Эксийг “гомдоож”, МАН-ыг баярлуулсан өдөр

Хуучирсан мэдээ: 2012.12.22-нд нийтлэгдсэн

Эксийг “гомдоож”, МАН-ыг баярлуулсан өдөр

Олон хоног цуурсан цуурагчдын үгээр бол өчигдөр “дэлхий сөнөх” байлаа. Гэвч  мэдээж хэрэг дэлхий сүйрээгүй, ямар ч гэнэтийн зүйл болоогүй. Харин Монголын нийгэм, улстөрийн хувьд олон үйл явдал өрнөсөн завгүй өдөр байлаа. Ингээд долоо хоногийн ажлын эцсийн өдөр буюу ”дэлхий сүйрэх” гэсэн тодотголтой байсан баасан гаригийн үйл явдлыг тоймлон хүргэж байна.

Н.Энхбаярыг “Зайсанд” шилжүүллээ

Клиникийн нэгдсэн II  эмнэлэгт хэвтэж байсан Н.Энхбаярыг хорих анги руу ачих дуулианаар энэ өдөр эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногт болсон шүүх хурлаар Н.Энхбаярт оноосон дөрвөн жилийн хорих ялын хэмжээг бууруулж, 2,6 жилийн хорих ял оноосон. Гэтэл Н.Энхбаярын биеийн байдал муу байгаа гэсэн эмч нарын дүгнэлтээр эмнэлэгт хэвтэх шаардлагатай амь нас нь дээсэн дөрөөн дээр байна мэдээллийг эмч нар нь өгсөн ч Улсын дээд шүүхээс ШШГЕГ-т  өчигдөр албан бичиг ирж,  шүүхийн шийдвэр гүйцэтгэх  буюу Н.Энхбаярыг хорих 401-р ангид шилжүүлэхээр болсон. Үүний дагуу ШШГЕГ  хуулийн дагуу ажиллагаа явуулж, Зайсан дахь хорих 401-р ангид Н.Энхбаярыг шилжүүлсэн юм. Түүний ар гэрийхэн болон намын нөхөд нь “энэ ажиллагаа хууль” бус гэж мэдэгдэж байгаа ч ШШГЕГ-аас хуулийн дагуу хорих анги руу шилжүүлэх ажиллагаа явуулсан гэсэн юм.

Сонгуулийн хуулиа баталж, МАН-ыг бүлэгжүүлэв

УИХ-ын даргын “үүргээр” өнөөдрийн чуулганы хуралдаан ирц сайтай байсан. өнөөдрийн чуулганы хуралдаанаар хоёр чухал хуулийн төсөл батлагдах байсан. Үүний нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулга байсан юм. Шинэчилсэн найруулгаар Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сарын 21-ээс хойш болох юм. Өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулийг тухайн жилийн тавдугаар сард зохион байгуулдаг байсан ч сонгуулийн хуулийг зургаан сарын өмнө батлах ёстой гэсний дагуу зургаан сарын өмнө батлагдаж байгаа учраас ирэх оны зургадугаар сард зохион байгуулах юм байна.

Ирц сайтай хуралдсан чуулганы хуралдаанаар МАН бүлэгтэй болох буюу Ерөнхийлөгчөөс өргөн барьсан УИХ-ын дэгийн тухай хуулийн төсөл олон хоног гацаж, хойшилсоны эцэст нэг юм батлагдлаа.  МАН-ын гишүүд бус “Шударга ёс” эвсэл, ИЗНН-ын гишүүд  МАН-ыг бүлэгтэй болгох хуулийн төсөл өргөн барьсан ч  “ангийн дарга” З.Энхболд нь хэлэлцэх асуудлын тоонд оруулахгүй явсаар өдийг хүрсэн юм.  Энэ байдлыг ажигласан Монгол Улсын Ерөнхийлөгчөөс УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах чухал хуулийн төсөл өргөн барьсан. Энэ хуулийн төсөлд МАН-ыг бүлэгтэй болгох заалтыг оруулж өгснөөр МАН-ынхныг “баярлуулсан”. 

Барьцаалагчийг баривчиллаа

Дархан-Уул аймагт энэ сарын 18-ний өдөр гуравдугаар ангийн хүүхдийг барьцаалж, 100 сая төгрөг эцэг, эхээс нь нэхсэн хэрэг гарсан байна. Сэжигтнийг баривчилсан бөгөөд одоогоор цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна.

Урьдчилсан байдлаар, барьцаалагдсан хүүгийн аав Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газарт ажилладаг бөгөөд аавынх нь ажилтай холбоотойгоор хүүг барьцаалсан гэсэн мэдэгдлийг Цагдаагийн байгууллага өгсөн.

Сэжигтэн хүүг энэ сарын 18-ны 11.30 цагт хичээлдээ явахаар гэрээсээ гарахад нь гарыг нь хүлж, машиндаа суулган хоосон байшинд аваачин эцэг, эхээс нь 100 сая төгрөг нэхсэн бөгөөд эцэг, эх нь цагдаагийн байгууллагад хандсан байна. Гэхдээ сэжигтэн энэ сарын 19-ний оройн 18.30 цагийн орчим хүүг гэрийнх нь үүдэнд буулгаад явсан  бөгөөд  Дархан-Уул аймгийн цагдаагийн байгууллага шуурхай ажиллаж сэжигтнийг баривчлан, шалгаж аж.

Олон хоногийн өмнөөс онцгойлсон энэ өдөр сонирхолтой үйл явдлаар дүүрэн байлаа. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг хорих руу явуулна, явуулахгүй гэсээр олны нэрлэж заншсанаар Зайсангийн дамжин өнгөрүүлэх төвд хүргэлээ. Харин МАН-ын гишүүд албан ёсны бүлэгтэй болж, УИХ бүлгийн тоогоо нэмлээ. Мөн дөрвөн жилд нэг удаа сонгодог Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиа шинэчлэн баталж, төрийн тэргүүнээ ирэх зургадугаар сард сонгохоор боллоо.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж