Бие даагч гишүүд ЭМЯ-нд ажиллав

Хуучирсан мэдээ: 2012.12.22-нд нийтлэгдсэн

Бие даагч гишүүд ЭМЯ-нд ажиллав

Эрүүл мэндийн яам, ММСС-ийн Эрүүл мэндийн төслийн удирдлагууд хамтран УИХ-ын бие даагч гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нартай салбарынхаа талаар чөлөөт яриа өрнүүлж, “Өглөөний цай” арга хэмжээ зохион байгуулжээ. УИХ-ын гишүүн С.Ганбаатар эрүүл мэндийн салбарын удирдлагууд бол өвчтэй хүмүүсийн эрхийг хамгаалаж яваа хүмүүс болохыг онцолж сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбар тийш шуурхайлан орж ажиллаж байгаагаа хэлжээ.

Тэрээр Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг салбарын эрдэмтэн, мэргэдтэй хамтран боловсруулж УИХ-д өргөн барьж байгаа аж. Эрхэм гишүүн С.Ганбаатар  эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаар санал, гомдол ихээр ирдгийг дурдаж, тухайн салбарт хэрэгжүүлж болох хэд хэдэн санал байдаг талаараа дурджээ. 

Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай болох, орон нутагт явуулж буй үйл ажиллагаандаа иргэн, бизнесмэнүүдийг идэвхтэй оролцуулах, эрүүл мэндийн салбарт хяналт, хариуцлага, үр дүнгийн механизм заавал тогтоох, эмнэлгийн тусламж, үйлчилгээнд зориулж гадаадаас оруулж ирдэг тоног, төхөөрөмжүүдийг ганц компанитай гэрээ хийж чанарын стандарт тогтоон зөвхөн тэндээсээ авдаг болох зэрэг саналыг тэрээр хэлсэн байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн эрүүл мэндийн салбар хөгжлөөс хоцорч буйг  хэлээд анагаахын чиглэлийн их, дээд сургуулийн сургалт, оюутан залуусын мэдлэг, чадварт анхаарах хэрэгтэйг онцолжээ. Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа эмч нарын мэдлэгт цаашид анхаарч, эмчлэх лицензийн шалгалтын агуулгыг өөрчлөх, хариуцлагатай болгох хэрэгтэй байгааг дурдсанаар уулзалт өндөрлөжээ.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж