Монгол улсын засгийн газраас 2003 оныг “Монголд зочлох жил”-ээр зарлажээ. Welcome to Mongolia. Хясахад тэр жил нь өмнөхөөсөө 27 566-аар цөөн хүн манай хилийг алхсан байна. Тэгэхээр нь 2004 оныг “Монголыг нээх жил” болгожээ. Discover Mongolia. Өдгөө энэ үгээр түлхүүр хийгээд интернэтээр хайвал Монголын уул уурхайн тухай голчлон гарч ирнэ. Уул уурхай, мал аж ахуй, аялал жуулчлалын бүсээ тогтоогоогүй Монголын хэвлийг хэн дуртай нь өнөөдөр хаа хүссэн газраараа нээж байгаа билээ. Лондон хотноо өнгөрөгч сард болсон Дэлхийн аялал жуулчлалын үзэсгэлэн худалдаа-“World travel market 2012”- (WTM)-т “Discover Mongolia” уриатай оролцсон Монгол салбарын үзэсгэлэн андуурсан мэт харагдав. Үзэсгэлэн худалдаанд явсан манай хэдэн тур операторт өөрсдөөс нь өөр үзүүлчих юм байсангүй. Орон бүхэн өнгөтэй өөдтэйгөө дэлгэсэн газар хэдэн гэрэл зургаас өөр зүйлгүй суугаа монголчууд “Харин ч энэ жил сайхан оролцож байна” гэцгээв. Аялал жуулчлалын холбооны дэд ерөнхийлөгч Н.Эрдэнэбат “Урьд жил 22 м2 талбай авч байсан бол энэ жил 32 м2 болсон” гэдгийг онцлов. Аялал жуулчлалд улс болгон аливаа бизнесийн жишгээр уриа үгтэй явдаг. Энэтхэг-Incredible India, Тайвань-Heart of Asia, Турк-Unlimited Turkey, Албани-A new Mediterranean love… Аялал жуулчлал гэдэг төсөөлөл, мөрөөдөл зардаг бизнес. Гэтэл тэнд Монголыг төсөөлүүлэх зүйл харсангүй. Харин Монгол улс хэд хэдэн уриа үгтэй аж. МАЖХ-Majectic Mongolia гэдгийг бодож олсон бол Худалдаа аж үйлдвэрийн танхим яаж дутах вэ гэсэн шиг-Inspiring Mongolia-тай. Гадны нэг хүн монголчуудын төрөлх хэл англи биш байтал элдэв гадаад үг бодож олоод уриа хийдэг нь агуулгын хувьд дутуу сонсогддог гэж байлаа. Гэтэл морьтон Монголын уриа баймаар The first horseman – ийг Казахстан эзэмшчихээд урамтай нь аргагүй домбордож суув. Уриа үгийг оновчтой олоод зогсохгүй олон жил улсаас нь бодлоготойгоор хүний тархинд суулгах учиртай. ДНБ-ийхээ жараас дээш хувийг аялал жуулчлалаас олдог улс нутагтаа нэг жуулчин авч ирэхийн тулд 5.45 ам.долларыг сурталчилгаанд зарцуулдаг тооцоо бий. Харин Монголын үндэсний аялал жуулчлалын байгууллага ТББ-ын удирдах зөвлөлийн дарга Б.Индра “2011 онд Монгол Улс 60 цент зарцуулсан” гэв. Үзэсгэлэн худалдаан дээр Монголд өөрийн өнгө төрх, ядаад донж маяг байсангүй. Харин төр нь хэдэн төгрөг гаргаснаа зарлах гэсэн шиг www.mongoliatourism.gov.mn хаягаа томоор бичээд ард нь соёмбо тавьсан байлаа. (Арилжааны утгаараа соёмбо Монголыг төлөөлөх үү?) Энэ хаягаар гадны ганц ч компани бизнес ярихгүй. Гэхдээ манайханд донж байсаан байсан. Хөхөөс аваад цагаан хүртэл толгойтой хэдэн бүсгүйчүүд маань хүнээс дутахгүй бизнес хэлцэл хийсэн. “Tseren tours” компанийн захирал Э.Цэрэндолгорт гадны түнш нь “Төрөөсөө дэмжлэггүй шахам атлаа 20 жил орчим амьд яваа чинь гайхамшиг” гэж хэлжээ. Active adventure Mongolia компанийн Ерөнхий менежер Б.Энхбаатарын “WTM дээр улсаа л сурталчилдаг” гэснээр бол малд хүртэл мөнгө өгдөг засаг маань тэнд “юу” ч хаясангүй. Б.Индра “Үзэсгэлэн худалдаа хаа болж байгаагаас үл шалтгаалаад 10 сая орчим төгрөг л төрөөс гаргадаг. Бусдыг нь хувийн хэвшлүүд өөрсдөө төлдөг” гээд “2020 он гэхэд жилдээ нэг сая жуулчин авъя гэвэл зөвхөн маркетингийн зардлыг таван тэрбум төгрөг болгох хэрэгтэй” гэсэн юм. Хоёрын зэрэг төрийн албан хаагч уг үзэсгэлэнд ном журмаар нь оролцсон бол Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад Монголоос суугаа Элчин сайд Б.Алтангэрэл тасалбарын 52 фаундаа хэмнэж тус бүрдээ 2 800 фаунд төлсөн нутгийнхаа тур операторуудынхаа мандатыг авч зүүгээд морилсон юм.
Active adventure Mongolia компанийн Ерөнхий менежер Б.Энхбаатар “Монголд аялал жуулчлалын бизнес хобби болчихлоо” гэлээ. Монголын аялал жуулчлал машинтай хүн ажилдаа явах замдаа халтуур хийдэгтэй адил болжээ. Үүний шалтгааныг Б.Индра “Аялал жуулчлалын салбарын босго хэт намхан болохоор хүссэн нь орж тоглочихоод гараад явдаг” гэж тайлбарлав. Улсын бүртгэлээр энэ зах зээл дээр одоо 650 гаруй аж ахуй нэгж байна. Австрид ажиллаж, амьдардаг нэгэн бүсгүй ээлжийн амралтаараа тэндээс хэдэн хүн авчирч жил үрэх мөнгө олдгоо бахархал болгож байна. Монгол хүн мөнгө олж байгааг нь дэмжмээр; гэвч төр нь бодлогогүй, яам нь хариуцлагагүй учраас хэн дуртай нь Монголоос мөнгө хийж, “таашаал” авдаг болжээ. Энгэр задгай хүүхнийг урьд “Нийгмийн хонгор” гэдэг байлаа.
Д.БАТБАЯР