XVI хуралдаан энэ сарын 19-21-нд Улаанбаатар хотноо боллоо.

Монгол болон ОХУ-д болсон сонгуулийн үр дүнд Засгийн газрууд шинэчлэн байгуулагдаж,  ЗГХК-ийн үндэсний хэсгийн дарга нар ч шинээр томилогдсоны дараа зохиогдож буй анхны хуралдаан гэдгээрээ онцлогтой болсон тус хуралдаанд Монгол Улсын Шадар сайд, ЗГХК-ын Монголын хэсгийн тэргүүн, Б.Тэрбишдагва, ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд, комиссын Оросын хэсгийн тэргүүн, С.Е.Донской нар төлөөлөгчдөө тэргүүлэн оролцов.

 ЗГХК-ын хуралдааны бэлтгэл ажилд хоёр талаас ихээхэн анхаарал тавьсан бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевтэй Бишкек хотноо, Гадаад харилцааны сайд Л.Болд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай Дублин хотноо олон улсын хурлуудад оролцох үеэрээ тус тус уулзахдаа  хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны тулгамдсан асуудлуудаар санал солилцож, комиссын хуралдаанаас чухалчлан анхаарах асуудлуудыг товлосон нь ач холбогдолтой байв.  

Түүнчлэн Монгол-Оросын хилийн шалган нэвтрүүлэх зарим боомтод хамтарсан шалгалт хийж, дүнг хэлэлцэх уулзалтыг Сүхбаатар хотод, Монголын нутаг дэвсгэр дэх ОХУ-ын үл хөдлөх хөрөнгийн асуудлаар холбогдох байгууллагын төлөөлөгчдийн уулзалтыг Москвад, Хилийн усны хэлэлцээрийг хэрэгжүүлэх хоёр талын бүрэн эрхт төлөөлөгчдийн ээлжит зөвлөлгөөнийг Улаан-Үдэд энэ 11, 12 дугаар саруудад тус тус зохион байгуулсан нь ЗГХК-ын хуралдааны бэлтгэл ажлын нэг хэсэг байлаа.

Хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх шинэ боломжуудыг нээж өгөх хоёр талын сонирхлын дагуу Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх арга хэлбэр, Монгол дахь бүтээн байгуулалтын төслүүдэд ОХУ-аас оролцох боломж, нөхцөлийн талаар санал, мэдээллийг хуралдааны үеэр солилцов. Олон жилийн турш Монгол, Оросын хамтын ажиллагааны гол ноён нуруу болж, Монгол Улсын эдийн засагт чухал хувь нэмэр оруулж ирсэн хамтарсан үйлдвэрүүдийн үйл ажиллагааны чадавхийг дээшлүүлэх, Монголын өргөжин тэлж буй эдийн засгийн хэрэгцээг хангахуйц газрын тосны бүтээгдэхүүнийг Монгол Улсад тогтвортой, найдвартай нийлүүлэх, улмаар энэхүү төрлийн үйлдвэрлэлийг Монголд хөгжүүлэхэд ОХУ-аас дэмжлэг авах, цахилгаан, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг олон асуудал ЗГХК-ын 16 дугаар хуралдааны дүнгээр гаргасан протоколд туссан байна.         

ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донской Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт бараалхсан бөгөөд  Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Уул, уурхайн сайд Д.Ганхуяг нартай уулзаж, салбарын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцжээ гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж