Тэнгэр газар шиг ялгаатай эмнэлгүүд

Хуучирсан мэдээ: 2012.12.23-нд нийтлэгдсэн

Тэнгэр газар шиг ялгаатай эмнэлгүүд

Би ингэж бодлоо л доо. Үзэж харсан, ойлгосон зүйлээ уншигчтайгаа сэтгүүлчийнхээ хувьд хуваалцъя гэж. Гэхдээ энэ нь эдийн засаг, бизнесийн сэдэв биш. Амьдралд ойрхон, ард иргэдийн амь насыг хамгаалан сахих үүрэгтэй эрүүл мэндийн салбарын тухай юм. Монголын эрүүл мэндийн салбарт шинэчлэл хэрэгтэй, гэхдээ үндсээр нь өөрчилж байж амжилтад хүрнэ гэж ярьдгийн учир утгыг ойлгосон юм. Хүний амьдралд юу эс тохиолдох билээ дээ. Ойр дотны хүнд маань “ирсэн” аюулт өвчний улмаас миний бие найман сар гаруйн хугацаанд Монгол, Солонгосын эмнэлгээр явлаа. Бодит үнэнийг нэмж хасалгүйгээр бусадтай хуваалцах нь сэтгүүлчийн үүрэг юм.

Монголын эмнэлэг

Сүүлийн үед монголчууд эмчлүүлж, шинжлүүлэхээр хилийн чанадыг олноор зорьдог болсон. Яагаад? Хариулт нь ойлгомжтой. Үнэндээ манай эмнэлгүүд болохгүй болоод л гадагш явахаас өөр аргагүйд хүрч байгаа. Түүнээс үндэсний эмнэлэг, эмч нар сайн бол иргэд илүү зардал гаргаж өөр орныг зорихгүй нь лав. Монголын эмнэлгүүд яагаад болохгүй байна вэ?

Нэгдүгээрт, төрийн нэгдсэн бодлого дутагдаж, үгүйлэгдэж байна. Системийг бүхлээр нь харах, шинэчлэх өөрчлөх ухаан, бас сэтгэл алга.Том том зүйл ярьж гарч ирээд салбарын олон төсөл, хөтөлбөрөөс хожих амин хувийн ашгаа бодоод өнөө маргаашийг өнгөрөөсөн байдлаар ажиллаж, цаг авах нь өнөөгийн төр, засгийн үнэн нүүр царай. Энд монгол эмчийн ярьсан нэгэн зүйлийг би эрүүл мэндийн сэдэв хөндөх бүртээ л иш татдаг болсон.
“Эмч нар маш гутранги үзэлтэй болсон. Манай төр, засгийн удирдлага, түшээд эрүүл мэндийн салбарынхаа байр байдлыг мэдсээр байж юу ч хийхийг хүсдэггүй. Яагаад гэвэл тэдний цаашдын карьерт боловсрол мэдлэггүй, өвчтэй иргэд олон байх нь хэрэгтэй. Өвчтэй иргэдийн тоо олшрох тусам эрүүл мэндийн салбараас унагах мөнгө тэдэнд ахиу байна” гэсэн юм. Эндээс төр, засгийн эрүүл мэндийн салбартаа анхаарах бодлогын үр дүн харагдана.

Хоёрдугаарт, технологи, менежмент дутагдаж байна. Хуучирч элэгдсэн техниктэй Монголын цагаан нөмрөгтнүүд юу хийж чадах вэ. Одоо ихэнх багаж хэрэгслийнх нь сэлбэгийг үйлдвэрлэхээ больж, засварлах газар ч олдохгүй байгаа гэнэ. Манай улс өнөөдөр орчин үеийн техник бүхий улсын шинжилгэээний том лабораторигүй л байна шүү дээ. Тиймээс эмнэлгүүдийн шинжилгээний хариуд иргэд хэр итгэдэг юм бол. Лав л Өмнөд Солонгосын эмнэлэг, эмч нар манай шинжилгээний хариуг нэг нүдээрээ ч хардаггүй юм билээ. Монголын эмнэлгүүдийн шинжилгээнд бид итгэдэггүй ээ гэж шууд хэлэх. Тэгэхээр бид юунд итгээд байна вэ. Хөрөнгө мөнгөний боломжтой хүмүүс бусад улс орныг зорьж, баталгаат найдвартай газар эрүүл мэндээ үзүүлэх нь зөв л болж таарч байна. Хүнд эрүүл мэнддээ анхаарахаас өөр юу чухал гэж.

Менежментийн хувьд бүр учир дутагдалтай. Социализмын үеийн үнэр манай эмнэлгүүдээс ханхалсан хэвээр. Эмнэлгийн салбарын менежмент гэж тусдаа зүйл байдаг юм байна. Манай томоохон эмнэлгийн нэгэн эмч надаас нэг зүйл бүтээж өгөхийг хүссэн юм. Би сонсоод эхлээд гайхсан, дараа нь өрөвдсөн. Тэр эмч ”Манай эмнэлгийн сэхээн амьдруулах тасгийн өмнөх хүнд өвчтөнүүд хэвтдэг тасагт агааржуулагч хэрэгтэй байна аа. Сэтгүүлч хүн байна, олоод өгч тусалбал сайн байна” гэсэн юм.

Монгол улсын хамгийн том эмнэлгүүд өвчтөнүүдийнхээ өрөөнд агааржуулагч тавьж чадахгүй хэмжээнд байна гэж үү. Хүнд өвчтөн хэвтдэг тэр жижиг өрөөнд дөрвөн хүн хэвтэнэ. Дөрвөн хүний сахиурууд бас хамт байна. Ихэнхдээ цус алдсан, элэгний өвчин нь хүндэрсэн хүмүүс хэвтдэг болохоор цус үнэртэх юу ч биш. Агаарын солилцоо байхгүй. Сахиурууд нь өвчтөнийхөө дэргэд шалан дээр нуруугаа амраах болно. Түүнчлэн сэхээн амьдруулах тасагт ойр дотны хүнээ хүлээн коридорт зогсох хүмүүст суух сандал үл олдоно. Энэ мэтчилэн зовлон олныг тоочиж болох.

Гуравдугаарт, эмч, сувилагч ажилтнуудын ур чадвар, харилцааны соёл. Ур чадварын тухайд монгол эмч нарыг сайн, олон улсын түвшинд хүрсэн, сүүлийн үеийн техник хэрэгсэл нь байвал стандартын эмчилгээ сувилгаа, хагалгааг хийнэ гэдэг. Үнэний ортой. Гэхдээ л  мэддэгээсээ илүү мэдэмхийрдэг, нэр төрөө боддог, дээдсийг дагаж гүйж, доодсыг нүд үзүүрлэн хардаг байдал эрүүл мэндийн салбарт газар авчээ.
Өөр нэг зүйл нь бараг л эмч бүр хувьдаа эмнэлэгтэй болох нь. Хаа сайгүй байдаг баар, цэнгээний газар шиг подволд ч эмнэлэг байгуулагдах болов. Энэ Монголын эмгэнэл үү, эсвэл эрүүл мэндийн салбарын шинэчлэл үү.
Харилцааны соёлын талд манай эрүүл мэндийн ажилтнууд бараг л “0” дүн авна даа. Хялалзаж цэхэлзсэн, уурлаж уцаарласан, их зан гаргасан хүмүүс л явдаг шүү дээ. Өвчтөнүүдийнхээ төлөө үнэн сэтгэлээсээ зовж, зөөлөн эелдэг харьцаж, ар гэрийнхэнд ч асуудлыг сайхан тайлбарлаж өгдөг эмч, сувилагчид бий л дээ. Гэхдээ учир дутагдалтай. Хүмүүс эмнэлэг рүү хандахдаа таньдаг эмч, сувилагч байна уу л гэдэг болсныг нуух юун. Ерөнхийдөө Монголын эрүүл мэндийн манаанд зогсох мэргэжилтнүүдийн төлөөллийн ерөнхий дүр төрх нь ийм.
Тийм учраас л Монголын эрүүл мэндийн салбар уг үндсээрээ, системээрээ шинэчлэгдэх цаг болжээ.

Солонгосын эмнэлэг

БНСУ-ын эмнэлгүүд хүний төлөө бүхнээ зориулж ажилладаг юм байна. Тэнд хүнд суртал, уур уцаартай байдал огтхон ч алга. Ажилтнууд өөр өөрсдийнхөө үүргийг ягштал биелүүлж ажиллана. Эмч нарын ур чадвар, харилцааны соёл гайхалтай. Өвчтөн болон ар гэрийнхэнтэй нь эелдэг зөөлөн инээмсэглэн харилцах юм. Эмч нарын хувьд нэг л чиглэлээрээ мэргэшээд өөрөөр хэлбэл, бөөрний эмч бол энэ л чиглэлээрээ дагнан ажиллаж, гартаа бүрэн оруулж авдаг.

Тус орны Анагаахын сургууль маш чанга. Оюутнуудынхаа үйлийг нь жинхэнэ үзэж байж төгсгөснөөр эрүүл мэндийн салбарт чадварлаг боловсон хүчин төрүүлдэг гэнэ. Томоохон их сургуулиуд нь дэргэдээ эмнэлэгтэй учраас оюутнуудын хувьд дадлага хийх газар олдохгүй гэх асуудалгүй. Эмнэлгүүд нь Сургуулиа төгссөн болон залуу эмч нараа эмнэлгийнхээ хамгийн сайн эмч нарыг дагалдуулан суралцуулах суралцах замаар ирээдүйн халаагаа бэлтгэдэг. Нэг эмчийг 4-5 туслах эмч байнга дагалдан ажиллах юм билээ.

Корэй их сургуулийн харьяа Анам эмнэлгийн үүдийг олон хоног сахиж суухдаа эмч, сувилагч нар нь амардаг юм болов уу гэж бодож билээ. Байнгын л ажиллаж харагдах. Амралтын өдрүүдийн үүрээр ч өвчтөнөө эргээд л явах. 04.00 цагт ч эмч нар өрөөндөө байж л байна.

Сувилагч нар нь байнгын гүйлдээстэй. Өвчтөнүүдээ эргэж тойроод л даралт, халууныг нь 30 минут тутамд үзэж эмийг нь өгнө, бусад цагт компьютерийн араас салахгүй. Юу хийдгийг нь сонирхвол шинжилгээ үзлэгийн хариу, эмийн тун, жагсаалт, өвчтөний биеийн байдлын талаарх мэдээллээ компьютерт оруулдаг юм байна. Тэрийг нь сүлжээгээр эмч нь хүлээн авч үзээд эмчилгээг нь хэлж өгдөг. Тэгвэл манай улсын төв эмнэлгүүдэд сувилагч нар тэвэр дүүрэн цаас барьчихсан явж харагддаг.

Солонгос эмч, сувилагч нарын хүмүүстэй инээмсэглэн харилцах нь үнэхээрийн сайхан. Тэд лав хөмсөг зангидахыг мэддэггүй байх аа. Өвчтөнөө гараас нь өргөн өрөөнд нь оруулна. Тэд хүмүүсээс уучлалт гуйж чаддаг. Алдаа гаргасан л бол өвчтөнөөс, ар гэрийнхнээс үнэн сэтгэлээсээ уучлал гуйна. Бас талархаж чаддаг. “Манай өвчтөний төлөө их явсан та бүхэнд талархлаа” гэж эмчийн туслах бидэнд  хэлж билээ. Тэгэхэд бид их гайхсан. Монголд бол та нар хүнийхээ төлөө гүйхгүй яах юм гэж хэлээд загнах байсан даа хэмээн өөрийн эрхгүй бодогдсон. Сэхээн амьдруулах тасгийнх нь үүдэнд өвчтөнүүдийн сахиуруудад зориулсан сандал хангалттай бий. Мөн тэднийг шөнөөр амрах өрөөг ч тусгайлан бий болгожээ. Тэрхүү өрөө нь зурагт, хөргөгч, хөнжил, дэртэй. Ер нь эмнэлгийн бүх зүйл өвчтөн, хүний төлөө зориулагджээ.

Ийм л эрүүл мэндийн систем БНСУ-д үйлчилж байна. Энэ нь тус улсын Засгийн газраас эрүүл мэндийн салбараа түлхүү анхаарч дэмжсэний ач гэнэ. 20-иод жилийн өмнө энэ оронд элэгний өвчлөл манайх шиг л байсан гэнэ.

Өнөөдөр бага насны хүүхдийн шарлах өвчин байхгүй болж, элэгний хавдар, хатуурал эрс багассан, мөн элэг шилжүүлэх мэс заслыг дэлхийд тэргүүлэх хэмжээнд хийх болсон нь төрийн зөв дэмжлэг, эрүүл мэндийн оновчтой бодлого, үүрэг хариуцлагаа гүнээ ухамсарласан эмч, ажилтнуудын чин сэтгэлтэй холбоотой” хэмээн Анам эмнэлгийн элэгний эмч Ким Дүн Шиг ярьсан юм. Тэрбээр “Манай төрөөс ард иргэдээ ихэд хайрлан халамжилдаг” гэлээ. Солонгос орны бүх иргэн эрүүл мэндийн даатгалд хамрагдсан, хорт хавдартай хүмүүс нийт зардлынхаа таван хувийг л төлөөд бүрэн эмчилгээ авдаг аж. Төр, засгаас нь өвчтөн, иргэдээ халамжлах, эмчлүүлэхэд шаардлагатай зардалд гар татдаггүй гэсэн үг. Тухайлбал, элэг шилжүүлэх хагалгааны нийт зардал солонгос иргэний хувьд 30 сая төгрөг бол гадаадын хүмүүс доод тал нь 100 сая төгрөгөөр хийлгүүлэх боломжтой аж.

Дээрээс нь иргэдээ өвчнөөс урьдчилан сэргийлэх сурталчилгаа, мэдээллийг хангалттай хийдэг тул хүмүүс нь өвдөхгүйн төлөө тэмцдэг. Хоол, ундаа маш сайн зохицуулж иддэг, дасгал хөдөлгөөн их хийдэг байна. Иргэддээ хотын төвөөр гүйж, дасгал хийх зориулалт бүхий замыг тусгайлан засаж өгчээ. Хүүхдүүдэд цэцэрлэгийн наснаас нь эрүүл мэндийн хичээл зааж эхэлдэг учир солонгосчууд багаасаа өвчний талаар бүрэн ойлголттой, өвдөхгүйн төлөөх арга замуудаа сайн мэддэг болж өсдөг байна.

Эцэст нь, Төрийн түшээдээс ирээдүйгээ бодож, алсыг хараад эрүүл мэндийн салбарыг эрс шинэчлэх төлөвлөгөө боловсруулаад, сэтгэл гарган ажиллаасай хэмээн хүснэм. MCS компанийг шинэ эмнэлэг барьж, Анам эмнэлэгтэй хамтран ажиллах гэж байгаа тухай сонссон. Тэрхүү шинэ эмнэлэгт ажиллах олон эмч сувилагч, ажилтан Анам эмнэлэг дээр дадлага, туршлага хийж байна лээ. Тус эмнэлгийн дайны үйлчилгээ үзүүлэхүйц эмнэлэг Монголд нээгдвэл олон иргэн баярлах байх. Өрсөлдөөн нэмэгдэнэ, тэр хэрээр энэ салбарын хөгжил дээшлэх болов уу.

Д.ДӨЛ

Эх сурвалж: www.mongolianeconomy.mn

 

Д.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж